Хэзээ бид гадаадын улсад очиж, өндөр үнээр эмчилгээ, оношилгоо хийлгэхээ зогсоох вэ. Хэзээ бид улсынхаа эмнэлгээс эрүүл мэндийн үйлчилгээ бүрэн гүйцэд авдаг болох вэ. Хэзээ бид улсдаа хуруу дарам байдаг тоног төхөөрөмжөөр үйлчлүүлэх гэж олон хоног дугаарлахаа болих вэ. Хэзээ бид иргэдийнхээ эрүүл мэндийг нэгдүгээрт тавьж сурах юм бэ.
Улсын нэгдүгээр төв эмнэлгийн асрагч, сувилагч нар үйлчлүүлэгчдэдээ “Эрүүл зүрхний төлөө” гэсэн логотой даавуун уут худалдан авахыг санал болгож байв. Тэр уут нь сувилагч нарын ажлын хувцастай ижил материалтай аж. Учрыг лавлахад “Ариун цэврийн өрөөгөө засах шаардлагатай болоод эмнэлгийн удирдлага бидний хувцаснаас илүү гарсан даавуугаар уут хийлгүүлсэн юм билээ.
Уг нь хандивын хайрцаг ажиллуулдаг л юм. Эм, тариагаа яая гэж байгаа хүмүүс бидэнд хандив өгч чадахгүй шүү дээ” хэмээлээ. Ариун цэврийн өрөөгөө засаж чаддаггүй эмнэлэгтэй улс манайхаас өөр байдаг болов уу. Тэр нь гуравдугаар шатлалын төв эмнэлэг нь гэж байгаа. Тэгээд яланд унасан мэт хэдэн асрагч, сувилагч нь наймаачин аятай хүн хүнээс “Уут аваач” гээд царай алдаж зогсох гэж дээ.
Олон нийтийн сүлжээгээр, хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Хүнд өвчтэй болсон тул гадаадад очиж эмчлүүлэх шаардлагатай” хэмээн хандив хүсэж буй хүн ямар олон байдгийг бид мэднэ. Нэг хүний эмчилгээний төлбөр багадаа л зуу гаруй сая төгрөг. Өвчтөнөөсөө гадна асарч, сувилах хүн нь идэж, уух хэрэгтэй, замын зардал гээд хэдэн бор төгрөг нь сая саяараа гараад явчихна.
Тэр их мөнгө эх орондоо үлдвэл хэн хэндээ хэрэгтэй сэн. Манай улсын эрүүл мэндийн салбарт чадвартай боловсон хүчин бий. Бас ч үгүй дэлхийн брэндийн тоног төхөөрөмжүүд ч байгаа. Харин энэ бүхнийгээ зөв ашиглаж, хүн амынхаа эрүүл мэндийг сахин хамгаалах оновчтой бодлого алга.
Эмч нар нь чадваргүй болохоор тэд гадаад явж эмчлүүлдэг юм биш. Эмчилгээндээ ашиглах тоног төхөөрөмж хомс, байгаагаа бүрэн гүйцэд ашиглаж чаддаггүйгээс бид харийн эмнэлэгт байдгаа барьж буй. Иргэд ихэвчлэн ямар нэг хорт хавдрын улмаас гадаадыг зорьдог. Голдуу чөмөг шилжүүлэн суулгах эмчилгээ хийлгэхээр явдаг гэсэн. Гэтэл манай эмч нар чөмөг суулгах мэс засал хийх чадвартай болсон.
Харамсалтай нь, хоёр хүний цус нийцэх үү гэдгийг шинжилж тогтоох төхөөрөмж алга. Алга ч гэж дээ, уг нь байгаа гэсэн. Гэхдээ засвар үйлчилгээ, ашиглалтын зардлыг нь дийлдэггүй тул зүгээр л “хадгалдаг”.
ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРЫН НИЙТ ТӨСВИЙН 60 ХУВИЙГ УЛСТӨРЧИД “ЗАЛГИЖЭЭ”
Эрүүл мэндийн хөгжлийн төвд Тоног төхөөрөмжийн хэлтэс саяхан байгуулав. Тэнд салбарын үйл ажиллагаанд шаардлагатай тоног төхөөрөмж, тэдгээрийн урсгал зардлын тооцоо судалгаа хийж, Эрүүл мэндийн яаманд хүргүүлдэг юм байна. Түүнийг нь яам судалж үзээд Сангийн яаманд төсвийнхөө тооцоог хүргүүлнэ. Сангийн яам тооцоог хянаад тухайн жилд зарцуулах төсвийн хязгаарыг тогтоон буцааж өгдөг.
Өчнөөн олон хувиар буураад ирсэн төсвийн тооцооны хязгаарт нь тохируулахаар ЭМЯ шаардлагатай тоног төхөөрөмжийг дахин эрэмбэлнэ. Эмнэлгийн үйл ажиллагаанд нэн тэргүүнд хэрэгцээтэй тоног төхөөрөмжүүдийн жагсаалтыг дахин гаргаж өгдөг аж. Тэр дагуу нь л хөрөнгө оруулалт хийдэг байна. Гэхдээ төсөв батлагдах үед УИХ-ын зарим гишүүн хамгийн том “шавар хаадаг” бололтой.
Тэд энэ үед эрүүл мэндийн салбарт өгөх төсвийг өөрсдийн тойрогт тавиулдаг гэнэ. Энэ жил л гэхэд эрүүл мэндийн салбарт нийт 10.1 тэрбум төгрөг төсөвлөснөөс 6.5 тэрбум төгрөгийг тэд “булаачихаж”. Яах вэ, энэ мөнгө эрүүл мэндийнхээ салбарт зарцуулагдаж буй ч нэгдсэн удирдлагын тогтолцоо, бодлого алдагдаж, нэн тэргүүнд шаардлагатай тоног төхөөрөмжүүддөө зарцуулж чадахгүй нь дамжиггүй. Иймд Төсвийн нэгдсэн төлөвлөлтийн систем хэрэгтэй гэдгийг ЭМЯ-ныхан хэлнэ лээ.
Нийслэлийн төв эмнэлэг, тусгай мэргэжлийн болон бүсийн оношилгоо, эмчилгээний төвүүдээс Эрүүл мэндийн хөгжлийн төвд ирүүлсэн шаардлагатай тоног төхөөрөмж, засвар үйлчилгээ, сэлбэгийн зардалд 81.3 тэрбум төгрөгийн төсөв шаардлагатай гээд саналаа хүргүүлжээ.
Тухайлбал, Улсын нэгдүгээр төв эмнэлэгт 11.9 тэрбум, Хавдар судлалын үндэсний төвд 12 тэрбум гаруй төгрөгийн өртөгтэй шинэ тоног төхөөрөмж шаардлагатай байгаа бол орон нутагт 33.2 тэрбум төгрөгийн тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгсэл хэрэгтэй аж. Тэгэхээр тойргийнх нь гишүүд эрүүл мэндийн байгууллагадаа зарцуулахаар хөрөнгө төсөвлүүлээгүй аймаг, нийслэлийн төв эмнэлгүүдийн олонх нь ердөө 3.6 тэрбум төгрөгийг бүтэн жил хувааж хэрэглэнэ.
Гэхдээ өмнөх жилүүдээ бодвол энэ жилийн төсөвт тоног төхөөрөмжийн ашиглалтын зардалд 2.5 тэрбум төгрөг нэмж суулгасан юм байна. Энэ мөнгөөр MRI, СТ, ангиографын аппаратын засвар үйлчилгээг хийхээр төлөвлөсөн аж. Уг нь бол эрүүл мэндийн салбарт 180 мянга орчим тоног төхөөрөмж ашигладаг гэсэн. Тэгэхээр бусад техник хэрэгслийн сэлбэг хэрэгсэл, ашиглалтын зардлыг хойд хормойгоо авч урд хормойгоо нөхдөг жишгээр дараа жилийн төсөв батлагдтал “гүрийлгэх” хэрэгтэй болдог аж.
Энэ талаар ЭМЯ-ны Эм, үйлдвэрлэл, технологийн газрын ахлах мэргэжилтэн Н.Гэрэлт-Од “Азийн хөгжлийн банкны “Эрүүл мэндийн салбарын хөгжил” хөтөлбөрийн хүрээнд Хөрөнгийн төлөвлөлтийн программ хангамжийг хөгжүүлж байна. Уг программд салбарын хэмжээний бүх тоног төхөөрөмжийн мэдээллийг оруулах юм. Аль аппарат хэзээ орж ирсэн, засвар үйлчилгээг хэдийд хийх, элэгдэл хорогдол тооцох зэрэг бүх л мэдээлэл багтана.
Ингэхийн тулд одоо ашиглаж байгаа төхөөрөмжүүдийг нэг нэршилтэй болгох шаардлага тулгарсан. Учир нь аль нэг төхөөрөмжийг эмнэлгүүд өөр өөрөөр нэрлэдэг байсан юм. Ингэхээр тооцоо судалгаа хийхэд хүндрэл учирна. Үүнийг арилгахын тулд бид олон улсын нэршлийн UMDNS стандартын дагуу эмнэлэг, эрүүл мэндийн төвүүдэд ашиглаж буй тоног төхөөрөмжүүдээ нэрлэх юм. Программаа хүлээж аваад, салбартаа нэвтрүүлэх эрхээ авчихсан.
Өнгөрсөн долоо хоногт програмын ашиглалтын талаарх сургалт зохион байгууллаа. Ингэснээр эрүүл мэндийн салбарт хэдий хэмжээний төсөв мөнгө хэрэгтэй, цаашид хэд болж өөрчлөгдөх вэ зэрэг мэдээлэл нь бодитой, нээлттэй болно гэж үзэж байгаа. Төсвөө батлуулахдаа ч түүнийгээ ашиглаж, бодит байдлыг харуулж байж хамгаалж чадна шүү дээ. УИХ-ын гишүүд ч улс төрийн зорилгоор төсвийн хөрөнгийг шаардлагагүй зүйлд хуваарилдаг явдал зогсоно байх.
Энэ программыг ирэх жилээс ашиглах юм. Манай улсад сүүлийн жилүүдэд тоног төхөөрөмжүүд харьцангуй сайжирсан гэж хэлж болно. Гагцхүү түүнийгээ бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй байгаад л асуудал бий. Тухайлбал, MRI гэдэг төхөөрөмж байна. Өөрийн үнэ нь 1.5-3 тэрбум төгрөгийн үнэтэй.
Уг төхөөрөмжийг хэвийн ажиллагаатай байлгахын тулд жилд 500 сая гаруй төгрөг зарцуулдаг. Тэгэхээр ашиглалт, үйлчилгээний зардлыг төсөвт суулгахгүй л бол бүрэн хүчин чадлаар нь ашиглаж чадахгүй гэсэн үг. Уг нь эмнэлгүүдийн олонх нь засвар үйлчилгээ хийдэг тоног төхөөрөмжийн инженер техникийн албатай болсон” гэж ярив.
Тэгвэл эмнэлэгт өөрөөр хэлбэл, халуун цэг дээр ажиллаж буй хүмүүсийн ярьж буйгаар гадаадын төсөл хөтөлбөр, хандив тусламжаар л шинэ тоног төхөөрөмж, засвар үйлчилгээг хийж байгаа гэсэн. ЭМЯ-наас өгсөн мэдээллээр Япон улсаас өгсөн тусламжаар “Өргөө”, “Хүрээ”, “Амгалан” амаржих газар болон ЭХЭМҮТ-ийн тоног төхөөрөмжийг шинэчилж өгчээ.
Мөн Австри улсын Засгийн газраас өгсөн 21 сая еврогийн хөнгөлөлттэй зээлээр УНТЭ, Хавдар судлалын үндэсний төв, ЭХЭМҮТ тус бүрт долоон сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Монголчууд эмчилгээ, оношилгоо хийлгэхээр гадаад улсыг зорих нь их байдаг. Ингэхдээ төрөл бүрийн хортой, хоргүй хавдар, мэдрэлийн системийн болон зүрх судасны өвчнийг оношилдог PET/CT аппаратаар оношлуулдаг юм байна.
