Нам, засагтаа ад  үзэгдэн хавчигдаж аргагүйн эрхэнд эх орноосоо дүрвэн гарсан хэдий ч оюуныхаа чадлаар бусдын анхаарлыг татаж улмаар тэр улсынхаа төрийн тэргүүнүүд болох Л.И.Брежнев, Ю.В.Андропов, Черненко нарын  итгэмжлэгдсэн эмчээр ажиллаж байсан хүн бол Монгол эмч, ДЯЯ-ны эмнэлгийн албаны хурандаа, 1945 оны Япон манжийн эсрэг хийсэн чөлөөлөх дайны ахмад дайчин, хүний их эмч, нэрт сурган хүмүүжүүлэгч, академич, Анагаахын шинжлэх  ухааны доктор, профессор, Оросын холбооны улсын гавьяат эмч, Өвөрхангай аймгийн Баянгол сумын уугуул  эгэл гэхэд дэндүү эгэл тэр эрхэм хүний гунигтай хийгээд хатуу хувь тавилангийнх нь талаар өгүүлье.


Ээжийг нь  Гаваа гэх. Айл саахалт нь нь Гаваа хүүхний данхар гэдэг. Айлын том хүүхэд. Дүү Гаваагийн Цаньдын хамт айлын хурга ишиг хариулж бор ходоодоо божийлгоно. Зургаа долоохон настай жаал хүүхэд шүү дээ.  Гэлэг гэдэг бадарчин ламыг бараадаж Зүүн жас, Уушгийн жаа, Харчин дуган гэдэг газруудаар явж Түвд үсэг заалгаад ойр зуурын ном уншчихдаг болжээ.  Тэр үеийн бадарчин гэдэг чинь зүгээргүй хүмүүс байж. Айлд буугаад өвчин зовлонтой хүмүүсийн судасыг нь барьж биеийг нь сувилчихна. Шаардлагатай бол цус ханаж төөнүүр хийгээд тэнхрүүлчихнэ. Мөн Буянт гэх дотор хүн өврөөсөө зүү гаргаад  өвдсөн хүнийг хатгаад зүгээр болгож байхыг хараад тэрхүү эрдмийг биширч байжээ. Хүн хараас нуугдаж бусдын адуу малыг хатгаж үзэж байсан сониуч хүүхэд байсан гэдэг. Энэ бүгдийг хүүхэд ахуй цагаасаа нүдээрээ харж ламд туслаж явсан маань ирээдүйн мэргэжилд онцгой нөлөөлжээ.

  Нэг өдөр хүүд аз дайрсан төдийгүй амьдралыг  нь орвонгоор нь эргүүлсэн зүйл бол орон нутагт очсон суртлын бригад байлаа. Тэнд нь очоод харж байтал   суртлын бригадын дарга нь бололтой нүдний шил  зүүсэн, хижээл дүү хүн ойртож ирээд: “За чи аав, ээжтэй  юу. Юу хийдэг вэ? Сургуульд явж ном үзэх хүсэлтэй юу? гээд шалгааж гарав. Тэр хүн “Чи бидэнтэй яваад сургуульд орохгүй юу. Бичиг мэддэг үү?” гээд  аймгийн төвд дагуулж ирээд Дуламдорж гэдэг багшид өгч билээ. Ингээд 10 гаруй настайдаа тэнхимийн сурагч боллоо. Энэ хүн нь  Антон Осипович Назаров гэдэг буриад хүн л дээ. Хувь төөрөг гэж сонин юм. Хожим нь энэ хүний охин Нина Анатольевна Назароватай 1950-иад оны сүүлчээр танилцаж, ханилсан. Нина Анатольевна Назарова нь одоогийн УБДС-ийн гүн ухааны факультетад багшилж байжээ. Философийн ухааны доктор профессор хүн байсан.

Тэнхимийнхээ сургуулийг амжилттай төгссөн Лувсан хүү УБ хотноо хүрэлцэн ирэхэд  нөгөө сургуульд оруулж өгсөн буриад нь Хүн эмнэлгийн техникумд оруулж өгсөн аж. Дашрамд өгүүлэхэд нутгийн Буянт гэх зүү эмчилгээ хийдэг дотор хүнтэй тааралдаж хүн эмнэлгийн мэргэжил эзэмшихээр суралцаж буйг дуулаад жаал жуул юм зааж өгч байтал дотор хүнийг нь бариад явжээ. Лувсан хүүг ч зүгээр байлгасангүй байцаалт авч байсан гэдэг.

Сургуулиа төгсөөд цэрэгт татагдаж улмаар чөлөөлөх дайн эхэлж цэргийн эмчээр ажиллах тушаал сонслоо. Япончууд худаг хордуулсан эсэхийг мэлхий хийн туршиж олон цэргүүдийн амь насыг аварсан хэмээн маршалын тушаалаар шагнагджээ.

Дайн дууссаны дараа ЗХУ-ын Омск хотын цэргийн анагаахын сургуульд суралцахаар илгээсэн юм. Сургуулиа төгсч ирээд Бактерлогийн лабораторид эмчээр ажиллаж ажил ч урагштай байжээ.  Энэ үеэс Данзан-Очир хэмээх гандангийн ламтай танилцаж ардын болон уламжлалт эмчилгээ судалж эхэлжээ. Данзан-Осор ламтан судас барьж, зүү төөнүүр тавьж цус ханана. Эм тан барина.

ЗХУ руу Харьковын Анагаах Ухааны Дээд Сургуульд явж, 1958 онд төгсч ирлээ. Анагаах ухааны дунд сургуулийн багш, тэнхимийн эрхлэгчээр ажиллалаа. Сайн ч эмч хэмээгдэж  байтал гайтай зүү эмчилгээ нууцаар хийдэг байсан нь илэрч, олон түмний толгойг шашны мухар сүсгээр төөрөгдүүлж, үймүүлэн өргөл барьц, мөнгө хөөцөлддөг хэмээн байцаагджээ.  Улмаар  эхнэр Нина Анатольевна Назароваг даган 1964 онд Орос оронд дүрвэн гарчээ. Хадам эцгийн буянаар Оросын Буриад улсын  нийслэл Улан-Үд хотын эмнэлэгт мэдрэлийн эмчээр ажилласан байна.

1960-аад оны сүүлээр Иркутскийн Улсын Анагаах Ухааны Их Сургуульд элсэн оржээ. Ажиллаж байх хугацаандаа мэдрэлийн саа өвчтэй хүнд зүү  эмчилгээ хийсэн нь үр дүнд хүрч тун ч амжилттай ажиллажээ. Гайтай, хөөтэй, хориотой  эмчилгээ хэмээгдэж байсан зүү эмчилгээг орос эмч нар жигтэйхэн сонирхож, үр дүнтэй байгааг анзаарсан тул Бүх Оросын шинжлэх ухааны институтийн эрдэмтэд, тэр тусмаа нэрт эрдэмтэн академич Петровскийн анхааралд өртсөнөөр алтан Москвад татагдаад зогсохгүй Бүх холбоотын мэс заслын төвд ажиллаж ЗХУ-ын төрийн тэргүүнүүд болох Л.И.Брежнев, Ю.В.Андропов, Черненко нарын  итгэмжлэгдсэн эмч болжээ.

Мэс  заслын үед хэрэглэж буй европын химийн найрлагатай эмүүд мансууруулах бодис хэтэрхий ихтэй тул өвчтөнд сөрөг нөлөө үзүүлдэг, иймд эм хэрэглэхгүйгээр мэс заслын үед өвчтөний зовуурыг гагцхүү зүү эмчилгээгээр намжаах арга зам эрж сүвэгчлэх  судалгааныхаа ажилд шамдан орж, анхны үр шимийг ч үзэж  эхэлжээ.

