УИХ-ын гишүүн Б.Ундармаа, Н.Амарзаяа, А.Ундраа нар “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг УИХ-ын дарга М.Энхболдод өргөн барилаа.
Уг хуулийн төслийг дээрх 3 гишүүнээс гадна УИХ-ын гишүүн С.Бямбацогт, Ж.Ганбаатар, Д.Ганболд, Д.Дамба-Очир, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол, Д.Цогтбаатар нар хамтран санаачилжээ.
“Дэлхийн олон орон сургуулийн сурагчдад насны онцлогт нь тохирсон хоолоор үйлчлэх, шим тэжээлийн мэдлэг олгох харилцааг хуулиар зохицуулж, тусгайлсан хөтөлбөр хэрэгжүүлж байна. Тухайлбал, АНУ 1946 оноос, Япон 1954 оноос, БНСУ 1953 оноос сургуулийн хоолны тухай хуулийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд холбогдох хөтөлбөрийн хүрээнд бүх сурагчдад хоолоор үйлчилдэг. 2018 оны байдлаар 169 орны 338 сая хүүхэд “Сургуулийн хоол” хөтөлбөрт хамрагдаж байна.
Сургуулийн хүүхдийн хоолны үйлчилгээг хуульчлан, мэргэжлийн удирдлага дор хэрэгжүүлэх нь хүүхдийн эрүүл мэндийг хамгаалах, хүүхэд хамгааллын бодлого болдгоос гадна өрхийн төсвийн 10%-ийг хэмнэдэг гэж үздэг байна. Мөн хоол шим тэжээлийн төлөө оруулсан 1 төгрөг бүр 16 төгрөгийн үр ашиг авчирдаг буюу 16 дахин нэмэгддэг хөрөнгө оруулалт гэсэн тооцоолол ч байдаг” гэж төслийн танилцуулгад дурджээ.
Манай улсад сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээг зохицуулсан эрх зүйн орчин төдийлөн бүрдээгүй байгаа юм. Монгол Улсын Засгийн газрын 2006 оны 194 дүгээр тогтоолоор “Үдийн цай” хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр шийдвэрлэж, Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд, Эрүүл мэндийн сайдын 2006 оны 379/341 дүгээр хамтарсан тушаалаар батлагдсан журмын дагуу I-V ангийн сурагчдад зардлын норматив болох 600 төгрөгт багтаан үдийн цайны үйлчилгээг зохион байгуулж байгаа.
Хөтөлбөр хэрэгжсэнээр сурагчдын ирц сайжран, сурлагад ахиц гарч, хүнсний жижиг, дунд үйлдвэрүүдэд ажлын байр нэмэгдэн, эдийн засагт дэмжлэг үзүүлж байгаа хэдий ч “Үдийн цай”-гаар олгож буй хүнсний бүтээгдэхүүн эрүүл ахуй, аюулгүй байдлын шаардлагыг тэр бүр хангаж чадахгүй байна. Дунд сургуулиуд үдийн цайны мөнгөнөөс хэмнэлт гарган өөр зориулалтаар зарцуулдаг, сургуулийн гал тогоог бусдад түрээсээр ашиглуулдаг гэх мэт зүй бус харилцаа үүссэн төдийгүй нэгэн төрлийн бизнес болон цэцэглэж байгаа нь холбогдох судалгаанаас харагдаж байна.
Сурагчид өдрийн 1/3-ийг сургууль дээрээ өнгөрүүлдэг хэдий ч үдийн цайнаас авах илчлэгийн хэмжээ нь хоногийн хоол хүнснээс авбал зохих нийт илчлэгийн 15 хувьтай тэнцүү буюу илч зарцуулалт, шаардлагатай шим тэжээлийг нөхөж чадахгүй байгаа аж. Эрүүл мэндийн яамны Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвөөс 2016-2017 онд зохион байгуулсан судалгаагаар 6–11 насны хүүхдийн 7.3 хувь өсөлт хоцролттой, 2.8 хувь туранхай, нийт хүүхдийн 22.2 хувь илүүдэл жинтэй, 6.4 хувь таргалалттай байна. Мөн эрүүл бус хүнсний хэрэглээ нэлээд түгээмэл, бараг бүх хүүхэд ямар нэг төрлийн эрүүл бус хүнс хэрэглэдэг, 10 хүүхэд тутмын 8 орчим нь чихэрлэг ундаа болон шарж болгосон хоол хүнс хэрэглэдэг болохыг тогтоожээ.
Эрүүл мэндийн яамнаас 2015 онд хийсэн судалгаагаар нийт сурагчдын 98.4 хувь нь сургууль болон сургуулийн ойр орчмоос хоол, хүнсний бүтээгдэхүүн худалдан авч хэрэглэдэг нь тогтоогджээ. Anchor
Сурагчдын түгээмэл хэрэглэдэг 24 нэр төрлийн хүнсний бүтээгдэхүүний 10 нь саахар нэмсэн байснаас гадна ихэвчлэн төрөл бүрийн хүнсний нэмэлт агуулсан бүтээгдэхүүнүүд хэрэглэдгээс шинжилсэн чихэр, ундаа жүүсний 20 дээжийн 15-д нь 12 төрлийн (нэг бүтээгдэхүүнд 1-4 төрлийн) хүнсний будагч бодис илэрсэн байна.
Иймд “Үдийн цай” хөтөлбөрийг “Үдийн хоол” хөтөлбөр болгон өргөжүүлж, хүүхдийн насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсээр хангах арга хэмжээг шим тэжээлийн мэдлэг олгох, зөв зохистой хооллох дадал төлөвшүүлэх сургалт, мэдээлэлтэй нягт уялдуулан цогцоор нь шийдвэрлэх шаардлагатай гэж үзээд “Ерөнхий боловсролын сургуулийн хоол үйлдвэрлэл, үйлчилгээний тухай” хуулийн төслийг санаачлан боловсруулжээ.
Энэхүү хууль хэрэгжсэнээр сурагчдын насны онцлогт тохирсон эрүүл, аюулгүй хоол хүнсийг стандартын шаардлага хангасан орчинд мэргэжлийн хүмүүсээр бэлтгүүлж, оновчтой зохион байгуулах нөхцөл бүрдэж, сурагчдын эрүүл мэнд, суралцах чадварыг дэмжиж, ирээдүйн эрүүл иргэн бий болох боломж нэмэгдэнэ. Түүнчлэн сургуулийн хоол үйлдвэрлэл нь орон нутгийн болон үндэсний хүнс үйлдвэрлэлийг дэмжих, хөгжүүлэхэд бодит хувь нэмэр оруулна гэж төсөл санаачлагчид үзэж байна.
Эх сурвалж: УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс