Сэтгэл гутралд хүүхэд том хүн гэлтгүй бүх нийтээрээ өртөж буй энэ үед сайн сэтгэл зүйчийн зөвлөгөө нэн хэрэгтэй болж байна. Хотжилт тойрсон олон асуудлаас болоод хүмүүс хэрхэн стрессддэг, үүнийгээ хэрхэн даван туулах талаар зураач, сэтгэл зүйч, арт терапист Буриадын Нарантулгатай ярилцлаа. 

 -Нэгэн үе бидэнд сэтгэл судлаач мэргэжил хол хөндий ойлгогддог үе байсан. Одоо харин хүмүүс сэтгэл судлаачийн тусламжийг авахыг эрмэлздэг болжээ. Хүмүүсийн энэхүү нааштай хандлага танд мэдрэгддэг үү? 

-14 хоногоос дээш хугацаанд гуниглаж гутрах, уйланхай болох, түгших, сандрах, уурлаж уцаарлах, айдастай бодол төрөх, өөрийгөө анхаарахаа болих, гэмших харамсах, ичиж зовох, хүүхдээ хайрлахгүй анзаарахгүй байх зэрэг шинж тэмдэг  илэрвэл сэтгэл зүйчид хандах нь хэрэгтэй. Хүн ер нь өөрийгөө зүгээр гэж бодоод яваад байдаг.

Үнэндээ сэтгэл зүйн хувьд өөрчлөлтөд орчоод байгаагаа мэргэжлийн хүн дээр очихоос нааш ойлгодоггүй. Бид материаллаг зүйл бэртэж гэмтлээ гэвэл санаа тавьж засах гэж оролддог. Харин нүдэнд үзэж гарт баригддаггүй сэтгэл зүйн хувьд хайнга хандах тал байдаг. Нэг үеэ бодвол сэтгэл зүйчдийг зорих хүмүүс ихэсч байгаа  ч зорилтот бүлгийн хүнд өвчтөнүүд хандахгүй байгаад санаа зовдог.

-Бидний нийгэмд стрессдэггүй албан байгуулага, хувь хүн гэж бараг байхгүй байх. Тэгвэл асуудлаа хэрхэн давах вэ? 

 Францын эх сэтгэгч Монтеско “Нэг цаг ном уншсаны дараа сарниж алга болохооргүй уйтгар гуниг надад тохиолдож байсангүй” гэсэн байдаг. Тиймээс стрессээ үлдэн хөөх хамгийн шилдэг арга бол өөрийгөө завгүй байлгах юм. Мөн стрессээ тайлах аргаа олох ёстой. Үүнийгээ гэхдээ олж чаддаггүй болохоор л мэргэжлийн хүмүүст хандах шаардлагатай болдог юм.

Байгууллагын уур амьсгалыг өөрчлөхийн тулд ажлаас гадна хамтдаа хичээллэж болох багийн спорт эсвэл сонирхолтой арга хэмжээ зохиож болно. Ер нь бүх зүйлийг даван туулах арга нь ярилцах байдаг. Тиймээс бие биенээ сонсон цаад учир шалтгааныг нь ойлгохыг хичээх хэрэгтэй. Сэтгэл зүйчдийн хамгийн том чадвар хүнийг сонсох байдаг. Яг үнэндээ сүртэй зөвлөгөө өгөөгүй байхад үйлчлүүлэгчид маань зовлон жаргалаа ярьсаар байгаад хэдэн асуултын дараа л өөрөө шийдлээ олчихдог. Тиймээс хүн бүрийг сэтгэлийн амьтан гэдгийг нь санаж байх хэрэгтэй.

-Та хүүхдийн сэтгэл зүйг танихын тулд зургаар дамжуулан үйлчлүүлэгчидтэйгээ ойлголцдог гэсэн. Тэгвэл зарим нэг ажлынхаа арга барилаас хуваалцаж болох уу? 

-Хүүхдийн ертөнц өөрөө онцгой тул түүнд нь тохирсон аргыг ашиглах хэрэгтэй болдог. Хүүхдийн юу мэдэрч байгааг нь ойлгохын тулд зураг зуруулах арга хамгийн тохиромжтой. Сүүлд бид Аргальхүү гэх эерэг баатрын дүрийг гарган ирж хүүхдүүдийн сэтгэл зүйг зөв үлгэр дуурайлал үзүүлэхийг зорьсон ажлууд хийсэн.  Өнөөдрийн нөхцөл байдлаас харахад хүүхдүүдийн үздэг кино, тоглодог тоглоом нь хамаг л болж бүтэхгүй зүйлсийг харуулсан байгаа юм.

