Өнгөрсөн Мягмар гарагт ДАШТ-ий хэсгийн тоглолт Аргентин-Нигерийн багуудын хооронд болсны дараа Аргентины домогт хөлбөмбөгчин Диего Марадонаг зүрхний шигдээс өвчнөөр нас барсан тухай мэдээ интернэтээр тарсан юм.
Тэр уг тоглолтын үеэр дарс хүртэн согтож, Нигерийн фэнүүдтэй цуг бүжиглэж байснаа тоглолтын дундуур суудал дээрээ зүүрмэглэжээ. Дараа нь сэрмэгцээ суудлаасаа боссон Марадона хөгжөөн дэмжигчид рүү хараал хэлж, хажууд нь суугаа хүмүүс түүнийг зогсоож байв. Улмаар Аргентины баг хожлын гоолыг хийхэд хөөрч баярласан түүний цусны даралт нэмэгдэж, эмнэлгийн тусламж авахад хүрсэн юм.
Тоглолтын дараа 1986 оны дэлхийн аваргын бие хэвийн болж, хувийн онгоцоороо Москва руу ниссэнийг ойрын эх сурвалжууд мэдээлж байв. Марадонаг цагаан дарс хэтрүүлж ууснаас элдэв хачин ааш авир гаргасан гэж тайлбарлажээ.
Гэвч энэ явдлын дараа Марадонаг нас барсан гэх хуурамч мэдээлэл испани хэл дээр тарсан байна. Тэгвэл өчигдөр түүний өмгөөлөгч мэдэгдэл гаргаж, энэхүү хуурамч мэдээллийг анх тараасан хүнийг олж өгвөл 300,000 песогоор ($10,000) шагнахаа амлажээ.