Хэрүүлээр “Цэнгүүлсэн” аваргууд

Даяар дуурсагдах, Далай даян, Олныг баясуулагч, Түмнээс төгөлдөр, Баяр наадмын манлай, Улс даяар гайхамшигт, Дайчин дархан аварга, Даян аварга, Хүчит арслан, харцага, начин, заанууд маань өнөөдөр даяар дуурсагдаж, олныг баясуулж байна. Гэхдээ муу, муухайгаараа, хэрүүл талцлаараа ард түмнээ ‘баясган, цэнгүүлж’ байна.

Монгол түмэн одоо ч бөхдөө хайртай. Гэвч, тэр бөх нь А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ, Х.Баянмөнх нарын бөхчүүд л лав биш.  Харьшгүй хүчит, цог золбоот, эрийн хийморь гэгдсэн монгол бөхийн цол гуншин бол монгол бөхөд гоёдож бас хүнддэж. Чухамдаа монголчуудын хайр, хүндлэлийг монгол бөхчүүд дааж чадсангүй.

Бөхийн өргөөг тойрсон бөхчүүдийн хэрүүл эцэс сүүлдээ Төрийн ордонд өрнөж, А.Сүхбат, Б.Бат-Эрдэнэ хоёрын эртний хувийн өс хонзонгийн асуудал болж хувирчээ. Хэрэвзээ улс төрийн карьер хөөж, Төрийн ордонд орсон юм бол тэд бөхийн ногоон дэвжээнээс зайгаа тавьж өгсөн нь яг өнөөдрийн хувьд хамгийн зөв сонголт болно.

Гүндүүгүй, хээгүй, монгол эрчүүдийн олон зууны турш имиж нь болж ирсэн монгол бөхийг өөрчлөх шинэчлэх хэрэгтэй болсныг ч энэхүү үйл явдал харуулж буй. Гэвч, харамсалтай нь, тэдний хэрүүл шинэчлэлийн төлөө биш, хэн Бөхийн өргөөнд эзэн суух тухайд юм.  Бөхчүүд хуншгүй, шуналтай, хариуцлагагүй, хэрүүлч болсон нь нэг талдаа монголчууд бидний, үзэгч олны ч буруу бий.

Бид тэднийг хэт их эрхлүүлж, бид тэднийг хэт их дэмжиж, магтаж ирсний үр дагавар энэ. Сумын эмнэлэг нь түргэний машингүй байхад хөлстэй бөхдөө жип өгдөг бидний солиорол эцэстээ монгол бөхийг ийм эмгэнэлтэй, ичгүүртэй байдалд хүргэсэн. Хөлстэй бөхчүүдэд хүрвэл аз хийморь дээдэлнэ гэсэн үзэгтэй монгол бөхчүүдээс ийм хэрүүл гарах нь зүй ёсных биз.

Өнчин өрөөсөн хүүхдүүдэд гар сунгаж, хандив буяны ажил хийдэг монгол бөхийн талаар сонссон уу. Харин ч бөхчүүд уулаа, зодолдлоо, Бөхийн өргөөг эвдлээ булаацалдлаа гэсэн муу муухай мэдээлэл  илүү дуулддаг болоод удаж байна. Аварга заан, арслан гэх нэр нь хүндэдсэн бөхчүүд ард түмнээсээ айж, ичиж байгаа янз ч алга.

Монгол түмний хүсэн хүлээдэг эрийн гурван наадам хаяанд иржээ. Яг өдийд хэний хүү хүчтэй байгааг, хэний хүү түрүү магнай болох тухай яриа ид хөвөрдөг. Харин энэ жил бөхчүүд хоёр хуваагдаж, ээждээ эрхэлсэн хүүхдүүд шиг буруу харцгаагаад сууж байна. Ингэхэд заавал тэдний наадмыг гутаасан найраа, хов, хороор дүүрсэн барилдааныг үзэхгүй ч байж болно.  Үнсэндээ Монгол бөхийг бөхчүүдээс хамгаалахын тулд бөхчүүдийг бойкотольё. Найраагүй, бөхгүй наадъя.


