Хурдан морь, хүчит бөх, эрхий мэргэн харваачдаа угтаад хаа сайгүй наадмын дэнж ногоорчихож. Хотол олноороо үндэсний их баяр наадамдаа зэхэж, омогшиж буй цаг дор Монгол Улсын ахлах засуул Ж.Пэрэнлэйг наадамчин олонтойгоо уулзуулж байна.
Тэрээр Монгол бөхийн дэг жаяг, ёс уламжлалыг хадгалдаг үүрэг хариуцлагыг давхар авч явдаг засуулаар 20 гаруй жил ажиллажээ. Ер нь л түүний амьдралын бүхий л зам мөр үндэсний бөхтэй салшгүй холбогдож иржээ. Зассан бөхөө давах, өвдөг шороодоход адилхан л догдолж түгшээд малгайг нь бариад залбирч зогсдог хүмүүс бол засуул аж.
360 МЯНГАН КМ ЗАМ ТУУЛЖ БАЙЖ НОРМ ДУУСДАГ ХОЁР ЗИЛ 130-ЫГ “ДУУСГАСАН”
Ж.Пэрэнлээ “Би хөдөө заяатай хүн. Хөдөө л явж байвал болох нь тэр. Тэр ч утгаараа 30 гаруй жил тээврийн тэрэг жолоодохдоо очоогүй аймаг, сум бараг үлдээгүй дээ. Хотод төөрч будилаад байдаг бол хөдөө нэг явсан газраа андахгүй.
Дов сондуул, ширхэг чулууг нь танина” гэлээ. Бидний яриа ингэж эхэлсэн нь учиртай. Ахлах засуул Ж.Пэрэнлээ нутаг явж ирээд удаагүй байгаа аж. Тэрээр Говь-Алтай аймгийн Дэлгэр сум орж төрсөн газраа эргээд ирсэн тухайгаа “Би Дэлгэр сумын Баян-Өндөр багийн нутаг Довын шанд гэдэг газар төрж өссөн. Уг удам маань сүм хийдээр олон жил шавилан сууж байсан лам язгууртай.
Манай удамд маарамба, зурхайч хуварга хүмүүс байсан ч тухайн үедээ хэлмэгдэж буруутаж байсан үе бий. Аав маань малчин ард гаралтай, лам язууртай хүн байлаа. Ер нь бол тайж угсааных гэж хэлж болно. Харин ээж Нанжид гэж эгэл жирийн Монгол бүсгүй байсан. Ер нь ээжийн талынхан их урт насалдаг. Эмээ, ээж хоёр 97 хүрсэн. Би эцэг эхээс наймуулаа.
Эрэгтэйгийн хамгийн бага нь. Коммунизм байгуулах гэж явсан дарангуйллын үед өсч төрсөн болохоор юм юмны захыг мэдэрч л явсан. Хүн уг үндсээ мартахгүй сахин хамгаалж, үр лүүхэд нь өвлөн үлддэг нь жам юм. Тиймээс удам угсаагаа тасалдуулахгүй буддын шашингаа шүтэж, олон түмэнд тус хүргэх гэж хичээж явна” гэлээ.
Ж.Пэрэнлэйгийн бага нас бусдын л нэгэн адил хөдөө ахуйд өнгөрчээ. Дараа нь цэргийн алба хааж, хотод эсгий гутлын үйлдвэрт ажиллаж байсан байна. Үйлдвэрт өндөр нормоор ажиллаж хоёр ч удаа үйлдвэрийнхээ Хөдөлмөрийн аварга болж байсан удаатай. Харин 1978 оноос 22 дугаар баазад жолоочоор ажиллаж 3ИЛ 130 машиныг 30 гаруй жил жолоодсон байна.
Тэрбээр энэ тухай “ЗИЛ 130-аас өөр машин жолоодож байсангүй. Том тэргийг бол унтарчихвал модоор зороод асаахаас бусдаар яаж ийж байгаад хөдөлгөчихнө дөө. Нэг машин 360 мянган км зам туулж байж норм дуусдаг бол би лав хоёр машины норм дуусгасан” гэлээ.
