“Шалбарсан цахилгаан утсаа янзалсан бол миний хүү амьд байх байсан юм”

Дахиад л нэг хүүхэд гэрээсээ тоглохоор гараад эргэж ирсэнгүй. Сүхбаатар дүүргийн долдугаар хороонд байрлалтай эмийн сангийн орчим есөн настай хүү тоглож байгаад харамсалтайгаар амиа алдсан хэрэг өчигдөр орой 20:00 цагийн орчимд гарсан. Талийгаач хүү тогонд цохиулснаас болж нас барсан юм. Цагдаагийн байгууллагаас хүүгийн үхлийн шалтгаан болон хөдөлмөр хамгаалал аюулгүй ажиллагааны журам зөрчигдсөн эсэхийг тогтоохоор ажиллаж байгаа юм байна.
Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэнд,Мэргэжлийн хяналтын байгууллагаар дүгнэлт гаргуулахаар шинжээч томилсон бөгөөд урьдчилсан байдлаар гэмт хэрэг гарахад аж ахуйн нэгж байгууллага гадаад болон дотоод орчинд хөдөлмөр хамгаалал, аюулгүй ажиллагааг хангаагүй гэсэн дүгнэлт гарчээ. Оршин суугчдын хэлснээр өмнө нь хаалганд цэнэг үүссэн байсан гэнэ. Гашуун үнэнтэй эвлэрч чадахгүй байгаа хүүгийн ээж Ч.Мөнхсайхан “Эмчийн хүү чинь өнгөрчихлөө гэсэн үгэнд одоо ч би итгэж чадахгүй нь. Хүү минь ухаан алдчихсан байна гэж бодсон. Өчнөөн хүн холхидог, хүүхдүүд тоглодог газар яагаад олон хоног тогтой байлгав. Яагаад ил гарсан утсаа янзалж болоогүй юм бэ гээд олон асуулт байна. Хүүхдүүд энэ, тэрүүгээр тоглоод гүйж байхад шалбарсан цахилгаан утсаа янзалсан бол миний хүү амьд байх байсан юм” хэмээн гомдол харуусал дүүрэн хэвлэлд ярилцлага өгчээ. Харин эмийн сан байрладаг “Дэлгэр” төвийн зохицуулагчийн хэлснээр цахилгааны утас ил гараагүй байсан гэжээ.