Америк оюутнуудын зохион бүтээсэн нэгэн өвөрмөц харандаа олон хүний нүдийг орой дээр нь гаргаж байгаа тухай Ecology.md цахим хуудас мэдээлжээ.
Зохион бүтээгч оюутнууд уг харандаагаа өөрсдөө “Нахиалдаг харандаа” хэмээн нэрлэсэн нь магадгүй хамгийн оновчтой нэр болсон ч байж болох юм. Учир нь байгалийн цэвэр хуш модоор хийсэн “Нахиалдаг харандаа”-аар зөвхөн цаасан дээр зурж, бичээд зогсохгүй харандааг өөрийг нь газарт суулгаж, яг л мод шиг арчилж тордон ургуулж болох гэнэ. Дэлхийн шилдэг эрдэмтэд эко харандаа хэмээн тодотгоод байгаа энэ харандааны үзүүрт нь жижигхэн капсул байдаг юм.
Тиймээс харандааг капсултай талаар нь газарт яг зулзаган модыг тарьж буй мэт суулгасны дараа капсул өөрөө задарч дотор нь суулгасан төрөл бүрийн ургамал болон жимсний үрнүүд газрын хөрсөнд тархдаг аж. Ингээд хүнсэнд хэрэглэж болдог гаа, яншуй, лаврын навч, розмарин, календула, ганга өвс, корриант, мөн улаан лооль, интоор хүртэл ургахыг харандааг худалдаж авсан эрхэм та үзэж болно.
Яг ямар төрлийн ногоо болон жимсний үрийг дотроо агуулж байгаа болохыг нь харандааны их бие дээр англиар маш тодорхой, ойлгомжтой бичсэн тул худалдан авагч сонголт хийж ядах зүйлгүй юм. Хүний түүхэнд байгаагүй эко бүтээгдэхүүнийг зохион бүтээсэн америк оюутнууд “Нахиалдаг харандаа”-ндаа албан ёсоор зохиогчийн эрх авч, үйлдвэрлэлд нэвтрүүлж, худалдаанд олон тоогоор гаргахаар төлөвлөжээ.