Тэд төр засаг, нийгэм, эцэг эх, асран хамгаалагч, насанд хүрэгчдийн анхаарлын төвд байх ёстой. Хэн нэгний гаргасан аливаа шийдвэр зөвхөн тэдний эрхийг хүндэтгэн хамгаалсан байх учиртай. Тэдний сайн сайхан, ирээдүйн төлөө бүх нийтээрээ хичээх үүрэгтэй. Хүмүүний амьдралын гол утга учир, ардчилсан нийгмийн үнэт баялаг, ирээдүйн Монголын эзэд нь хүүхдүүд.
Тиймээс аливаа улс орон хүүхэд рүү чиглэсэн зөв бодлого гаргаж, түүнийг доод шатныхан нь хариуцлагатайгаар сахин хэрэгжүүлэх үүрэгтэй. Холбогдох гэрээ, конвенцоор олон улсын өмнө ч хүлээсэн үүрэг бий. Гэсэн хэдий ч хүүхдийн эрх ихээхэн зөрчигдөхийн сацуу амь насаа алдсаар байгаа нь харамсалтай. Товчхондоо, хүүхдийн амь нас дэндүү хямдхан болжээ.
Найзуудын тоглолт аль нэг багийн ялалтаар бус уй гашуу, айдсаар өндөрлөв. Сэтгэл сэртхийлгэм, зүрх шимшрэм хэргүүд сүүлийн үед шил дараалан гарч, түүний хохирогчид нь хүүхдүүд болсоор байна. Хамгийн сүүлд гарсан зарим хэргийг эргэн сануулъя.
Тодруулбал, энэ сарын 18-нд Баянзүрх дүүргийн 79 дүгээр сургуулийн хөлбөмбөгийн талбайд тоглож байсан тавдугаар ангийн хүүхэд амь насаа алдсан харамсалтай хэрэг гарчээ. Тухайн өдрийн 18.00 цагийн орчимд сургуулийнхаа хөлбөмбөгийн талбайд тоглож байх үед хөлбөмбөгийн хаалганы төмөр унаж, дарагдсан байна.
Хүү эмээгээсээ “Хөлбөмбөг тоглочихоод, удахгүй ороод ирье” гэж гуйж гараад цаг ч бололгүй тоглоомынхоо талбайд амь насаа алдана гэдэг үнэхээр харамсалтай. Угтаа бол хөлбөмбөгийн талбайн аюулгүй байдлыг дээд төвшинд хангасан байх ёстой. Гэтэл төмөр хаалга үргэлж унадаг байсан бөгөөд тус сургуулийн биеийн тамирын багш “Уг нь 14 хоногийн өмнө гагнасан л юм даа” гэх тайлбарыг хүүгийн эгчид хэлсэн байх юм.
Харин хамт тоглож байсан хүүхдүүд нь “Биднийг тоглож байхад нэг жаахан хүүхэд ард талын шонгоос зүүгдсэн чинь хаалга уначихсан. Бид хараад дуудсан боловч түүнийг эргэж харж амжаагүй байхад төмөр толгой дээрээс нь уначихсан. Талбайн хоёр хаалга унахаар нь бид босгоод л тоглочихдог” гэж ярьсан байна. Эдгээр хүүхэд спортод ялангуяа хөлбөмбөг тоглох дуртай учраас чөлөөт цагаа ийн өнгөрүүлж байсан нь тэр болов уу.
Амь насаа алдсан хүү ч мөн адил спортод их дуртай, тэр дундаа хөлбөмбөгт илүү авьяастай байсан талаар түүний эгч ярьсан байна. Аль нэг багийнх нь ялалтаар өндөрлөх байсан найзуудын тэмцээн уй гашуу, айдсаар дууслаа. Хүүхдийн сурч мэдэх, тоглож наадах, өөрийгөө нээн хөгжүүлэх эрхийг хязгаарлаж болохгүй. Харин ч холбогдох газрууд орчныг нь бүрдүүлж, аюулгүй байдлыг нь хангаж өгөх ёстой.
Гэтэл энэ үүргээ умартаж, хүүхдүүдийн тоглож наадах орчны аюулгүй байдлыг огт хангаагүй нь энэ үйлдлээс харагдаж байна. Холбогдох газар гэдэгт олон талын төлөөлөл багтаж байгаа ч энэ удаагийн хэрэгт тухайн сургууль хамааралтай. Ерөнхий боловсролын сургуулийн хичээл амарсан ч тухайн талбайн аюулгүй байдлыг хангах нь тус сургуулийнхны үүрэг юм.