Тэдний удамд нэртэй хуварга, аймаг сумын цолтой босоо бөхчүүд цөөнгүй байсны нэгэн илэрхийлэл нь Ж.Пэрэнлээ юм. Тэрээр бурхны ном, бөхийн талын удмаа алийг нь ч тасалдуулаагүй аж. Бага залуудаа сум, баг, заалны барилдааныг алгасдаггүй байж. Тээвэр хийж явахдаа наадам таарвал зодоглочихно. Харин хотод ирээд зав чөлөө л гарвал Спортын төв ордонд өнждөг байсан гэнэ.
“ЗАСЧ БАЙГАА БӨХ УЛСЫН ЦОЛОНД ХҮРЧИХЭЭД МАЛГАЙГАА АВАХАД СЭТГЭЛ Д ҮҮРЭЭД Л ИРДЭГ”
Бөхийн спорттой холбогдсон тухайгаа “Бага залуудаа их ноцолддог байсан. Заалны барилдааныг бараг алгасахгүй. Сонирхол хэчнээн байсан ч олигтой барилдаж чадахгүй, аманд гараад уначихдаг байлаа. Бөхийн спортоос салж чадахгүй байсан учраас сүүлдээ засуул больё гэж шийдсэн. Манай ах нараас бол аймаг, сумын цолтой бөхчүүд бий.
Өөрөө барилдаж чадахгүй ч олон залуусыг бөх рүү уруу татсан. Улсын начин Б.Пүрэвийг л гэхэд Спортын төв ордны утасны дугаарыг бичиж өгөөд хөтөлж оруулж байлаа. Ер нь манай монголчууд айлаас хүү төрвөл бөх болоорой гэж бэлгэшээдэг ард түмэн. Бөххүн байгалиас оноосон төрмөл авьяастай байдаг” гэсэн юм. Улсын цолтнуудыг ажилласан жил, эрэмбээрээ засдаг гэнэ.
Засуул хүн үнэн зөв хардаг, шударга шүүдэг, үүргээ биелүүлдэг, хүнийг таньдаг гээд засуул хийх шалгаруулалт нарийн байдаг аж. Харин 20 гаруй жил бөхийн засуул хийхдээ 6014 бөх ес хоног барилдаж геннисийн номонд бүртгэснээр бахархдаг гэлээ.
Анх засуул хийсэн тухайгаа дурсахдаа “Анх сумын цолтой залуу бөхчүүдийн барилдаанд засуул хийж байсан. Хамгийн анх гурвын даваан дээр аймгийн арслан Адьяахүү гэж шавилхан биетэй залууг аваад гартал аймгийн арслан хоёр метр гаруй өндөр Ж.Оргилболд амлачихаж. Жигтэйхэн том, жижиг хоёр хүн таарлаа. Ж.Оргилболдыг манай аймгийн Мөнхөө аваад гарсан.
Мөнхөө барилдааныг нь зогсоож байгаад “Амаа ангайчихаад яаж барилддаг юм. Амаа ангайчихаад юм өргөвөл даах уу. Шүдээ зууж байж хүч гарна. Амаа ангайж байгаад хэл амаа хазчихвал яах вэ” гэж хэлж байсан. Энэ мэтээр малгайг нь авч гарсан бөхдөө зөвлөх, санаа оруулах үе бий. Ер нь засуул хүн бол малгайг нь засч байгаа хүнээ аль болох давуулахыг л эрмэлзэнэ.
Өрсөлдөгч бөхийн онцлог, дархан мэх гээд бүхий л талаас нь зөвлөнө. Бөхчүүдийн дархан мэхийг бүгдийг л судалсан даа. Бөх маань өвдөг шороодчихоод ирээд малгайгаа авахад сэтгэл гонсойно. Засуулыг нь хийж байхад олон ч бөх улсын цол авсан даа. Увсын Алтансүх, Баянхонгорын Батболд харцага гээд улсын цолонд хүрсэн хүмүүс олон.
