Увс аймгийн хэмжээнд цэцэрлэгийн насны 8150 хүүхэд байгаагийн 974 нь буюу 11.6 хувь нь сургуулийн өмнөх боловсролын үйлчилгээнд хамрагдаж чадахгүй байна. СӨБ-ын үйлчилгээнээс гадуур байгаа эдгээр хүүхдүүдийн 65 хувь нь Улаангом суманд, үлдсэн нь алслагдмал суурьшилтай малчдын хүүхдүүд аж.
Өөрөөр хэлбэл, цэцэрлэгт хамрагдаж чадахгүй байгаа хүүхдүүдийн 35 хувийг малчдын хүүхдүүд эзэлж байна. Эдгээр хүүхдүүдэд СӨБ-ыг зуны улиралд эзэмшүүлэх зорилгоор хувилбарт сургалтын хүртээмжийг нэмэгдүүлэхэд анхаарч байгаа бөгөөд 2017-2018 оны хичээлийн жил өндөрлөсөн энэ цаг үед хөдөө сумдад гэр цэцэрлэгүүд сургалтын үйл ажиллагаагаа явуулж байна.
“Энэ жил Увс аймгийн 19 суманд нийтдээ 73 гэр цэцэрлэг ажиллаж малчин өрхийн 1980 хүүхэд СӨБ эзэмшиж байна. Гэр цэцэрлэгээр дамжуулан алслагдсан багийн малчдын хүүхдүүдэд СӨБ-ыг олгож байгаа нь сайшаалтай ч сургалтын чанар, хүртээмжийн асуудалд анхаарах, шинэчлэх зүйл олон байна” хэмээн аймгийн БСУГ-ын СӨБ хариуцсан мэргэжилтэн Э.Алтанцэцэг хэллээ.