1974 он  СЭВ-д төлөөлөгчөөр сууж байсан Даваадорж, Сангийн яамны орлогч сайд явсан Долгормаа хоёр Монгол Улсын Засгийн газрын цахилгааныг өгч монгол орондоо очихыг зөвлөсөн гэдэг. Онгоцоор эх орондоо ирлээ. Дотоод яамны  хар машин ирчихсэн  хүлээж байсан. Шууд онгоцны буудлаас хэнтэй ч уулзуулахгүй байцааж  хорив. – Чи Буянт гэдэг хүнтэй харилцаатай байсан. Хэдийд энэ хүнтэй танилцсан. Чамд энэ хүн Хятадаас захидал бичиж, ном явуулсан байна гэх. Чи Зөвлөлтөд дээд сургууль төгсчхөөд хятад эмчилгээг сонирхдог чинь ямар учиртай юм? Чи зөвлөлтийн удирдлагын итгэлийг яахаараа хүлээсэн хүн бэ? ЗХУКН-ын Төв хорооны хэн хэнийг эмчилдэг вэ? Тэднийг яаж эмчилдгээ бодитой зөв нарийн тодорхой бичиж өг. Хаана ямар цэг дээр зүү хатгаж тавьдгаа нэг бүрчлэн бичээрэй гэх мэт байцаалт авч байсан гэдэг. Лувсангаас илүү мундаг жинхэнэ эмч хүн Монголд бий гэдгийг нотлох гэж,  Бадарчийг оронд явуулсан юм билээ. Зөвлөлтийн тал түүнийг жаал байлгаж байгаад буцаасан тухай академич В.Петровский сүүлд  өөрт нь хэлсэн юм. Ингээд эхнэр Нина Назарова зургаан сарын турш хөөцөлдөж байж нөхрөө  сулласан л даа. Суллагдангуутаа ах Бандийнхаар хоноод 1974 оны долдугаар сарын 26-д Улаанбаатар –  Улаан-Үд – Москва явж очоод ЗХУ-ын иргэн болсон. 1976 онд тэрээр “Мэс заслын дараах өвдөлтийн хам шинжийн эмчилгээний эмчилгээ, зарим үйл ажиллагааны эмгэг” сэдвээр эрдмийн зэрэг хамгаалжээ.

1987 – Анагаах ухааны доктор

1998 – Орос улсын гавьяат эмч

2004 – Академич

Аугаа эх орны дайны II зэргийн одон, Байлдааны гавьяаны одон, “Бид ялав” медаль зэрэг Монгол Оросын бусад одон медалиар шагнагдаж байв.

Эрдэм шинжилгээ судалгааны олон ном бүтээл гаргасны дотроос “Дорно дахины рефлекс эмчилгээний уламжлалт болон орчин үеийн асуудлууд” бүтээл нь нь Монгол болон Оросын рефлексологичид болон Дорно дахины анагаах ухааны эмч нарын лавлах ном болжээ.

Ах маань “1945 онд чөлөөлөх дайнд явахдаа одон медалийн хойноос яваагүй ээ. Эх орныхоо үндэсний тусгаар тогтнол, аюулгүй байдал, ирээдүй хойч үеийнхээ сайн сайхны төлөө зүтгэж эр хүний хувьд үүргээ биелүүлсэн. Би одоо гадаадын харьяат ч гэлээ зүрх сэтгэлээрээ өлгий эх нутгийнхаа, Арвайхээрийнхээ талд мөнхөд аргамжаатай яваа хүн” хэмээн ярьж суудагсан.

Социалист нийгэм халагдаж ардчилал гарснаас хойш төрөлх  Монгол орон ахан дүүстэйгээ уулзах гэж хэд хэдэн удаа ирж сэтгэл хорогдонгуй буцаж байсан. Энэ нь ард байгаа өсөж төрсөн эх орон элгэн садантайгаа сэтгэл зүрхээрээ холбоотой байсны илрэл бол уу.

Монгол орноос ирсэн хэнийг ч болов дүүгээ, хүүгээ ирсэн мэт угтан авч тусалж өөрийн мэддэг чаддаг бүхнээ харамгүй зааж зөвлөдөг  байсан юм.

Төрж өссөн Өвөрхангай аймгийн Баянгол сумын эмнэлэг ГАВАА ЛУВСАНГИЙН нэрэмжит болж төрөл садангууд нь хөшөө дурсгалыг нь босгож  мөнхжүүлэх үйлсийг хийж байгаа. Тэрбээр 2005 оны 6-р сард Москва хот Солнцева дүүрэгт өөрийн гэрт таалал төгссөн юм.

Одоо ахын маань ариун чандар эх нутгийнхаа алтан хөрсөнд амар тайван нойрсож  байгаа.

Д.Сүхбаатар

By updown.mn

Мэдээний админ

2 thoughts on “Оросын их удирдагчдын итгэмжлэгдсэн Монгол эмч”
  1. мундаг юмаа, анх удаа энэ хүний талаар сонслоо, гарчигтаа нэрийг нь оруулаад юмуу, эхний хүүрнэлд оруулахгүй дээ

  2. ene huni tuhai nileen delgerengui medeelel yavj baisan shuu.manaihan l bolson hoino ataa jutuu zunduu l baisan yum bilee.Davaadorj gedeg ni halzan Ganboldin aav yanz burin bichig ish tish yavuulj ih havchij baisan gej baisan

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн