Онцгой байдлын албаны 14 жилийн ойг тохиолдуулан Нийслэлийн Онцгой байдлын газраас “Хэн ч, хэзээ ч, хаана ч” гамшгаас хамгаалах буухиа тэмцээнийг хэвлэл мэдээллийн байгууллагын сэтгүүлчдийн дунд зохион байгууллаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагын 40 гаруй сэтгүүлчид 2 багт хуваагдан Бэлэн байдал хангах, Саадтай гүйлт, Гал унтраах –Утаанаас дүрвэх, Хамтын хүч- Тэсч амьд үлдэх гэсэн 4 төрлийн буухиагаар оюун ухаан, хурд хүч, авхаалж самбаагаа сорин өрсөлдлөө.
Буухиа тэмцээний арга хэмжээнд нийслэлийн Онцгой байдлын газрын дарга хурандаа Ж.Чүлтэмсүрэн, нийслэлийн Засаг Даргын Тамгын газрын Хэвлэл мэдээллийн албаны дарга Э.Дагиймаа болон НОБГ-ын удирдлагууд оролцож амжилт хүслээ.
Энэхүү тэмцээнийг зохион байгуулснаар гамшгаас урьдчилан сэргийлэх мэдлэгийг олгох, бусдад түгээн дэлгэрүүлэх, гамшгийн үед өөрийгөө болон бусдын амь нас эрүүл мэндийг хамгаалах дадлага чадварыг олгох, гамшгийн эрсдэлийг бууруулахад хэвлэл мэдээллийн байгууллага, сэтгүүлчдийн оролцоог нэмэгдүүлэх ач холбогдолтой юм гэж нийслэлийн Онцгой байдлын газраас мэдээллээ.