ХҮҮХДИЙН ЦАНГИНАСАН ИНЭЭД ЁОЛОН УЙЛАХ ЧИМЭЭГЭЭР СОЛИГДОВ
Эцэг эх, асран хамгаалагчийн хариуцлагагүй үйлдлийн улмаас хүүхдүүд амь нас, эрүүл мэндээрээ хохирох тохиолдол цөөнгүй гардаг. Гэтэл хүүхдэд хамгийн аюулгүй байх ёстой тоглоомын төв, сургуулийн орчимд бага насны хүүхдүүд гэмтэж, бэртэн, амь насаараа хохирч байгаа тохиолдол үүгээр дуусахгүй. Тодруулбал, энэ сарын 13- нд Үндэсний соёл амралтын хүрээлэн /ҮСАХ/ буюу бидний нэрлэж заншсанаар хүүхдийн паркийн “Сансрын хөлөг” тоглоом эвдэрч, дөрвөн хүүхэд бэртэж ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа.
Иймд нийслэлийн МХГ, цагдаагийн байгууллагаас хамтарсан шалгалт хийж, хугарсан тоглоом насжилт өндөртэй, хуучирсан учраас актлах шийдвэр гаргасан. Хамгийн аюулгүй, эрсдэлгүй байх газруудын нэг бол яалт ч үгүй хүүхдийн парк. Олон нийт ч тэгж итгэдэг. Тийм ч учраас аливаа нэгэн тэмдэглэлт өдөр төдийгүй бусад үед ч тус газар хүүхдийн хөлд дарагдаж, тэнд баяр хөөр цалгиж байдаг.
Гэтэл тоглоом нь дундуураа хуваагдаж, хүүхдийн цангинасан инээд ёолон уйлах чимээгээр солигдсон нь харамсалтай. Тухайн үед хүүхдийн амь нас эрсдээгүй нь сайхан мэдээ боловч хэзээ нэгэн цагт дахин ийм хэрэг гарахгүй гэх баталгаа үгүй. Одоогоос дөрвөн жилийн өмнө буюу 2014 онд ҮСАХ- гийн галзуу хулганы хэсэгт эвдрэл гарч, 16 хүн гэмтэх дөхсөн удаатай.
Дөрөвхөн жилийн дараа дахин ийм хэрэг гарч, хүүхдүүд тоглож наадах газаргүй, айдас түшгүүртэй байх боллоо. Хүүхдийн паркад одоогоор 22 тоглоом байгаа бөгөөд тэдгээрийн насжилт, элэгдэл, хуучралд тухайн газар хэрхэн анхаарал хандуулж буй нь эндээс харагдаж байна. Хүүхдүүд мөнгө төлж тоглоомонд суусныхаа төлөө биедээ гэмтэл авч, сэтгэлдээ айдастай буцах гэж үү. Ийм хэрэг гарч, үүнийг хүүхдүүд мартаж чадаагүй байхад буюу хэдхэн хоногийн дараа дээр дурдсан хэрэг гарсан нь хүүхдийн эрхийн асуудал ямар төвшинд байгааг илтгэж байна.
ХОЁРХОН НАСТАЙ ХҮҮХДЭЭ “ҮХЭЛ” РҮҮ ТҮЛХСЭН ЭЦГИЙГ ТОРГОХ НЬ ШИЙТГЭЛ ҮҮ?
Хорвоод мэндлээд хоёрхон жил болж буй хүүхдээр хурдан морь унуулсан хэрэг олон нийтийн дунд ил болж, нэлээд асуудал дагуулсан учраас холбогдох газар нь түүний эцгийг торгож хариуцлага тооцжээ. Энэ нь нэг талаараа хариуцлага тооцож, арга хэмжээ авсан мэт боловч үнэн хэрэгтээ хангалттай шийтгэл биш юм. Хүүхдийн амь насыг хэдхэн төгрөгөөр үнэлж болно гэж үү.
Үүнтэй санал нийлэх нь ч байхад эсэргүүцэх нэгэн ч бас байна. Хурдан морь уралдуулахгүй байх Дорнод аймгийн Засаг даргын захирамжийг зөрчиж, даага уралдуулж хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, өөрийгөө хамгаалах чадваргүйг мэдсээр байж амь насыг нь эрсдэлд оруулсан учраас хүүхдийн эцэг болон наадам зохион байгуулсан иргэнд Зөрчлийн тухай хуулийн зургадугаар зүйлийг үндэслэн шийтгэсэн байна.
