Есөн настай хүү гэрийнхээ ойролцоох эмийн сангийн хаалгыг татахдаа тогонд цохиулж амиа алдсан хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэст шалгаж байна. II сургуулийн сурагч, есөн настай А найзуудтайгаа хөөцөлдөн тоглож байх үедээ эмийн сангийн шатаар өгсөж, хаалганаас нь барьж аваад, эргэж сэрээгүй юм. Ослын газарт нийслэлийн Мэргэжлийн хяналтын газар, “Улаанбаатар цахилгаан түгээх сүлжээ” компанийн холбогдох албаныхныг оролцуулан үзлэг хийхэд богино холболт үүссэн цахилгааны утас 231 вольтын гүйдэлтэй байсныг тогтоосон байдаг.
Шалбарсан цахилгааны утасаа янзлаагүй эмийн санг түрээслэгч, түрээслүүлэгчийн аль аль нь буруутай гэдэгт олон хүн санал нийлнэ. Гэхдээ хэн хариуцлага хүлээх вэ гэдэг нь олны анхаарлын төвд буй. Харамсалтайгаар амь насаа алдсан хүүгийн үхэлд цагдаагийнхан “Эрүүгийн хуулийн 10.6-р зүйл ангиар хэрэг бүртгэл нээн шалгаж эхэлжээ. Хариуцлага хүлээлгэх асуудлын тухайд прокурор бүрдүүлсэн нотлох баримтдаа үндэслэн хэргийг зүйлчилэх бөгөөд эмийн сангийн түрээслэгчийн буруу юу, түрээслүүлэгчийн хариуцлагын асуудал уу гэдэг нь шалгалтын явцад тодорхой болох аж.
Эрүүгийн хуулийн 10.6-д зааснаар “Хууль, түүнд нийцүүлэн гаргасан захиргааны хэм хэмжээний акт, хэлцлээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, эсхүл бусад болгоомжгүй үйлдэл, эс үйлдэхүйн улмаас хүний амь насыг хохироосон бол нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ. Энэ гэмт хэргийн улмаас хоёр, түүнээс олон хүний амь насыг хохироосон бол хоёр жилээс найман жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заажээ” хэмээн зүйчилжээ.