Автомашинд түлхүүр тааруулан онгойлгож, эд зүйлийг нь тоноод, буцаагаад цоожлон алга болдог залууг НЦГ-ын Мөрдөн шалгах газрын Хулгайлах гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн ажилтнууд өчигдөр баривчиллаа.
Хөвсгөл аймгийн харьяат 19 настай Б гэгч нийслэлийн Баянгол, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэрийн харуул хамгаалалт муутай хэсэгт үлдээсэн машинуудад түлхүүр тааруулан, 2015 оноос хойш эд зүйлс хулгайлсан бөгөөд эхний мэдүүлгээрээ 26 гэмт үйлдлээ хүлээн зөвшөөрчээ.
Тэрбээр мэдүүлэгтээ “Автомашины жолоочийн талын хаалганд түлхүүр тааруулан дотроос нь нөүтбүүк, гар утас, бэлэн мөнгө зэргийг аваад, буцаагаад цоожилдог” гэжээ. Б ганцаараа хэрэг үйлддэг бөгөөд хулгайлсан эд зүйлээ хямдхан зарж, шөнө нь PC тоглоомын газарт хонон өнжин тоголдог байсан аж.
Хөвсгөл аймгийн шүүхээс албадан ажил хийлгэх ял эдэлж байгаад оргож хотод ирсэн нэгэн юм байна. Өмнө нь бас л хулгайн хэрэгт холбогдон цагдаагийн байгууллагад шалгуулж байжээ.