Дээрх аппаратаар хийдэг шинжилгээг удахгүй Монгол Улсдаа хийдэг болохоор бэлтгэж байгаа аж. Гадаадаас зээл тусламжаар авсан тоног төхөөрөмжийнхөө ашиглалтын болон сэлбэг хэрэгслийн зардлыг дийлэхгүй, үзмэр болгож шившиг болохгүй л байгаасай даа.
ШИНЭ МЭДЛЭГ БА САЛХИНД ХИЙССЭН МӨНГӨ
Манай гуравдугаар шатлалын эмнэлгүүдэд гадаадад мэргэжил дээшлүүлээгүй, бусад улсын эрүүл мэндийн салбарын үйл ажиллагаатай танилцаж, туршлага судлаагүй хүн байхгүй гээд хэлчихэд нэг их буруудахгүй. Яг хэдэн хүн, хаана, ямар чиглэлээр мэргэжил дээшлүүлсэн талаарх судалгааг ЭМЯ-наас авахыг хүсээд, хүчирсэнгүй буцлаа.
Тэндхийн ажилтны хэлснээр зарим нь яамны Гадаад харилцааны албаар дамжуулж явдаг бол бусад нь тэндхийн Төрийн захиргааны хэлтсээр дамжуулан суралцдаг аж. Эрүүл мэндийн хөгжлийн төвөөр дамжуулах, эсвэл ажилладаг эмнэлгийнхээ хамтран ажилладаг гадаадын эрүүл мэндийн байгууллагад мэргэжил дээшлүүлэх тохиолдол ч олон гэсэн. Зарим эмч өөрсдөө гадаадын их, дээд сургуулиудын тэтгэлэг олоод явдаг нь ч бий гэнэ. Тиймээс тэдэн хүн тэгж сурсан гэж хэлж чадахгүй юм байх.
Бодлого тодорхойлдог толгой байгууллага нь салбарынхаа хүний нөөцийн ур чадвар, чадавхыг судалдаггүй, мэддэггүй юм байна гээд хэлчихэд үнэнээс хол зөрөхгүй бололтой. Саяхан Япон улсад мэргэжил дээшлүүлээд ирсэн нэг эмч “Уг нь манайд нэвтрүүлбэл маш хэрэгтэй мэс заслын эмчилгээ сураад ирсэн. Дурангаар мэс засал хийхэд шаардагдах тоног төхөөрөмж одоохондоо манайд алга. Тэр төхөөрөмжийг оруулж ирээд, ашиглах гэсээр байтал саяхан сурсан мэдлэг минь хоцрогдох байх даа” гэж байв.
Ямар ч тооцоо судалгаагүйгээр мэргэжилтнүүдээ сургаад байдаг, буцаж ирээд хэрэгжүүлж чадахгүй бол тэр эмчийн толгой дахь мэдлэг хэнд хэрэгтэй юм бэ. Тэтгэлэгтэй ч гэсэн тийм сургалтад хүнээ сургахын тулд төрөөс багагүй зардал гаргаж байгаа. Үгүй ядаж сурахаар явсан үед нь нийгмийн даатгалыг нь төлөх эсвэл цалингийнх нь тодорхой хувийг ар гэрт нь өгдөг шүү дээ. Тэгэхээр ашиглахгүй л юм бол хүний, өөрийн мөнгийг салхинд хийсгэснээс ялгаа байна уу, ер нь.
ХОЁУЛАА ДУУГАРСАН Ч ЛАМ НЬ ТАГ
Манай улсын эрүүл мэндийн салбарын бодлого тааруу байгаа гэдэгтэй хэн ч маргахгүй биз. Нээгдээд нэг их удаагүй Үр шилжүүлэн суулгах төвд үр хөврөл хадгалах зориулалтын хөлдөөгч байдаггүй гэсэн. Бас саяхныг хүртэл бөөрний дутагдалтай хүмүүст нэн шаардлагатай гемодиализийн аппаратанд орохоор дараалал үүсгэдэг байсан.
Тоног төхөөрөмжөөс гадна үнэтэй ховор эм, тариа ашиглахад бодлогын алдаа гаргаж байгаа талаар олон хүн ярьж байна. Тухайлбал, хорт хавдраар өвчилсөн хүмүүст хэрэглэдэг, нэг бүр нь 20 мянган төгрөгийн үнэтэй тариаг зарим хүн эмнэлэгт хэвтэж байх үедээ бүгдийг нь үнэ төлбөргүй хийлгэж байхад азгүй зарим нь өөрөө худалдан аваад хэрэглэж байна. Учир нь уг тарианы хангалт ойр ойрхон тасардаг аж.
Энэ үеэр нь эмчилгээгээ хийлгэж буй хүмүүс зайлшгүй шаардлагатай тариагаа хайж, хилийн чанадаас ч захиж авах тохиолдол байдаг аж. ХСҮТ-д ахыгаа сахиж байсан эмэгтэй “Манайх тэр тариаг бүгдийг нь өөрсдөө худалдан авч, хэрэглэж байна. Өмнө нь хэвтэж байсан хүмүүс эмнэлгээс үнэ төлбөргүй хийлгэж байсан гэсэн. Үнэтэй, ховор тариагаа байгаагийнх нь хэрээр хэрэглэж байхаар тэнцүү хуваарилж болдоггүй юм байх даа” гэж байлаа.
Эрүүл мэндийн салбар гэдэг үндэсний аюулгүй байдлын хэмжээнд яригддаг гол салбар. Үүнийг манай эрх баригчид хэзээ ойлгох юм бол оо. Эрүүл саруул иргэнгүй бол ямар улс оршин тогтнох юм бэ. Одоо бол найман настай балчраас наян настай буурай хүртэл хорт хавдраар шаналж, аргаа ядахдаа ард түмнээсээ хандив, тусламж хүсээд харийн эмнэлэгт хамаг мөнгөө тушааж байна.
Бидэнд тоног төхөөрөмж байна, түүнийг ашиглаад өвчтөнөө анагааж чадах эмч ч бий. Энэ бүхнээ зангидсан гар шиг болгоод иргэдийнхээ эрүүл мэндийн манаанд зогсоож чадах зөв бодлого л хэрэгтэй байна. Шаардлагатай төсвийнх нь 10 гаруйхан хувийг өгчихөөд хөгжинө гэдэгт нь итгээд сууж байгаа хүмүүсийг гайхаад баршгүй. Хонх нь дуугарвал дамар нь таг, хоёулаа дуугарахаар лам нь таг гэдэг үг л манай эрүүл мэндийн салбарыг тодорхойлоод байх шиг.
Эх сурвалж: “Өнөөдөр” сонин
3 comments
Эмчдээ ч биш техникдээ ч биш. Дээрээсээ төрөөсөө эхсүүлээд хариуцлага гэж юм байхгүй өөрсдөө өвдвөл гадагшаа явчих хангалттай хулгайлж идсэн мөнгөтэй болохоор өвчтөнүүдийн зовлонг ойлгохгүй хүмүүс эрүүл мэндийн төсвөөсөө хасах нь аргагүй шүүдээ. Тэрний оронд замаа үнийг нь нэмж ахиухан юм хүртчих гээд өндөр үнэ баталдаг. Ийм л том толгойтууд дээгүүр бсн цагт энэ улс хөгжихгүй өөдлөхгүй хүн ам нь эрүүл урт наслахгүй бн. Бас нарийн шинжилгээ гаргадаг лабаротори монголд алга үнэндээ
Уллс төрчдөд эрүүл , ухаантай Монгол хэрэггүй мэт аашилдаг даа.
эрүүл мэндийн салбараар мөнгө угаадаг хэрэгсэл болгож байна, хөдөөний эмнэлгүүдэд шаардлагагүй ямар ч хэрэггүй үнэтэй багаж тоног төхөөрөмжифйг эрээний барааг эрдэнэт үйлдвэрт хэт ихээр шахаж буй мэт нийлүүлнэ, гэтэл том эмнэлгүүдэд нөгөөх нь байхгүй байх жишээтэй, эсвэл хэт их хэрэглэгдээд эвдэрсэн байх жишээтэй