Поп хөгжмийн хаан гэгдэх мөнхийн од Майкл Жэксоны аав Жой Жэксон 89 насандаа таалал төгсчээ. Нойр булчирхайн хорт хавдартай тэмцэж байсан тэрээр лхагва гаригийн 03.30 цагт нас барсан гэдгийг TMZ мэдээлэв.
Жэксон таалал төгсөхөөсөө өмнө Вегас дахь гэртээ харихаар төлөвлөж байсан ч бие нь сульдаж өдрөөс өдөрт муудаж байсан гэнэ.
Алдарт дуучны эцэг хүүгээ амжилтанд хүрэхэд чухал нөлөө үзүүлсэн гэдэг. 1970-аад оны үед хүүхдүүдийнхээ “Жэксон 5” хамтлагийг алдрын тавцанд гаргасан юм. US Steel Corp компанид өргөгч цамхагийн оператор хийдэг байсан Жэксон гэр бүлээ ядуурлаас гаргахын тулд Жэки, Тито, Жермэйн, Мэрлон, Майкл таван хүүгийнхээ “Жэксон 5” нэртэй хамтлагийг байгуулсан түүхтэй. Тэр олсон бүх мөнгөө хүүхдүүдийнхээ уран бүтээлд зориулдаг байжээ. Ялангуяа Майкл Жэксоны 1982 онд гаргасан “Thriller” цомгийг 100 сая гаруй хувь борлогдоход чухал нөлөө үзүүлсэн гэдэг. Хатуу шаардлагатай эцэг нь амьдралынхаа сүүлийн жилүүдэд хатуу, харгис эцэг” гэгдэн адлуулж байсан юм. Майкл 2002 онд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Тэр суран бүсээ бариад бидний өмнө сууж, бэлтгэл хийлгэдэг байсан. Хэрвээ хэн нэг нь алдаа гаргавал зодуулдаг байлаа” гэж бага насаа дурссан нь бий. Жэксон ч бас өөрийгөө хатуу шаардлагатай гэдгээ хүлээн зөвшөөрч байв.