ДОЛОО ХОНОГИЙН ТОЙМ (2017.03.20-04.02)
Ердийн биш гэмт хэргүүд: Өнгөрөгч долоо хоногийн даваа гариг олон нийтийг хэд хэдэн гэмт хэргийн мэдээгээр угтав. Цайз захын замд уралдаж явсан машин тормоз муугаасаа болон урсгал сөрж, замын хамгаалалтын хашлага мөргөн, улмаар ойролцоох ШТС-ын баганыг мөргөн шатсан. Азаар хүний амь эрсдэж, ШТС дэлбэрсэнгүй гэх аймшигт мэдээтэй зэрэгцээд бусдын фэйсбүүк хаягыг ашиглан найзуудаас нь мөнгө зээлж залилан хийсэн зургаан залууг шалгаж эхэлсэн талаар Цагдаагийн эх сурвалж мэдээлэв.
Нийгмийн сүлжээг залилан хийх гүүр болгон ашиглаж, 20-иод иргэний хаягаас арван сая төгрөг залилсан залуус 20-25 насныхан. Мөн өдөр гэртээ харьж явсан охиныг машинтай залуус хулгайлахыг завсан хэрэг Баянзүрх дүүрэгт гарсан бол хэвийн биш гэмт хэргийн мэдээгээр эхэлсэн энэ долоо хоногийн лхагва гаригт орон нутагт нэгэн эмэгтэй өөрийгөө шатаан амь эрсдэв. Талийгаач бүсгүй Завхан аймгийн Тэс сумын ЗДТГ-т ажиллаж байгаад ажлаасаа халагдсан аж.
Нутаг нуга, жалга довын үзлээр хуваагдаж талцсан өнгөрсөн 20 гаруй жилд нам эвслийн өнгөөр ялгаравлан гадуурхах үзэгдэл хэвшмэл зүйл болж, төрийн албаны залгамж халаа “угаагдан” арилсан ч, хэн ч онцлон харж, арчилж тордох алхам хийсэнгүй. Талцал хуваагдлыг улам бүр төгс төгөлдөржүүлэх ажилдаа анхаарч ирсэн байх юм. Улс төржих, намчирхах үзэлд хот суурингаас илүү гүнзгий автсан хөдөө орон нутагт амиа хорлосон хөөрхий бүсгүйн үхэл харин монголчуудад энэ бүгдэд цэг тавьж чаддаггүй юм гэхэд тодорхой хэмжээнд хязгаар тогтоохыг сануулж өгөх шиг болов.
Хүргэн Г.Дэнзэнд 5-10 жил хорих ял төлөвлөжээ: Ажил амьдралын туршлага, хат сууж, асуудлын голыг олоод шийдчих наснаасаа эрт, хэт залуудаа (27 нас) төрийн өндөр албан тушаал хашин, эрх мэдлээ хувийн сонирхолдоо ашиглаад бүдэрсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийн хүргэн, ЗГХЭГ-ын дэд дарга асан Г.Дэнзэнгийн шүүх хурал мягмар гаригт (2017.03.29) Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анханд шатны шүүхэд эхлэв. “Эрдэнэс Тавантолгой” компанийн тендерт эхнэрийнхээ компанийг ялуулж, 17 тэрбум төгрөгийн ажил үйлчилгээ авч өгсөн хүргэн Г.Дэнзэнгийн хэрэг гурван жил олны анхаарлын төвд байсан ч шүүх хурлаас тоотой хэдхээн хэвлэл сурвалжлага хийлээ.
Г.Дэнзэн болон “Эрдэс Тавантолгой” компанийн гүйцэтгэх захирал Я.Батсуурь нарын хэргийг шүүгчид мягмар гаригаас баасан гариг хүртэл бүтэн дөрвөн өдөр өглөөний 10:00 цагаас үдэш орой болтол хэлэлцээд барсангүй. Хурал даваа (2017.04.03) гаригт 09:00 цагт үргэлжилнэ. Хэрвээ шүүгдэгчид шүүхээс ял сонсвол ихдээ 5-10 жил хоригдох шийтгэлийг прокурор санал болгосон байгаа.
Шүүхэд 17 тэрбум төгрөгийн тендерт ялсан “Говь повер” компанийг өөрийн эхнэрийн компани гэж огт мэдээгүй хэмээн мэдүүлж буй Г.Дэнзэнг өмгөөлж Н.Алтанхуяг ганц ч үг дуугарсангүй. Олон нийтийн сүлжээг идэвхитэй ашиглаж, байр сууриа байн байн илэрхийлдэг Н.Алтанхуяг шүүх хурлын гурав дахь өдөр цахим хуудастаа “Таван сарын өмнө Ерөнхийлөгчид нэр дэвшихээ илэрхийлснээс хойш олон л юм боллоо. Мохоох гэж янз бүрээр л оролдож байна. Гэсэн ч би нэр дэвшинэ гэсэн шийдвэр дээрээ хатуу байгаа” гэсэн сулхан үгтэй зурвасыг л үлдээжээ.
Төлбөр тооцооны шинэ үе: Нийтийн тээврийн бэлэн мөнгөний хайрцаг “жагсаалаас гарч”, ням гаригийн (2017.04.01) өглөөнөөс төлбөр хийж байгаа үйлчилгээний байгууллагын төхөөрөмжинд гар утсаа ойртуулж, төлбөрийн шилжүүлэг хийдэг NFC (ойр зайн холболт) технологид байр сууриа тавьж өгөв. Ингэснээр иргэд төлбөр тооцооны картын шинэ хөгжилтэй нүүр тулж байна. “Улаанбаатар Смарт карт” ХХК шинэ үйлчилгээнд зориулж амьжиргааны түвшингээс доогуур орлоготой иргэдэд 20 мянган төгрөгийн картыг үнэгүй тараах гэнэ.
Автобусны тасалбарыг орлох карт борлуулах цэг нийслэлд 499 байгаа ба тэд өглөөний 06.00 цагаас оройны 19.00 цагт ажиллаж, карт цэнэглэх бүрт хоёр хувийн урамшуулал өгнө. Том хүн болон хүүхдэд зориулсан сарын хугацаатай хязгааргүй багцтай карт худалдаанд гарсан. Том хүн 25 мянган төгрөг, хүүхэд 8 мянган төгрөгөөр картаа цэнэглэсэн тохиолдолд, сарын турш хязгааргүй зорчино гэж зохион байгуулагчид мэдээлэв.
Алдарт “Чалко”-тай данс дугуйлав: 2011 оны долдугаар сараас түүх нь бичигдсэн Сү.Батболдын Засгийн газарт “овоглогддог” БНХАУ-ын төрийн өмчит “Чалко” компаниас авсан 350 сая ам.долларын зээлийг Ж.Эрдэнэбатын Засгийн газар төлж барагдуулснаа өнгөрөгч долоо хоногт зарлав. “Эрдэнэс Таван толгой” ХК-наас нүүрс худалдах, худалдан авах гэрээний урьдчилгаа төлбөр болж орж ирсэн энэ зээл Хүний хөгжлийн санд төвлөрч иргэдэд “Эх орны хишиг” нэрээр тараагдсан.
Үүнээс хойш Тавантолгойн ордоос олборлох хар алтны хэрүүл тасраагүй. Харин МАН-ын Засгийн газар “Чалко”-тай данс дугуйлсан амжилтаа “Шинэчлэлийн Засгийн газрын 2012 онд өөрчилж, нэг тонныг нь 25 ам.доллараар гаргаж байсан нүүрсийг 75.1 ам.доллар болгон нэмэгдүүлж чадсанаар өрөө төлсөн” гэсэн онцлох өгүүлбэрээр хачирлав.
Одоо “Эрдэнэс тавантолгой” ХК-ны эдийн засгийн үр ашиг дээшилсэн Олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх, энэ онд багтан нэг сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулах ажил бас эхэлнэ гэв. Баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд таван сая тонн нүүрс боловсруулна гэсэн тооцоо гарсан байна.
МАН “Эрдэнэт”-ийн хувь заяаг хааш нь залах вэ: Баасан гаригт Засгийн газар “Монголын зэс” корпорацийн мэдэлд хууль бусаар очоод есөн сар болсон жилд 26 сая тонн хүдэр боловсруулж 530 орчим мянган тонн зэсийн баяжмал, 4.5 орчим мянган тонн молибдены баяжмал үйлдвэрлэдэг “Эрдэнэт” үйлдвэр ХХК-ийн 49 хувийг төрийн мэдэлд бүрэн авлаа. Наад талаас нь харвал “Монголын зэс” корпорацийг төлөөлдөг, цаад талдаа бол ХХБ-ны хүмүүс гэсэн тодотгол зүүж явсан Да.Ганболд, О.Орхон, М.Мөнхбаатар нарыг ТУЗ-өөс чөлөөлснөөр, уулын баяжуулах “Эрдэнэт” үйлдвэр 100 хувь төрийн төлөөлөлтэй болов.
Хоёр улсын хамтарсан үйлдвэрийн хувийг аль нэг тал нь зарахаар бол заавал Засгийн газар, УИХ-аар хэлэлцүүлэх ёстой. Монгол Улсад мөрдөгдөж байгаа хууль эрх зүйн актуудад энэ талаар тодорхой өгүүлсэн байдаг ч ОХУ-ын мэдлийн 49 хувийг худалдах ажиллагаанд энэ процесс үйлчлээгүй байдаг. Тиймээс АН-аас бусад улс төрийн нам эсвэл жирийн иргэд ч энэ наймааг хийгдсэн өдрөөс нь луйвар хэмээн үзэж байсан юм.
“Эрдэнэт” үйлдвэр бол Тавантолгой, Оюутолгой болон бусад уурхай ашилалтад орохоос өмнө дангаараа улсын төсвийн 40 орчим хувийг бүрдүүлж байсан улс орны эдийн засагт чухал нөлөө үзүүлдэг том аж ахуйн нэгж юм. Одоо ашиглаж буй баруун хойд болон төвийн орд нь 25 жилийн нөөцтэй. Шандын орд болон зарим овоолгыг дахин ашиглахад 40 орчим жил ажиллах боломжтой.
Уурхайчин соёлын ордон, Спорт комплекс, Амралтын бааз, Эрдэнэт сувиллын цогцолбор, Технологийн сургууль, Энэрэл төв, Орос сургууль, цэцэрлэг зэрэг харьяа байгууллагуудтай. Эдгээрт мянга мянган хүн ажиллаж, амьдралаа залгуулдаг. Өнөөдрөөс олон нийт МАН хэдийгээр санасандаа хүрсэн ч, 100 мянган хүн амтай хотыг бүхэлд нь хөдөлгөдөг “Эрдэнэт” үйлдвэрийн хувь заяаг зөв залж чадах уу, үгүй юу гэдгийг хянаж эхэллээ.
Цаг үе, үйл явдлын хачир: Үүнээс гадна өнгөрөгч долоо хоногт УИХ-ын М.Энхболд Япон Улсад албан ёсны айлчлал хийж, Засгийн газрын ОУВС-тай хамтран хэрэгжүүлэх санхүүгийн хөтөлбөрийн хүрээнд тус улсаас 850 сая хүртэл ам.долларын нэн хөнгөлөлттэй зээл олгох тухай хэлэлцээд ирсэн бол баасан гаригт “Ард түмний онц зөвлөл” Сүхбаатарын талбайд оффшорчдыг эсэргүүцсэн тайван жагсаал зохион байгууллаа.
Мөн олон нийтийн сүлжээнийхэн “Гайхал Трамп монголчуудад АНУ руу визгүй зорчих эрх олгов” гэсэн хоосон цуурхалд төөрөлдөж, хариуд нь Улаанбаатар дахь АНУ-ын Элчин сайдын яам “уг мэдээлэл худал” болохыг зарласан. УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийн талаар хэвлэлийн хурал хийсэн гэх мэт цаг үеийг мартууламгүй элдэв хачиртай үйл явдал тасарсангүй.
Өнөөдөр (2017.04.02) амралтын өдөр. Гэсэн хэдий ч энэ ням гариг дуулиан шуугианаараа бусад өдрүүдийг урдаа оруулчихгүй байх. Энэ өдөр 2016 оны УИХ-ын сонгуулиас хойш тасралтгүй сонгуульдан, туйлдаж орхисон АН-ын дотоод сонгууль явагдаж байна. Даргаа сонгоход 250 сая төгрөгийн татаас авсан, Нийслэлийн АН-ын даргын суудлаа 90 саяар үнэлсэн гэх мэт дайвар заргатай АН-ын дотоод сонгууль олон нийтэд өнөө шөнөдөө биш юм гэхэд маргааш ямар нэгэн юм дуулгахдаа л нэг дуулгах биз ээ.
2 comments
Олон хулгайчийн хуу хургэн энэ байтугай хулгайлаад шинэ монгол болоод амар жимэр явж л байна. Дэнзэн жаахан буруу одор хургэн орчоо юу даа.
cukllF http://www.LnAJ7K8QSpkiStk3sLL0hQP6MO2wQ8gO.com