Энэ түүх гунигтай атлаа гэгээлэг ч юм шиг… Наташа охин төрүүлжээ. Шинээр мэндэлсэн хүүхэд нь төрөлхийн өвчтэй учраас эмчлэхэд хугацаа орно, бас хөрөнгө мөнгө ч ихээр шаардагдах талаар эмч нар түүнд хэлсэн байна. Үүнийг сонссон Наташа охиноо авахаас татгалзжээ.
Түүнийг төрөх эмнэлгээс гарах үед ямартай ч төрүүлсэн үрээ орхиод гарч байгаа эх хүн учраас жигтэйхэн уйлж унжих байх даа хэмээн хүмүүс бодсон ч тэрээр дусал нулимс ч унагасангүй. Тэр ч бүү хэл, дээд уруулынхаа дээр эгдүүтэй мэнгэтэй төрсөн бяцхан охиноо анхны бөгөөд сүүлчийн удаа харахдаа ч ямар нэгэн сэтгэл хөдлөл илэрхийлсэнгүй. Сүйт залуу Михаил нь ээжтэйгээ хамт цэцэг барьчихсан Наташаг хүлээгээд зогсож байлаа.
Тэд юу ч таамаглаагүй байв. “Охин маань тахир дутуу төрсөн учраас би түүнийг төрөх газарт орхичихлоо. Бид залуу хүмүүс учраас ахиад л хүүхэд төрүүлчихнэ, тийм биз дээ?” хэмээн Наташа тэдэнд хэлсэн байна. Дараа нь тэрээр Мишатай хамт энэ сэдвээр ярилцаж байхдаа тахир дутуу хүүхэд өсгөхөд хүрвэл тэр нь тэдний хувийн амьдрал болон карьерт нь сөргөөр нөлөөлөх болно гэж түүнийг итгүүлэхийг хичээж байв.
Харин Михаил түүн рүү дуугүй ширтэн, эх хүн өөрийн төрүүлсэн үрийнхээ тухай яаж ингэж ярьж чадаж байгааг огт ойлгохгүй гайхаж байлаа. Бүсгүйн мөн чанарыг ойлгосон залуу эр түүнтэй маргалдаж хэл ам таталсангүй. Тэр зүгээр л явчихав, гэхдээ ҮҮРД. Бяцхан “гологдсон” охины үлдсэн төрөх эмнэлэг түүнийг хүүхдийн эмнэлэг рүү шилжүүлэх хугацаа ойртсоор байлаа.
Охин хүүхдийн эмнэлэгт хэсэг байж байгаад тэндээсээ асрамжийн газарт шилжих аж. Мэдээж, эмнэлгийнхэн өрөвдөлт бяцхан охинд өргөөд авчихаар аятайхан эцэг, эх хайсан хэдий ч төрөлхийн асуудалтай төрсөн болохоор тийм ч амар олдохгүй байв. Ингээд охиныг хүүхдийн эмнэлэг рүү шилжүүлэхээс нэг хоногийн өмнө төрөх эмнэлэгт нэгэн залуу ирээд, өөрийгөө охины аав хэмээн танилцуулаад, ямар ч нөхцөл байдалтай байсан охиноосоо татгалзахгүй гэж мэдэгдсэн байна.
Охины албан ёсны эцэг болохын тулд тэрээр маш олон бичиг баримт бүрдүүлэн, ДНК шинжилгээнд хүртэл хамрагджээ. Ингээд эцсийн мөчид эмч нар түүнд охины өвчний талаар тайлбарлан, түүнийг тэр дороо алга болоод ахин ирэхгүй байх гэж бодсон гэнэ. Гэвч маргааш нь охиныг эмнэлэг рүү шилжүүлэхийн өмнөхөн Михаил ээжийн хамт хүрч иржээ.
Тэд охины хэрэгцээт бүхий л зүйл болон эмч, сувилагч нарт чихэр, дарс уутанд хийгээд барьчихсан байв. Шинээр мэндэлсэн хүүхдийг төрөх эмнэлгээс гаргахад тэнд ийм уламжлал тогтсон аж… Түүнээс хойш долоон жил өнгөрчээ. Нэгэн удаа Наташа нөхрийн хамт сургуулийн дэргэдүүр машинтай өнгөрч яваад гэнэт зогсов. Сургуулийн хашаан дотроос түүний экс сүйт залуу Михаил гарч ирэхийг хараад таньсан байна. Түүний гараас нэгдүгээр ангийн хөөрхөн сурагч охин хөтөлсөн харагдана.
Наташа машинаасаа буугаад тэдэн рүү дөхөн очлоо. “Чиний охин уу?” хэмээн тэрээр эксээсээ асуутал, “Тийм ээ, энэ МИНИЙ охин” хэмээн Михаил хариуллаа. Энэ үед нөгөө эгдүүтэй охин сонирхсон харцаар танихгүй эгчийг ширтсээр байв. Дараа нь Михаил хуучин найз бүсгүй рүүгээ толгой дохичихоод охиноо хөтлөн явлаа. Гэнэт Наташагийн толгой эргэх мэт болов! Яагаад?…
Охины уруулын дээрх эгдүүтэй мэнгийг саналаа! Долоон жилийн өмнө түүнийг харсан… Тэрээр тэдний араас хар хурдаараа гүйн очмоор байсан ч биеэ барин тэслээ. Тэр охиндоо юу гэж хэлэх юм? Бас Михаилд юу гэж хэлэх билээ? Тухайн үед эмч нар түүнд охин төрөлхийн тахир дутуу төрсөн хэмээн хэлсэн нь худлаа байсан юм гэж үү? Гэвч эмч нар худлаа хэлсэнгүй.
Бяцхан охин, аав, эмээ гурав хичнээн удаагийн хүнд хагалгаа, нөхөн сэргээх эмчилгээг даван туулсныг зөвхөн Бурхан л мэднэ… “Наташ, чи ирэх болж байна уу?” хэмээн машин дотроос нөхөр нь яарангуй дуудах сонсогдов. Тэд гэр бүл болоод таван жил өнгөрсөн хэдий ч үр хүүхэд заяасангүй. Наташагийн хувьд, энэ үнэхээр шийтгэл юм болов уу? Михаил охиноо хөтлөөд явсан зүг рүү Наташа харлаа.
Тэд аль хэдийн харагдахгүй болжээ. “Охиноо хэн гэж нэрлэсэн бол?” хэмээн Наташа бодоод… уйлж эхэллээ. Долоон жилийн өмнө дусал ч нулимс унагаагүй тэрээр одоо гудамжны дунд зогсоод чангаар цурхирч байв. Түүний дэргэд юуг ч ойлгож чадаагүй нөхөр нь эргэлдэнэ…
Орчуулсан Д.Мигаа
Эх сурвалж: www.Zindaa.mn