Засч байгаа бөх маань улсын цолонд хүрчихээд малгайгаа ирж авах сайхан. Сэтгэл дүүрээд л ирдэг. Олон жил засуул хийхэд бөхчүүдийг ямар мэх хийдгийг мэддэг болчихдог. Бөхчүүд яаж барилдахаа мэддэг ч хажуугаас нь зөвлөж санаа оруулдаг. Ялангуяа, залуу бөхчүүдэд санаа оруулахыг хичээдэг. Унасан, давсан нь шударга байх ёстой.
Тиймээс засуул хүн бөхдөө юу хэлж зөвлөх, ямар хэмжээнд засах ёстой гэдгээ мэдэж байх учиртай” гэлээ. Улсын наадамд цолчин засуул гэж тусдаа байдаг ч Ж.Пэрэнлэй 20 гаруй жил бөх засахдаа аймаг, суманд олон ч удаа бөхийн цол дуудсан байна. Цол дуудах ёс уламжлалын талаар “Засуул хүнд цол дуудна гэдэг сайхан. Би өөрийгөө хэдийгээр уртын дуу дуулдаг ч цол дуудахдаа хоолойны өнгөө хувиргаж болдоггүй.
Нэг бөхийн цол дуудахад 4-5 уртын дуу дуулсантай тэнцдэг учраас маш их хөдөлмөр, тэвчээр шаарддаг. Өөрөөр хэлбэл, дуулж байхдаа амьсгаа авч өнгө өөрчлөх боломжгүй. Бөхийн цол чимгийг дуудахад нутгийн ард түмэн, нутаг ус харж ивээж байдаг.
Нутаг, усных нь нэрээр дуудахад лус савдаг нь баярладаг болов уу гэж боддог” гэсэн юм. Ж.Пэрэнлэй үндэсний бөхийн дэг журмын дагуу 60 гаруй наслаад хүндэт засуулын суудалд шилжсэн ч “Хөлстэй малгайг нь бариад бөхчүүд дундаа алхахад хийморь сэргээд сайхан байдаг. Монгол бөхийн босоо цагаан хийморь гэж бий. Одоо бол хэдийгээр засуул хийх санаа байсан ч хөгшин хүн даирагдчихна гээд хүүхдүүд дургүй байх юм” хэмээсэн юм.
“ХӨВГҮҮДЭЭ ЧИ ОЧООД БАРИЛД ГЭЖ ХЭЛЭХ ЮМ БОЛ БАРИЛДАХГҮЙ”
Ж.Пэрэнлэйгийн бөхийн удам үе дамжин үргэлжилсээр байгаа аж. Таван хүүхдийнх нь гурав нь бөх сонирхож, хичээллэхийн зэрэгцээ чамлахааргүй амжилт гаргажээ. Том хүү П.Эрдэнэпүрэв 20 насандаа аймгийн арслан цол хүртэж байсан бол бага хүү П.Эрдэнэбаяр аймгийн заан цолтой.
Харин том охин нь жүдочин бүсгүй байдаг аж. Хүүхдүүдийнхээ талаар “Би бол хүүхдүүдээ ач зээ нараа барилдуулах сонирхолтой. Ээжийн талын мундаг бөхчүүдийн удам бий байх гэж боддог. Гэхдээ биеийг нь төрүүлэхээс ухааныг нь төрүүлэх биш гэдэгчлэн тэр бүр барилдахгүй юм.
Бүгд л амьдралаа бодоод хувийнхаа бизнесийг хийгээд явж байна. Хөв-гүүдээ чи очоод барилд гэж хэлэх юм бол барилдахгүй. Аавыг наадамд очвол барилдаж чадахгүй. Аавыг очихгүй бол барилдана гэж ярьдаг” гэсэн юм. Ж.Пэрэнлэйгийн гэр бүлийн хүн П.Дуламсүрэн гэж гялалзсан хөгшин байна.
