Хүн төрөлхтөн төрөл бүрийн хорт хавдраар өвчилсөөр ирсэн. Шалтгааныг нь янз бүрээр тайлбарладаг. Ихэвчлэн буруу хооллолт, амьдралын буруу хэв маяг, агаарын бохирдол зэргээс болж хавдар өвчин үүсдэг гэж анагаах ухаан үздэг.
Гэтэл сүүлийн үед хүмүүс биднийг хорт хавдартай болоход нөлөөлж байгаа өөр нэг учир шалтгааныг судлаачид нээн илрүүлээд байгаа юм. Энэ нь зэрлэг амьтдаас хүмүүст хорт хавдрын эд эсүүд халдаж буй явдал гэнэ. АНУ-ын Аризонагийн Анагаах ухааны их сургуулийн эрдэмтэд яг энэ сэдвээр судалгаа явуулж байгаа бөгөөд өнгөрөгч 5 дугаар сард хийсэн судалгааныхаа үр дүнг “Байгаль, экологи ба хувьсал” сэтгүүлд хэвлүүлжээ.
Зэрлэг амьтадтай ойр байж байгаад хорт хавдраар өвчилсөн өвчтөнүүдийн дунд хийж үзсэн судалгаагаар амьтдын биед хадгалагдаж байдаг зарим вирусууд хүний биед халдахаараа тухайн хүнийхээ дархлааг өөрчлөх замаар хорт хавдрын өвчлөлд хүргэж байгааг Аризонагийн их сургуулийн эрдэмтэд анзаарчээ. Яг ямар амьтнаас ийнхүү вирус халдаж байгааг баттай судалж тогтоогоогүй байгаа ч цахилгаан станц болон химийн үйлдвэрийн ойр орчимд өсч үржиж байдаг олон төрлийн шавьж, бичил биетнүүдээс халдаж байж болзошгүйгээс гадна том биетэй хөхтөн амьтад ч хүмүүс бидэнд хавдрын вирус тархаадаг байхыг үгүйсгэхгүй гэнэ.
“Бид эхний ээлжинд зөвхөн судалгаа хийж байна. Гэхдээ зэрлэг амьтдаас хүмүүс бидэнд зарим төрлийн хорт хавдрын вирус халддаг байж болзошгүй гэдгийг шинжлэх ухааны үүднээс батлах нь бидний гол зорилго. Одоогоор яг хөхтөн амьтдаас халддаг гэдгийг тогтоогоогүй ч зарим төрлийн шавьжнаас бол халддаг гэдгийг баттай хэлж чадах байна.
Манай багт хорт хавдар судлаач дэлхийн шилдэг мэргэжилтнүүд ажиллаж байгаа. Тиймээс бид зэрлэг амьтдаас хүнд хорт хавдрын вирус халдаж байгаа үгүйг ойрын жилүүдэд бүрэн гүйцэд судалж тогтоох болно” хэмээн судалгааг удирдан явуулсан Аризонагийн Анагаах ухааны их сургуулийн профессор Матью Жирадью сэтгүүлчдэд ярьжээ.
Америк эрдэмтдийн дээрх судалгааны үр дүнтэй танилцсан бусад орны эрдэмтэд зэрлэг амьтад хүнд хорт хавдрын вирус халдаадаг байж болзошгүй шалтгааныг дэлхийн агаарын бохирдол, дулаарал, экологийн өөрчлөлт зэрэгтэй холбон тайлбарлаж эхэлжээ. Өөрөөр хэлвэл дэлхийн уур амьсгал дулаарч эхэлсэн нь хүмүүс бидэнд төдийгүй амьтдын биед ч янз бүрийн сөрөг нөлөөг үзүүлж эхэлсний яруу тод жишээ нь амьтад хавдар үүсгэгч вирусүүдийг үржүүлж, дамжуулагч болж эхэлсэн явдал гэнэ.