Үндэсний бөхийн холбооны маргаантай холбоотойгоор иргэдийн байр суурийг авснаа хүргэж байна.

ГАДААДЫН ЗОЧИД ТӨЛӨӨЛӨГЧИД ОЛНООР ИРДЭГ БОЛЖЭЭ

Р.БАТДОРЖ (Өвөрхангай аймгийн уугуул, Баянгол дүүргийн иргэн)

  • Х.Баянмөнх аварга холбооны асуудлыг зохицуулна гэдгийг их сонссон. Тэр жишгээр зохицох болов уу гэж харж сууна. Үндэсний их баяр наадам дөхчихлөө. Аваргуудын энэ маргаан хийгээд байгаа нь дэмий юм байгаа. Гадаадын зочид төлөөлөгчид их ирдэг болсон байна. Монголд олон улсын хурал зөвлөгөөн, уулзалт олноор болдог болжээ. Энэ жил Монголд 70 мянга гаруй гадаадын зочид ирнэ гээд байгаа. Манайд  хамаатан ах, дүүгээс эхлээд бөхчүүд олон байна. Жил бүр наадмын бөхөө шимтэн үзэж, дэмждэг бөхчүүдээ дэмжээд сууна даа. Гэхдээ баяр наадам тулсан ийм үед маргаантай байгаа бөхчүүдийн асуудал хэцүүхэн харагдаж байна. Бэлтгэлээс эхлээд бөхчүүдийн сэтгэл зүйд маш их нөлөөлнө шүү дээ. Манай аав спортын хүн болоод ч тэрүү үндэсний бөхийг их сонирхоно. Жил бүр л наадмын бөхчүүдийн талаар ярьж, бас дэмжих бөхөө дэмжээд явна. Улс орны том сурталчилгаа болсон бөхчүүд маань хоорондоо маргалдаад байгаа нь хэцүү санагдана.

ҮНДЭСНИЙ БӨХ УРЛАГТАЙ ИХ НӨЛӨӨЛТЭЙ

Т.ДОРЖДАГВА 

  • Монголчууд бөхийн холбооны асуудалд бүгд эмзэглэж байна. Монголын ард түмний хандив, засаг төрийн дэмжлэгтэйгээр бий болсон Бөхийн өргөө нь хаалттай болчихлоо. Бөхчүүд хоорондоо эв түнжин муу байгаагийн асуудал бол нэг талаасаа үндэсний соёлд улс төр, ёс суртахууны янз бүрийн зүйл нөлөөлсөөр байгаад ийм байдалд хүрчихлээ. Энэ бол маш харамсалтай. Монгол бөхөө хүн дээдэлдэг болохоос монголчуудыг хоорондоо муудахыг хэн ч хүсэхгүй шүү дээ. Монголчуудыг монголчууд гэж илэрхийлэх биет бус соёлын өвийн олон илрэлүүд байна. Үүний хамгийн хүчтэйд нь үндэсний бөх орно. Үндэсний бөх мөн урлагийн чухал нөлөөлтэй байдаг. Бөхийн дэвээ, шаваа нь бүжиг шиг, хувцас нь урам хатгамалын уран байдлыг харуулсан, цол дуудаж байгаа нь хөгжмийн онол гээд урлагийн бүхий л төрөлтэй холбоотой болж байна. Би бусдын адил энэ маргаанд сэтгэл дундуур байна. Монголчууд бид наадмын дараа дараагийн наадмаа хүлээдэг шүү дээ. Гэтэл хоорондоо эв түнжин муутай бөхчүүд барилдана гэхээр сэтгэл их хөндүүрлэж байхын.  Х.Баянмөнх, Б.Бат-Эрдэнэ, А.Сүхбат гээд сайхан аваргуудын яриа хааяа сонсож байна. Аваргууд ийм мэтийн зүйлд оролцохгүй байх хэрэгтэй байгаа юм. Бага цолтой бөхчүүд ярих үе гарвал тэдэндээ харин зөвлөгөө өгөх хэрэгтэй. Энэ ажлыг спортын зүтгэлтэнүүд хийгээд явбал сайн байна.