Сүхбаатар аймгийн Асгат сумын хүн гэнэ. Савхин эдлэлийн үйлдвэрт эсгүүрчин хийж байгаад одоо хоёулаа гавьяаны амралтдаа гарч ач зээ нараа тойруулан жаргаж сууна. Бидний яриа буцаад л наадам, бөхчүүдийн дэг жаягийн талаар үргэлжлэв.
Тэрбээр “Намайг бага байхад ээжийн талын бөхчүүд ярьдаг байсан. Гуяа алгадахад хүртэл учир утгатай. Гуяныхаа урд талыг алгахдаа “ Наадмын түрүү бөхтэй бүү таар гэх буюу өөрөө түрүүлнэ гэсэн зорилготой. Харин гуяныхаа ард тал дээр ямар ч хүнийг хаядаг дархан мэхэнд бүү ороосой гэж алгаддаг гэж.
Дахиад алгадахдаа аавынхаа авч чадаагүй цолонд чамайг хаяж хүрнэ гэсэн тангарагтай юм билээ. Дээр үед арван засаг, долоон хошуу даншиг наадам гэж болдог байсан. 1842 онд Чингисийн удмын Батмөнх даян хааны хүү Гэлсэнсан долоон хүүтэй байж.
Тэр үед тархай бутархай байсан монгол туургатнууд нэгдэж наадам хийж эхэлсэн. Долоон хошуу даншиг наадам гэдгийг 1642 онд анх хийсэн гэж үздэг. Харин үндэсний бөх хэдийнээс барилдаж эхэлсэн гэвэл түүх ч гүйцэж мэдэхгүй олон зуун жил давтагдаж ирсэн том соёл” гэж наадмын үүх түүхийн талаар ярьсан юм.
Ахмад засуулаас энэ жилийн наадмын өнгө болоод үндэсний бөхийн талаарх сэтгэгдлийг нь сонирхоход “Энэ жил Санжаа аваргыг сайхан барилдах байх гэж бодож байна. Гэхдээ л өнгөтэй, чадвартай залуу олон байна.
Олон түмэн амар амгалан, монгол бөхчүүд талцахгүйгээр тайван сайхан барилдаасай гэж хүсч байна даа. Төр наадмаа хийх ёстой. Харин допингийн шинжилгээний асуудлыг цэгцлэх цаг болсон гэж бодож байна. Хүмүүсийн шүүмжлээд байдаг найрааны асуудал дээр бол эсрэг байр суурьтай байдаг. Яахав нутгийнхаа сайхан барилддаг шинэ залуу бөхийг дэмждэг нь эрт үеэсээ байсан зүйл.
Буруу зүйл биш. Танай сониноор нэг зүйлийг дамжуулж хэлэхийг хүсч байна. Рагчаа гарьдаас допинг илэрсэн гээд 10 жилийн дараа Магалжавт заан, Уламбаярт харцага цол өгсөн. Мөн Говь-Алтай аймгийн Тонхил сумын Б.Суманчулуун, Архангайн Н.Адьяабат нараас допин илэрсэн гээд цолыг нь бүр мөсөн хассан. Гэтэл өмнө нь допинг илэрч байсан гэсэн өөр бөхчүүдийн цолыг хурааж, эрхийг хасаагүй.
Тиймээс бөхийн аль ч холбоо гарсан энэ хоёр бөхийн цолыг эргүүлж өгөөч гэж хүсч байна” гэсэн үгийг дайсан юм. Монгол бөхийн дэг жаяг, ёс уламжлалыг хадгалж, түгээн дэлгэрүүлэхэд үнэтэй хувь нэмрээ оруулж яваа ахмад засуулын амьдралын тойргоор аялахад ийм. Нийтлэлийн баатрын маань хэлсэнчлэн Монгол түмэн минь хотол олноороо, дэнж хотойтол сайхан наадаарай.
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
С.Уянга