Цэнхэр үст Цэрэнгийн хувийн амьдралын ээдрээт түүх хэдийнээ Монголчуудад ил болсон. Тэрээр нэг хэсэг Мүүний эсрэг тэмцэж явахдаа сэтгүүлч Мөнхбаясгалантай танилцаж нөхөрлөх болжээ. Түүний гэр бүл дэх маргаан олны анхааралд өртөн чичлэгдэх болсонд сэтгүүлч найз нь санаа зовнин ийн бичжээ: Хачин этгээд гэж хэлмээр атлаа мэдээжийн юманд ч дорхноо хууртмаар гэнэн бас цайлган энэ этгээдтэй Tseren Enebish тэй танилцаад нэлээд хэдэн жил болжээ.
Анх танилцсан түүх маань Мүүний гаж урсгалыг хөөж явсан тэр үеэс эхэлнэ. Гэхдээ би Мүүний тухай нэвтрүүлэг хийж явахдаа шууд түүнтэй нүүр тулахыг урьтал болгосонгүй. Зүгээр л нэг сенсааци хөөж яваа нэгэн биз гэж бодоод тоосонгүй. Харин баримтуудаа цуглуулж судалгааг нарийсгах тусам Цэнхэр үстийн хэлж яриад шүгэл үлээгээд байгаа нь үнэн болж нотлогдсоор байсанд би гайхаж билээ.
Ингээд түүнтэй уулзаж танилцаж байсан нь саяхан мэт. Заримдаа хачин этгээд ааштай, учрыг нь олоход бэрхтэй юм шиг санагдах. Бүр уур хүрэх. Блоклоод хаячихмаар санагдах. Гэвч дэндүү цайлган занг нь бодохоор тэгж яваад үхтлээ доромжлуулах бүрд нь зүрх өвдсөөр уджээ. Тэр хүнлэг билээ. Тэр цайлган билээ. Тэр зоригтой билээ. Тэр “буруу ишилсэн сүх” шиг билээ.
Тэр хэтэрхий илэн далангүй нийтэч билээ. Тийм болохоор таалагдахгүй байх нь аргагүй билээ. Тэр хар муу санаагүй билээ. Тийм болоод л юу бодсоноо буруу ч бай зөв ч бай шууд л ФБ дээ бичнэ. Тэр тоолонд нь би өмнөөс нь шархирч утасдаж загнах. ӨӨ тийм үү гээд л өнгөрнө. Сүүлдээ хэлэхээ ч байсан. Учир нь бид өөр өөр хүмүүс ажээ. Санал нийлэхдээ нийлнэ, үгүй бол үгүй.
Заримдаа түүнийг үзэн ядмаар. Гэвч Рикийг нь, гурван хүүг нь насан өндөр ижийг нь , гудамжнаас жаахан охин олоод олоон жил асарч тэтгэж хүн болгох гэж нулимсаа урсгаж хамгаа зориулж зүдгээ барж, зүрхээ урж явсныг нь мэдэх болохоор хайрлана. Түүнийг таниад ирэхээр хайрлахгүй байхын аргагүй.
Гэхдээ энэ хачин этгээд бүсгүй хэв загварт баригдах дургүй. Салхи шиг чөлөөтэй амьтан. Тэр эрх чөлөөгөө эдлээд дандаа өөрөө хохироод л явж байхыг нь харахаар бахархмаар бас уур хүрмээр л байдаг юм. Яагаад уур хүрмээр гэж үү.. Учир нь би түүнийг хайрладаг болохоор. Эмзэглэх бүрд нь, хад мөргөх бүрт нь, элдвээр доромжлуулах бүрд нь өмнөөс нь өмөрч байдаг болохоор.
Монголчуудад мүүний гаж урсгалыг таниулж, оффшорын араас С.Баярцогтын нуугдмал хөрөнгийг ил болгох гэж өөрөө мөнгөө олоод бэдэрч асан түүх нь Цэнхэр үст бүсгүйг хэн болохыг харуулна. За ингээд Цэрэн минь төрсөн өдрийн мэнд хүргэе.
Мүүний аюулын тухай нэвтрүүлгийг гаргахгүй байсан тэр шөнө хамтдаа уйлж, бас намайг шоронд орох гэж байхад хажууд минь сууж байсан тэр өдрүүдийн төлөө хундага өргөлөө… Чиний өөрийгөө золиосолж Монголын төлөө шаралхаж явсан үйл бүрийн чинь төлөө хундага өргөе. Би жаахан эртхэн эхэлчхэв үү яав… Аяа анд минь чи хаалгыг минь тогшоорой…