Хеликобактери пилори нь спирал хэлбэртэй, 5х3 микрометр хэмжээтэй, нэг талын төгсгөлдөө 4-6 ширхэг шилбүүртэй ба түүнийхээ тусламжтайгаар хөдөлдөг, ходоодны салст бүрхүүлд амьдарч, ходоод 12 хуруу гэдэсний архаг өвчин үүсгэдэг нян юм.
Ходоодны шархлаа болон үрэвсэлтэй хүмүүс Хеликобактерийн шинжилгээ хийлгэж нян илэрвэл эмчүүлэх шаардлагатай.Хеликобактерийг оношлох олон арга байдаг. Цуснаас түүний эсрэг үүссэн эсрэг биеийг илрүүлэх, ходоод гэдэс дурандан шинжилгээ авах, амьсгалын сорилоор илрүүлэх аргуудыг хэрэглэж байна.Хеликобактерийн ялгаруулдаг уреаза гэдэг фермент нянг үхжүүлэх эмчилгээнд түүнийг тэсвэртэй болгоход гол нөлөөтэй. Энэ талст үүсэгэн хүчиллэг орчинд ихэнх үүсгэгчийн эсрэг эмийн идэвхи 10 дахин буурдаг байна. Ийм учраас Хеликобактерийн эмчилгээнд хэд хэдэн төрлийн эмийг хавсруулан удаан хугацаагаар хэрэглэхийг заасан байдаг.
1980-аад он хүртэл зөвхөн нянг устгах бэлдмэл хэрэглэж байсан бөгөөд эмчилгээний үр дүн дөнгөж 14%-д л хүрдэг байжээ. Харин 20-иод жилийн судалгааны үр дүнд Хеликобактерийн эсрэг 3 эмийн бэлдмэлийг хавсруулан хэрэглэх нь хамгийн тохиромжтой, үр дүнтэй эмчилгээ болно гэж үзжээ. Энэ 3-сан эмчилгээнд Хеликобактерийг устгах эм буюу кларитромицин, азитромицин, рокситромицин зэрэг антибиотикууд, түүний үйлдлийг дэмжиж, салстыг хамгаалдаг шүүрлийн эсрэг омепразол зэрэг бэлдмэл ордог.
Гараа сайтар угааж, хоол хүнсээ бүрэн боловсруулж идэх, түүхий ариун цэврийн шаардлага хангаагүй хүнсний бүтээгдэхүүн, ус хэрэглэхгүй байх нь Хеликобактериас хамгаалах хамгийн энгийн арга болно.
Ходоод гэдэсний өвчнөөс гадна Хеликобактериар үүсгэгддэг хэд хэдэн өвчин байдаг. Тухайлбал: улаан батга, нүүрээр тууралт гарах, хамрийн дайвар хөндий, шүд орчмын эдийн үрэвсэлт өвчнүүдийн үед хеликобактерийг устгах эмчилгээ үр дүнтэй байдаг. Хеликобактери пилори нянг дэлхийн 3 хүн тутмын 1 нь тээж явдаг. Та тэр 1/3 нь мөн үгүй юу гэдгээ урьдчилан сэргийлэх үзлэгээр оношлоорой.
Эх сурвалж: Цахим эмч