Өнөөдрийн байдлаар улсын хэмжээнд 1,742 обьектийн гал түймэр гарчээ. Үүний улмаас 11.8 тэрбум төгрөгийн хохирол учирч 37 хүн амь насаа алдаж, 20 хүн түлэгдэж гэмтэн 289 толгой мал хорогдож, 766 гэр орон сууц шатсан байна.
Энэ нь өнгөрсөн мөн үетэй харьцуулахад гал түймрийн тоо 5.6 хувиар буурч, учирсан хохирлын хэмжээ 28.4 хувиар, нас барсан хүн 54.9 хувиар, түлэгдэж бэртсэн хүмүүсийн тоо 5.9 хувиар тус тус өссөн үзүүлэлттэй. Гал түймэртэй тэмцэх газрын дарга, дэд хурандаа Ц.Нямбаяр “Он гарснаас хойш Архангай , Булган, Дорнод, Завхан, Сүхбаатар, Сэлэнгэ, Төв, Увс, Ховд, Хөвсгөл, Хэнтий зэрэг 12 аймгийн 40 суманд нийтдээ 55 удаагийн ой хээрийн түймэр гарсан.
Эдгээрийг онцгой байдлын байгууллага, холбогдох мэргэжлийн байгууллага, сум орон нутгийн захиргаатайгаа хамтран бүрэн гүйцэт унтраасан. Сэлэнгэ аймгийн Ерөө суманд Шарлангийн голын “Байвгайт” ууланд 5 дугаар сарын 17-ны өдөр ой хээрийн түймэр гарсан. Тус газар нь авто машин тээврийн хэрэгсэл хүрэлцэн очих боломжгүй газар байсан.
ОБЕГ-ын 260 гаруй алба хаагч 27 хоногийн турш түймэр дээр ажиллаж 6 дугаар сарын 12-ны өдөр бүрэн унтрааж орон нутгийн иргэдэд хүлээлгэж өглөө. Ой хээрийн түймрийн улмаас урьдчилсан байдлаар 43,120 га ой, 41,630 га хээр нийт 84,750 га талбай түймэрт өртсөн. Сүүлийн үед гарсан томоохон гал түймэр 5 дугаар сарын 23-ны өдөр нийслэлийн Налайх дүүрэг, 5 дугаар сарын 26-ны өдөр Төв аймагт гарсан.
Энэ нь иргэдийн санамсар болгоомжгүй буюу бага насны хүүхдийг хараа хяналтгүй орхиж гэрт нь цоожилсон байдлаас үүдэн гал гарч хоёр хүүхэд амь насаа алдсан харамсалтай тохиолдлууд бүртгэгдсэн” гэв. Иймд иргэддээ зуны амралт эхэлж цэцэрлэг, сургууль амарч байгаатай холбогдуулан хүүхдүүдээ хараа хяналтгүй орхихгүй байх, ахуйн галт түймэрт өртөхгүй урьдчилан сэргийлэхийг өнөөдөр хийсэн хэвлэлийн бага хурлын үеэр ОБЕГ-аас анхаарууллаа.