Болсон явдлыг товчхон сануулбал, өнгөрсөн тавдугаар сарын 18-нд Баянтүмэн сумын алдарт уяач зээ хүүгийнхээ даахийг үргээж, бэсрэг наадамд даага уралдуулсан гэнэ. Найранд ирсэн Н.Батсайхан гэх залуу хоёр настай нялх үрээ эмнэг шахуу дааганд мордуулж, хоёр гуяыг эмээлтэй нь хүлсэн байна. Энэ бол хүний санаанд багтамгүй, бодохоос ч сэтгэл сэрдхийлгэм явдал.
Хэрэв даага бүдэрсэн, эмээл нь холбирсон бол хүү чирэгдэж явсаар амь насаа алдах байсан нь тодорхой. Ингэж л хоёрхон настай хүүхдээ зугаа цэнгэлийнхээ золиос болгож, “үхэл” рүү түлхсэн эцгийг торгох нь шийтгэл, хариуцлага тооцсон явдал мөн үү. Бага насны хүүхдээр хурдан морь унуулах нь тэвчишгүй хөдөлмөр эрхлэлт. Тиймээс өвөл, хаврын уралдааныг бага насны хүүхдийн тэвчишгүй хөдөлмөр гэж үзэн 12-оос дээш насны хүүхдээр морь унуулах шийдвэрийг Засгийн газраас гаргасан.
Гэсэн ч үүнийг хангалтгүй гэж үзэн өвөл, хавар уралдаан зохион байгуулахыг хориглосон. Одоогоор Үндэсний баяр наадмын тухай хуулиар долоогоос дээш насны хүүхэд хурдан морь унах боломжтой. Гэхдээ үүнийг өөрчилж, 12-оос дээш нас болгох нь зүйтэй юм. Энэ асуудлыг Засгийн газраар хэлэлцэж, зохих шийдвэр гаргуулахаа ХНХ-ийн сайд мэдэгдсэн удаатай.
Холбогдох дүрэм журам зөрчин уяачид жалга жалгандаа морь уралдуулж байгаагаас болж сүүлийн жилүүдэд унаач хүүхдүүд бэртэж гэмтэх, хөгжлийн бэрхшээлтэй болох, амь насаа алдах нь ихэссэн. Сүүлийн таван жилийн хугацаанд 25 хүүхэд хурдан мориноос унаж амь насаа алдсан байна.
Тиймээс унаач хүүхдүүдийг амь насны даатгалтай болгох, хамгаалалтын хувцас хэрэглэлтэйгээр морь унуулах гээд олон асуудлыг ярьж эхнээс нь ажил хэрэг болгож байгаа хэдий ч хэн нэгний эх захгүй, зугаа цэнгэлийн хойноос хөөцөлдсөн үйлдэл олон уяачийн нэрийг “баастаж” байгаа нь энэ. Мөн насанд хүрэгчид хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж буй нэгэн хэлбэр юм. Олон нийтийн дунд ил гарсан нь энэ болохоос бусдын нүднээс далд хүүхдийн эрх хэрхэн зөрчигдөж буйг анзаарахгүй явсаар байна.
ХҮҮХДИЙН ЭРҮҮЛ, АЮУЛГҮЙ ОРЧИНД АМЬДРАХ ЭРХИЙГ НЬ ЗӨРЧИЖ БАЙНА
Манай улсын нийт хүн амын сая гаруй нь 0-18 хүртэлх насныхан буюу энэ нь нийт хүн амын 36 хувь юм. “Хүүхэд, залуусын орон” гэх тодотголтой манай улсад сүүлийн долоон жилийн дунджаар жилд 75 мянган хүүхэд шинээр мэндэлсэн байна. Энэ хэрээр хүүхдийн асуудлыг өндөр төвшинд авч үзэн, аюулгүй байдлыг хангах ёстой ч хүүхдийн эрхийг ноцтой зөрчиж, эцэст нь тэд эрүүл мэнд, амь насаараа хохирох явдал гарсаар байна.
Бидний хамгийн сайн мэдэх нь хүүхдийн эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрхийг зөрчихийн зэрэгцээ хүчирхийлж буй явдал юм. Хүүхдүүд хойд эцэг эх, ах, хамаатан садан, үл таних нэгэнд хүчирхийлүүлдэг, мөн тэдний гарт амь насаа алдах тохиолдол цөөнгүй гардаг. Хүүхдийн эрхийн үндэсний комисс, “Гүүд нэйборс” олон улсын байгууллага хамтран 2016 онд “Хүүхдийн эрх ба хамгаалал” судалгааг үндэсний хэмжээнд явуулжээ.
Судалгаанд хамрагдсан хүүхдүүдийн 82.8 хувь нь ямар нэг байдлаар хүчирхийлэлд өртөж байсан гэж хариулсан бол тэдний 62 хувь нь хэл яриагаар доромжлох, 50.2 хувь нь чимхэх, 43.5 хувь нь цохих, зодох зэрэг бие махбод, сэтгэл санааны хүчирхийлэлд өртсөн гэсэн хариулт өгчээ. Энэ оны эхний хагас жилийн байдлаар 543 хүүхэд хамгааллын үйлчилгээ аваад байна. Энэ нь эдгээр хүүхэд ямар нэгэн байдлаар хүчирхийлэлд өртөж, төрийн тусламж авсан гэсэн үг.
Эцэг эх, асран хамгаалагчийн хайхрамжгүй байдлаас болж хүүхэд эрүүл мэнд, амь насаараа хохирч буй нэгэн жишээ бол түлэгдэж, ГССҮТ-ийг зорих явдал юм. Бага насны хүүхдүүд халуун тогоо болон бусад зүйлд түлэгдэж өвчиндөө шаналан хэвтэх тохиолдол буурахгүй байна.
Хамгийн сүүлд болсон нэгэн үйл явдлыг эргэн сануулъя. Нийслэлийн Сүхбаатар дүүргийн XI хороо, Алтай XXVIII гудамжинд байрлалтай цахилгаан хуваарилах байгууламжийн ойролцоо гурван хүн түлэгдсэн ноцтой осол гарсан. Тодруулбал, өнгөрсөн сарын 25-нд 16.05 цагийн орчимд цахилгаан хуваарилах байгууламжид 25 настай эмэгтэй, бага насны хоёр эрэгтэй хүүхэд дагуулан тус газар руу орох үед гал гарсан байна.
Мөн л насанд хүрсэн хүний хайхрамж, болгоомжгүй үйлдэл, эцэг эхийнх нь хараа хяналтгүйгээс болж тэд түлэгдсэн. Нөгөө талаас хамгаалалттай байх байгууламжийг онгорхой үлдээсэн, хяналт тавиагүй зэрэг нь мөн үүнд хамааралтай. Дараагийн нэг асуудал нь зам тээвэр буюу автомашины осол. Сүүлийн үед зам тээврийн осолд хүүхдүүд өртөж хөгжлийн бэрхшээлтэй болж, амь насаа алдах тохиолдол нэмэгдэх болов. Энэ нь мөн л эцэг, эх, асран хамгаалагчийн хараа хяналт, нөгөө талдаа жолоочийн хариуцлагагүй үйлдэлтэй холбоотой. Өнгөрсөн онд 55 хүүхэд зам тээврийн осолд өртөж амь насаа алджээ.
Үүнээс 47 нь эцэг эхтэйгээ орон нутгийн замд суудлын бүс хэрэглээгүй зорчиж явахдаа амь насаа алдсан байна. Энэ мэтээр хүүхдийн эрх зөрчигдөж, тэд амь нас, эрүүл мэндээрээ хохирсоор байна. Тиймээс хүүхдүүдийн нийгмийн хамгаалал, хөгжлийг сайжруулахын төлөө төр, засаг, эцэг эх, асран хамгаалагч болон салбар хүр хамтын ажиллагаагаа сайжруулах, дорвитой арга хэмжээ авах цаг нь болжээ.
Хүүхдийн эрх, хүчирхийллийн эсрэг дуугардаг, аюулгүй байдлыг нь хангаж ажиллах ёстой байгууллага, аж ахуйн нэгжүүд ч мөн асуудлыг анхааралдаа авч, хойч үеийг залгамжлах, түүхийг үргэлжлүүлэх хүүхдүүдийн төлөө дуугарах, ажиллах хэрэгтэй болсон байна. Дайн дажинтай хэцүү үед хүүхдээ амьд ирэхийг хүлээж залбирдаг бол энх цагт эх орондоо, хамгийн аюулгүй байх ёстой газарт амь насаа алдсаар байх уу.
Тухайлбал, хүүхдүүд сургуулийн орчимд, тоглоомын талбайд, худан морь унаж яваад, халуун тогоонд түлэгдэж, зам тээврийн осолд орж, хүчирхийлэлд өртөж алтан амиа алдаж байгаа нь энх цагийн хамгийн тайван улсын эмгэнэл юм даа. Үүнд маргааш биш яг одоо л анхаарцгаая.
С.Юмсүрэн
Эх сурвалж: “Монголын үнэн” сонин
7 comments
өчнөөн эмэгтэйчүүд ажилладаг сургуулийн захирлаар ямар ч мэдрэмжгүй, удирдах зохион байгуулах авьяасгүй эрэгтэй л юм бол намын харьяаллаар захирал томилдгийн нэг дэх гай нь энэ.
удаах нь хаа хаанаа хариуцлагагүйн зуд, хүний төлөө гэх сэтгэлгүй, ууж идэхийн өвчтэй нөхдүүдийг захирлаар тавьдаг болсны хар гай энэ.
мөн тэр захирал нөхөр өөрийгөө иргэдэд манлайлан үйлчлэх ёстой гэдгийг огт мэддэггүй, өөрийгөө дарга гээд бодчихсон ядмаг сэтгэлгээ, сэтгэлгээний гажиг тогтолцоо, төрийн байгууллагын хяналтын чиг үүрэг дутагдсантай холбоотой.
Төмар хаалга өөрөө унана гэж байдаг л юм байна арай өөр нэг хүүхэд түлхсэн үү авирч тоглоод унагасан уу.Анх хийсэн хүмүүс яг монголын ажилд ханддаг хандлагаар хийжээ
Морь уралдпуулахаа болих хэрэгтэй жил бүр хүүхдийн амь насанд хүрдэг, гэмтэл авч насаараа өрөөл болсон тохиолдол олон
ene buh avaar osol, usand jivelt manai uher mongol setgelgeenees bolj bn. Getel gadaadad bol safety geed ajil ger haan l bol haan mash nyagt mordoj ajilladag, OT d hurtel morduulsen bn 2 metrees deesh ajliig ondriin ajil gej uzej ondriin buseer tulguurnaas behelj bgd ajliig hiideg, ayul osoltoi nuur tsoorom us togtool bhiin bol haalt hashlaga temdeg tavij hamgaaldag. ter nuh uhaj ajil guitsetges bsn kompani ene durmeer haalt taivsan horigloson bsn bol huuhed seleh gej orohgui huuhed jivehgui baih baisan. Bas manaihnii hogjdgui n bidnii setgelgeenees bolj bn. UHER MONGOL SETGELGEE. Xaxuul ogj avaad ajlaa buteegeed bn gedeg bol neg helber m ooriigoo ur ach ur sad ard tumnee huursan ocuuuhen setgelgee
unuu uyud surguuliin zahirluudiig yamarch shalguurgui,zuwhun songuulid ner dewshigchdiin mungiig songogchdod taraasnii shagnal bolgon tomildog bolson,ajil hergiin medleggui,hariutslaga gej yu baidgiig ogt medehgyi,tuluwshuugui,beltgegdeegui bugs doloogchdiig tawidgiin bodit jisheeg ene surguuliin zahirliin yaria haruulj bainadaa
Erhem erunhii saidaa,Tsogzolmaa saidaa nuguu turiin alban haagchdiin sahilga,hariutslaga,deg jurmiig saijruulna gej bultreed baisan chini haana baina,helj yarisandaa ezen bolj chadahgui bol eh oronch setgel gargaad ogtsrood uguuchdee
Ene 79-r surguuliin zahiral chini 2015 ond tomilogdohdoo tuhain ueiin Niisleliin bolowsroliin gazriin darga Otgonbagana,niisleliin zasag dargiin orlogch Enkhtsengel nart tus burd ni 15 saya tugrug ugch tomilogdson shuudee,iim zahiral olon baigaa, Mongoliin bolowsroloor togloj baina daa.Tsogzolmaa said,Niisleliin zasag darga Su.Batbold nar iim zawhraliid medseer baij zasah setgel gargahgui baigaa ni nen sonin baina