Монгол түмний наадам болоход сар хүрэхгүй хугацаа үлджээ. Энэ жил Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жилийн ой тохиож байна. Төв цэнгэлдэх хүрээлэнд улсаас 21 сая төгрөг төсөвлөсөн боловч хүрээгүй, гэрэлтүүлгийн ажилд санхүүжилт хүрэлцэхгүй гэдгийг наадмын комиссынхон хэлжээ.
Энэ талаар Төв цэнгэлдэх хүрээлэнгийн дарга Т.Нямдаваа хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Би наадмын комисст гэрэлтүүлэг тавьж өгөөч гэсэн шаардлага тавьсан. Дараагаар нь төсөл боловсруулж өгсөн боловч хөрөнгө санхүүгийн бололцооноос болоод гэрэлтүүлэг тавих ямар ч боломж бололцоо байхгүй гэсэн хариу өгсөн. Гэрэлтүүлэг бол стадионд зайлшгүй шаардлагатай зүйлийн нэг мөн.
Өмнө жилүүд нь бөхийн барилдаан удааширч гэрэлгүй гэх асуудал тулгараад машины гэрэл тусгаж байсан. Ингэхлээр телевизийн бичлэг хийж шууд дамжуулах боломжгүй болж, буцааж машинаа гарган харанхуйд барилдаж байсан удаатай. Энэ мэт асуудлаас болоод гэрэлтүүлэгтэй болох санал тавьсан хэдий ч хүлээж аваагүй” гэжээ. Улсаас төсөвлөсөн мөнгө цэнгэлдэхийн эвдэрч хэмхэрсэн сандал, бөхчүүдийн суух асар, тохижилт засварын зардалд л таарсан гэнэ.
Төв цэнгэлдэх хүрээлэнгийн засварын ажил ирэх долдугаар сарын 1-нд дуусах төлөвлөгөөтэй байгаа юм байна. Ямартай ч өнөөдөр Шадар сайдын өрөөнд Үндэсний их баяр наадмын үйл ажиллагааг хэрхэн зохион байгуулах талаар наадмын комисс хуралдахаар товложээ.
1 comment
Больчих л доо. Гэрэлтэйд 3 хоног хийчих, Төсвөө мөнгөө хэмнэ л дээ. 2 хоногийн баярт 21 сая төгрөгийг гэрэлтүүлэгт зарахаа л больчих. Дараа нь хэнд хэрэгтэйн. Дараа жил дахиад л мөнгө. Гэрэлтэйд л хийчих. Цаг нь болохоор завсарлаад л маргааш нь болгочих.