“Мэргэжлийн боловсрол сургалт”, “Ажилсаг Монгол” үндэсний хэмжээний зөвлөгөөн энэ сарын 18-19-ны өдрүүдэд Улаанбаатар хотод болох гэж байна. Тус зөвөлгөөнийг Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Германы эдийн засаг хөгжлийн яамтай хамтран зохион байгуулах ажээ.
Үүнтэй холбогдуулан Германы Элчин сайдын яамны төлөөлөгч, УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва нарын албаны хүмүүс сэтгүүлчдэд өнөөдөр мэдээлэл хийлээ. Энэ үеэр УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва МСҮТ-ийн оюутнуудад олгодог 70 мянган төгрөгийг Улсын төсөвт суулган үргэлжүүлэн олгох нь зөв, “Ажилсаг Монгол” хөтөлбөрийн хүрээнд энэ асуудлыг шийдвэрлүүлэхээр зорьж байна гэлээ. Энэхүү тэтгэмжийг зогсоосноос МСҮТ-д суралцах хүүхдүүдийн тоо цөөрч байгаа гэж үзэж буй юм.
Тэрбээр хэлэхдээ “Өнөөдөр Монгол Улсад ажилгүйдэл, ядуурал газар аваад байна. Малын тоо өсөөд байгаа хэр нь ард түмний амьдрал дээшлэхгүй байгааг гурван жилийн өмнөөс судалсан. Германы хөгжлийн гарц нь хүн болгон ажилтай, орлоготойд байна. Иргэд нь ажилтай байгаа нь мэргэжлийн сургалтад суурилсан хосломол сургалтанд байна. Тиймээс ч Германд ажилгүйдэл, ядуурал алга.
Гэтэл бид мэргэжилтэй боловсон хүчингээ зах зээлийн үед гудамжинд гаргаад, ганзагын наймаачин болгочихсон. Өнөөдөр мэргэжилтэй боловсон хүчин манайд алга. Манайд Улсад өнөөдөр ЕБС-иа төгсөж байгаа хүүхдүүдийн 80 хувь нь их, дээд сургуульд орж байна. Дээд сургуулиа төгсөж байгаа хүүхдүүдийн 79 хувь нь мэргэжлээрээ ажиллаж чадахгүй байна. Гэтэл үйлдвэрлэл, технологийн газрууд мэргэжилтэй ажилтан авах гэхээр гагнуурчин, барилгачин, тоосгочин зэрэг мэргэжилтэй ажилтнууд дутдаг. Германд 320 мэргэжлийн боловсрол олгодог бөол манайх ердөө 30-40 мэргэжлээр л ажилтан бэлтгэж байна” гэв.