Эх сурвалж: Sciencedaily, Google
1 comment
За юу л бол доо. Ерөнхийдөө бидний цөөхөн монголчуудын хувьд өнгөрсөн зуунд Оросоос зохион байгуулсан “тэгшитгэн эмчлэх” хуарангийн операци болох “Улаан тариа” ба “Вакзин” кампанит ажлуудын дүнд элэгний өвчлөлийн суурийг олж авчээ. Тэр үед нэг удаагийн тариур ч гэж юу байлаа. Харин ардчилал, зах зээлд шилжсэнээс хойш цэвэр бид нарын өөрсдийн ухамсар болоод амьдралын хэв маягаа туршлагагүйгээр өөрчлөх үед хоол хүнс, амьдралын хэмнэлээсээ олж авсан буруу зуршлын дүнд нэмэлт олдмол өвчнүүдийг нутагшуулжээ. Уудам эх орон даяар хөндлөн гулд тэнэх маягаар байнгын хөдөлгөөнд байсан ард түмэн 4 хананы дунд суух гэж үхэлдэн тэмцсэний дүнд хөдөлгөөн хумигдан илчлэг ихтэй хоол хүнс нь шингэхгүй болсоноор бидэнд диабет, зүрх судасны өвчлөл, элдэв хорт хавдрууд, таргалалт, гэх мэтээр өвчнийхөө санг нэмж авч. Бид угаас ДЭМБ-аас тогтоосон илчлэгээс давсан хүнсийг өдөр тутамдаа хэрэглэдэг асан. Гэтэл суурин амьдралд шилжиж хөдөлгөөн хумигдмагц мөн түүнээ авахын зэрэгцээ үүн дээр нэмэн элдэв янзын гадны хүнсийг “соёлын шохоорхол” маягаар гамгүй хэрэглэсний дүнд өвчлөл улам аривдаж байна. Бидний соц нийгмийн хоолны цэсэнд ердөө л мах гурил байлаа. Тэгэхэд даралт, зүрх судасны өвчин, элэгний хорт хавдар гэсэн тоймтой өвчлөлүүд байсан. Харин одоо хавдар л гэхэд тархины, цусны, хөхний, түрүү булчирхай, эсийн, бамбайн, шулуун, бүдүүн гэдэсний, ходоодны гээд зүйл бүрээр элбэгшжээ. Энд хамгийн гол тоглолт хийж байгаа зүйл бол хүнс болно. Бид нөгөөх лаглайж суусан хэвээр боловч түргэн хоол, шарсан, хуурсан амттаныг төрөл бүрээр нь ам руугаа чихэх аж. Эдгээр өвчнийг нөхцөлдүүлэгч гол зүйлс бол хоолны төрөл бүрийн амтлагчууд болно. Худалдааны хоолны давс, амтлагч хэтэрсэн байдал нь биднийг үхэл рүү дөхүүлэх гол шижим болно. Улаан буудайн гурил, элсэн чихэр, давсны хэт хэрэглээ, химийн амт үнэр оруулагчид, чихрийн орлуулагч, архи, тамхи, нөөшлөгч бодисууд, генийн өөрчлөлттэй хүнс, транс тос, будагч бодис зэргийг ихээр агуулсан хүнс нь бидний өдөр тутамдаа хэрэглэдэг хүнс болно. Жишээлбэл бүх төрлийн түргэн хоол, цагаан гурилан боов, талх, масло, хиам, зайдас, утсан мах, рапс, наранцэцэгийн тос, лаазалсан хүнснүүд, тэр дундаа томат, хийжүүлсэн ундаанууд, бас төрөл бүрийн жүүсүүд, чипс, цэлцэгнүүр, зөөлөн чихэр, салат амтлагчууд, майонез, чихэр орлуулагч, үнээний сүүгээр хийсэн бүтээгдэхүүн, цаган идээ, төрөл бүрийн даршилсан хүнсгэх мэт. Бид эдгээр хүнсийг хэрэглэмээр бол аль болох гэртээ ориг материалуудаар бэлтгэх нь арай аюул багатай. Тэгээд амтлагч бага хийж давс, чихрийг амтагдах төдий л хэрэглэж байх чухал. Төмс хүнсний ногоо, жимсийг аль болох хальс, шимүүстэй нь идэж байвал зүгээр. Худалдааны жимсний хальс пестицид агуулдаг. Тэхээр аль болох л ориг юм руу явах болно. Манай эх оронд ургадаг ойн жимс жимсгэнийг няцалж, нухаад шүүлгүй тэр чигээр нь хэрэглэж байх хэрэгтэй юм. Хиам зайдасны оронд ориг махыг өөрийнхөөрөө боловсруулаад хэрэглэ. Томат элдэв салатыг ориг улаан лооль, нимбэгний хүчил, алимны цуу ашиглан хий. Наранцэцгийн тосны оронд боломжтой бол оливын тос эсвэл шар тос хэрэглэж баймаар. Талхаа цөцгийтэй ид. худалдааны гурилан боов, цагаан талхыг аль болох бага хэрэглэ. Гурилыг цагаан болгохын тулд химийн бодисоор үйлчилдэг гэдгийг сана. Тарваганы юмуу адууны тосонд чанасан хар гурилан боов бол хямд бас ашигтай хүнс болно. Бас дан хар гурилаар занимаалж болохгүй. Хольцтой хэрэглэ. Хивэг, хөх тариа, хар гурилыг их хэрэглэх нь гэдэсний түгжрэлд хүргэж болохыг сана. Улаан буудай нүүр усыг маш ихээр агуулдаг тул цусан дахь сахарыг нэмэгдүүлж улмаар диабет, таргалалт, харвалтанд хүргэнэ. Тэхээр бага зэрэг хольж хэрэглэж болно. Малын дайвар бүтээгдэхүүн хонины элэг, бөөр, гүзээ, сархинаг, цусыг хэрэглэж бай. Усыг ойр ойрхон бага багаар уу. Хоолыг шарах гэхээс илүү жигнэж, чанаж хэрэглэ. Өдөрт ядаж 10 минут гүйж 20 минут биеийн ерөнхий хөгжлийн дасгал хийж хэвш. Гүйх талбай олдохгүй ч гэсэн дороо гүйж болно. Амьсгаагаа зөв авч сур. Их бага хэрэгт сандарч бухимдалгүй айвуу тайвуу байж, биеэ хянаж сур. Хэт их баярлах, тэсчядах /тэчъяадах/, гомдох, уурлах, гутрахаас өөрийгөө барьж сур. Эцэст нь хэлэхэд бид ганцаараа тэнгэрээс заяагдсан биш, цаана нь 7 тэрбум баагий ямар нэг байдлаар эх дэлхийтэй холбоотой бидний жишгээр амьдарч явааг сана.