Орхон аймгийн энэ жилийн наадмын талбайд дартс тоглоом, нум, сум харвах, бай онох, буудлага, машин, мотоцикл унуулах, шоо хаях зэрэг бооцоот тоглоом тоглуулах, архи тамхи худалдаалахыг хориглолоо.
Аймгийн МХГ-ын мэдээллийн санд бүргтгэлтэй аж ахуй нэгжүүдэд шаардлагын дагуу зөвшөөрөл олгох юм байна. Мөн хоол үйлдвэрлэлтэй холбоотой, хүнсээр дамжих гэдэсний халдварт өвчин дэгдэлт нэмэгдэх болсон тул хоол үйлдвэрлэл үйлчилгээнд, чанасан өндөг, кимбаб, өндөгний орцтой бүтээгдэхүүнийг зарж борлуулахыг хориглосон аж.
Орхон аймгийн энэ жилийн наадмын талбайд, үйлчилгээ үзүүлэх хуушуурын 30, морь барианы газарт хуушуурын 20 гэр, шорлог, хорхог хийх иргэн, аж ахуйн нэгжид 15 зөвшөөрөл олгожээ. Төв цэнгэлдэх хүрээлэнгийн нийт павилоны ихэнхид нь хуушуур хийх зөвшөөрөл олгодог бөгөөд зөвшөөрлийн үнэ 35 мянга төгрөг. Бүртгүүлэхдээ аж ахуйн нэгж байгууллагын улсын бүртгэлийн гэрчилгээ, татвар төлөгчдийн цэнхэр дэвтэр, иргэний үнэмлэх, тогоочийн мэргэжлийн үнэмлэх, ажиллах хүмүүсийн эрүүл мэндийн шинжилгээний дэвтэр зэргийг бүрдүүлсэн байх шаардлагатай гэнэ.
Худалдаа үйлчилгээ, хоол үйлдвэрлэлийн чиглэлээр зөвшөөрөл авсан иргэд Биеийн тамир, спортын газарт 30 мянган төгрөгийн барьцаа, цахилгааны төлбөр 5000, хог хаягдлын хураамж 10 мянга, Татварын хэлтэст 30 мянга, ариутгал, халдваргүйтлын 4000 төгрөгийг урьдчилж төлнө. Үйлчилгээ эрхлэгчдэд нэгдсэн журмаар аюулгүй байдал, хугацаа байршил зэргээр долдугаар сарын 6-нд ОБГ-ын хурлын зааланд зөвлөмж, сургалт зохион байгуулах юм байна.
Мөн наадмын талбайд үйлчилгээ эрхлэгчдэд зургийн үйлчилгээнд 10, сугалаа сугалуулах, тоглоомд 10, задгай асарт ил худалдаа үйлчилгээнд 10 зөвшөөрөл олгохоор болжээ. Асар барьж үйлчилгээ эрхлэгчдийн хувьд өнгө үзэмж сайтай, заасан өнгө загвар хэмжээнд тохируулан байрлуулах, хогийн савны асуудлыг тус бүр шийдсэн байх,ширээ, тавиур, эрүүл ахуйн шаардлага хангасан бүтээгдэхүүн үйлчилгээний шаардлага тавихыг холбогдох албаныхан мэдэгдлээ.
Хурдан морь уралдах үеэр наадмын талбай, морь барианы чиглэлд нийтийн тээврийн түр маршрутыг таван чиглэлд гаргаж, баталсаныг аймгийн авто тээврийн байгууллагаас танилцууллаа.