2018 оны ДАШТ-д оролцсон Өмнөд Солонгосын шигшээ багийнхан тэмцээнээ дуусгаад өчигдөр буюу Баасан гарагт нутагтаа хөл тавьсан юм. Тэд хэсгийн эхний хоёр тоглолтдоо хожигдсон ч сүүлийн тоглолтод өмнөх дэлхийн аварга Германы багийг 2:0 харьцаагаар хожсон билээ.
Гэвч энэ гавьяа зарим хөгжөөн дэмжигчдэд нь хангалтгүй санагдсан бололтой. Инчеоны олон улсын нисэх буудалд газардсан багийнхан руу цөөн тооны өндөг шидэж эсэргүүцлээ илэрхийлжээ. Гэхдээ энд цугларсан 500 орчим дэмжигчдийн дийлэнх хэсэг нь багийнхаа амжилтад талархаж байсан юм.
Багийнхан руу эхлээд нэг өндөг шидэж, дараа нь Британий далбаатай дэр шидсэн байна. Дараа нь багийн гол баатар Сон Хюн Минийг үг хэлж байхад дахин нэг өндөг шидэж, түүнийг онох дөхсөн юм.
Багийн дасгалжуулагч Шин Тэ Ён “Бид долдугаар сар гарахаас нааш эх орондоо эргэж ирэхгүйг хичээж байсан ч зургаан сард ирсэндээ харамсаж байна. Фэнүүдийнхээ дэмжлэг, хайранд талархаж байна. Та наргүйгээр бид энэ амжилтыг гаргаж чадахгүй байлаа” гэж ярьжээ.
Сон Хюн Мин “Хасагдах шатанд шалгарч чадаагүйдээ фэнүүдээсээ уучлал гуйж байна. Гэхдээ Германы багийг ялсан нь бага ч гэсэн амжилт гэж найдаж байна. Бид энэ өчүүхэн амжилтандаа ханахгүйгээр цаашид хичээн хөдөлмөрлөх болно” гэж хэлсэн юм. Өмнөд Солонгосын шигшээ баг 2014 оны Бразилын ДАШТ-д нэг тэнцээ, хоёр хожигдолтой буцаж ирээд үүнээс ч олон өндгөөр шидүүлж байжээ.
Эх сурвалж: Russia Today