Мөн хүүхдийн сэтгэлзүй болон биеийг эрүүл саруул байлгахад хоол, шим тэжээл маш чухал байр суурийг эзэлдэг. Гэвч өнөөдөр эцэг эхчүүд хүүхдийнхээ хооллолтонд тун тааруухан хандаж байна. Хүүхдийн хооллолт гэдэг нь эхийн хэвлийд бүрэлдэхээс эхэлж яригддаг. Анх бор хоолонд хэрхэн оруулах нь хүртэл маш чухал байдаг. Хүүхэд бор хоолонд анх орохдоо амттан болон давсны амтыг их мэдэрсэн бол тэр чигтээ чихэрлэг, давслаг хүнсийг илүү хэрэглэх гээд байдаг. Амттан болон давсны хэт өндөр хэрэглээ нь ямар хор уршигтай байгааг бүгд мэддэг болсон. Тэгэхээр багаас нь аливаа амтыг бага мэдрүүлэх хэрэгтэй.

-Өсвөр насны хүүхдүүд нэг нэгнээ “бүдүүн гахай ” гэх зэргээр шоолсноос болж хоол идэхгүй сэтгэл санаагаар унах зэрэг асуудал олон гардаг. Ийм үед ямар арга хэмжээ авах вэ? 

-Өсвөр насныхны дунд ихэвчлэн өөрийн биеийн жиндээ санаа зовсноос үүдэлтэй хоол, шим тэжээлий асуудал гардаг. Нэг бол хэт их идэх/булимия/, хэт бага идэх, хоолноос татгалзах/анорексия/ гэсэн эмгэгтэй болдог. Хүн бүрийн бие махбодь, бодисын солилцоо зэрэг нь харилцан адилгүй байдаг. Хэт их идэх нь улам жин нэмэх эрсдэлийг бий болгодог. Харин хэт бага идэх, хоолноос татгалзах нь хоол боловсруулах эрхтэн цаашлаад бүхэл биеийн эрүүл мэндээ алдах эрсдлийг бий болгодог.

Бага нас болон өсвөр насны хүүхдийн хооллолтыг нас, хүйс, биеийн өндөр, жинд тохируулан хооллоно. Бүх төрлийн хоол хүнсийг тохируулан хэрэлэх нь зөв. Хамгийн чухал нь сүү, тараг, цагаан идээ, жимс ногоог сайн өгж байгаарай. Багаасаа зохистой хооллодог хүүхэд бүх амьдралынхаа туршид эрүүл амьдрах боломжоо олж авна.

-Өсвөр насны хүүхдүүд сэтгэл санаагаар унах эмгэг буюу хүмүүсийн ярьдгаар “эморох” хандлагатай болж байна. Энэ үед эцэг эхийн зүгээс хэрхэн анхаарах вэ?

 -Өсвөр насныхан төдийгүй насанд хүрэгчид ч сэтгэл санаагаа хянаж чадахгүй болох үе бий. Өсвөр насны хүүхдүүдийг амиа хорлох, хар тамхинд донтох зэрэг сөрөг үзэгдэлд автуулахгүй байхад эцэг, эх гол үүрэгтэй. Гэтэл одоо эцэг, эхчүүд хүүхдээ анхаарах биш өр, лизинг гээд олон асуудалтай байдаг. Эд, материалын хувьд л хүүхдээ хангаж, бусад бүх зүйлийг өөрт нь үүрүүлчихээр хүүхэд маань тэр бүхнийг дийлж чадахгүй олон сөрөг зүйлд орооцолддог. Тиймээс эцэг эхчүүд хүүхэдтэйгээ ирж сэтгэл зүйн зөвлөгөө авбал үр дүнтэй байдаг.

-Сэтгэл зүйчид тэр бүр хандах боломжгүй хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Ажил багатай, юм бодох завтай хүн л сэтгэл гутралд өртдөг. Ажил хийгээд явж байгаа хүн ажлаа бодоод сэтгэл гутралд өртдөггүй.  Тиймээс хөнгөхөн хийж чаддаг зүйлээ барьж аван өөрийгөө завгүй байлгаад үзээрэй. Асуудлаа мартахад тань тусална.

Эх сурвалж: 

By updown

One thought on ““Ажил багатай хүн сэтгэл гутралд өртдөг””

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн