Бүлээн ус уух нь олон талын ашигтай гэж та олон удаа сонсож л байсан байх. Тэгвэл яагаад заавал бүлээн усыг уух ёстой талаар товч мэдээлэл хүргэе.
Эртний Хятадын анагаах ухаанд бүлээн ус уух нь юм бүхэд сайн гэж үздэг байжээ. Усны бүлээн нь биеийн дулаантай яг тохирсон байх ёстой гэнэ. Хэрвээ ууж байгаа усны чинь хэм таны биеийн дулааны хэмээс их эсвэл бага байвал инь болон ян энергийн тэнцвэрийг алдагдуулахад хүрдэг. Түүнчлэн ханиад томууны шинж илрэх, гэдэс цанхайж дүүрэх, бие сулбайж ядрах үед халуун бүлээн ус уухыг зөвлөдөг. Харин хүйтэн шингэн уух талаар ор тас мартсан нь дээр шүү.
Өглөө бүр өлөн үедээ 2 аяга хүртэл хэмжээний бүлээн ус уувал биед сайн нөлөөтэй гэдэг. Ингэснээр хоол боловсруулах замын үйл ажиллагааг дэмжин, бие махбодиос хортой, илүүдэл бодисуудыг гадагшлуулж цэвэрлэдэг. Үүнийг хэвшил болгоод сурчихвал маш олон талын давуу талтай.
Бүлээн ус юугаараа ашигтай гэж?
Бүлээн ус нь толгой өвдөх болон сарын тэмдгийн өвдөлтийн үед тайвшруулах нөлөө үзүүлдэг. Энэ үед яаран хүчтэй эм хэрэглэх гэсний хэрэггүй, харин бүлээн ус хэрэглээд үзээрэй. Бүлээн усыг тогтмол хэрэглэх үед та батгыг ор тас мартах бөгөөд таны арьс болон үс эрүүл болж байгаа нь ажиглагддаг.
Дээр бид бүлээн ус уух нь биеэс илүүдэл хэрэгцээгүй бүх зүйлүүдээс ангижруулдаг гэж ярьсан. Энэ нь юуны тухай өгүүлж байгаа гэхээр бүлээн ус нь бодисын солилцоог сайжруулж, турахад ихэд нөлөөлдөг гэнэ. Хэрвээ та усандаа бага зэрэг нимбэгний шүүс нэмж уувал үйлчилгээ нь бүр үр дүнтэй байдаг. Залуу сайхнаараа байхыг хүссэн хүн бүр бүлээн усыг өдөр тутамдаа хэрэглэж сурах нь зүйтэй. Мөн бөөр элгийг цэвэршүүлж, бие организмыг хүчилтөрөгч болон тэжээлийн бодисоор хангах зэрэг тоочоод байвал олон талын давуу талтай ажээ.