БӨХИЙН ХОЛБООНЫ МАРГААН ХУРДАН ЦЭГЦРЭЭСЭЙ

Б.ОЧИРБАТ (Хөвсгөл аймгийн харьяат)

  • Бөхийн өргөө болон Цэнгэлдэх хүрэлээнд бөхийн барилдааныг үзээгүй удсан байна. Хамгийн сүүлд гурван жилийн өмнө Үндэсний их баяр наадмын барилдааныг Төв цэнгэлдэхэд үзэж байсан. Сүүлийн жилүүдэд гараад байгаа бөхийн холбооны маргааныг сонсоод л явна. Хааяа фэйсбүүк хуудсаас маргааны мэдээлэл явдаг. Гэхдээ үнэндээ тэр бүгдэд анхаарал хандуулсангүй. Хоорондоо зохицоод болох юм шиг санагддаг. Х.Баянмөнх аваргын ярьж байсныг нэг удаа сонссон. Бөхийн холбооны маргаан удаан цэгцэрч, ямар нэгэн будлиангүй наадмаа хийгээсэй гэж бодож байна. Олон бөх барилдаж, наадамчин олноо баясгаасай гэж олон түмэн хүлээж байгаа  шүү дээ.

Эх сурвалж: https://www.news.mn/?id=281402

5 thoughts on “Хэрүүлээр “Цэнгүүлсэн” аваргууд

  1. Зочин 2018-06-20 10:56 at 10:56

    Баянмөнхийг байгаа цагт цэгцрэх гэдэг хэцүү дээ.

    Хариулах
  2. zochin 2018-06-20 12:02 at 12:02

    бөхөд хайртай хайргүй гээд л авч өгөх юмдаа. Үндэсний агуу соёл гэхээс Хаад ноёдийн зугаа цэнгээний хэлбэртэй байсан . Заавал цол өгөөд л тэр нь бизнес болчихсон ийм уламжлалт ёс заншил байх уу. Ерөнхийлөгчийн зарилгаар цол олгоод хэдэн сар болоод хурааж авдаг нэр хүндгүй хүндэтгэл ардын наадам мөн үү. Ард түмэн байж ёс заншил ,хүндэтгэл, уламжлал байна. Хэдэн бөх гэсэн том биетэй хүмүүс өөрийгөө онцгой төрсөн гэж төөрөгдөлд орж онгирч болохгүй. Бөхчүүд нийгэмд ямар үлгэр үзүүлж байна, гарч ирээд л зодолдоод , хулгай хийх , худал хэлэх , зодоон , хүчин хийх гээд хийхгүй муу юм алга . Гуйж цол аваад архи уугаад л явж бг шүү дээ. Дэлхийд алдар цуутай хүчитэн ховор бншдээ. Бөхөд цол өгөхөө болих хэрэгтэй тэгээд л хэрүүл зогссоно.

    Хариулах
  3. Уншигч 2018-06-20 12:20 at 12:20

    Луйвраар цол авч байгааг нь мэдсээр байж ондор шагнал огоод байгааг нь ер ойлгодоггуй.Тийм тэнэг хумуус юм уу буу мэд.Хуурамчаар цол авагсад ичээч ээ

    Хариулах
  4. GATS 2018-06-20 13:16 at 13:16

    УГААСАА ОЛИГТОЙ ХҮМҮҮС БИШ ШҮҮДЭЭ

    Хариулах
  5. зочин 2018-06-20 13:48 at 13:48

    Бөхгүй наадамлая л даа

    Хариулах

зочин-д хариу үлдээнэ үү Хариултыг цуцлах

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн