Өмч хувьчлалтай холбоотой асуудлыг үе үеийн Засгийн газар өөр өөрийн дүр зурагтайгаар оруулж ирдэг. У.Хүрэлсүхийн Засгийн газар ч төрийн өмчийг хувьчлах жагсаалтаа танилцуулав.Тэд Төрийн банк, Хөрөнгийн бирж зэрэг компанийг 100 хувь хувьчилна. МИАТ, Хөдөө аж ахуйн бирж, Монгол шуудангийн 49 хувийг хувьчлахаар ярьж байна.
Төрийн өмчийг хувьчлах жагсаалтад энэ мэтчилэн 27 компани байгаа. Гэхдээ энэ асуудал байнгын хороодоор орсон цагаасаа шүүмжлэл дагуулж эхэллээ. Өнгөрсөн мягмар гаригт болсон Эдийн засгийн байнгын хорооны хуралдаан дээр гишүүд ашигтай ажиллаж байгаа төрийн компанийг үнэгүйдүүлж хувьчлах нь буруу гэсэн асуудлыг ярив.
Тухайлбал, МИАТ, Төрийн банкны асуудал анхаарал татаж эхлээд байна. МИАТ-ыг Засгийн газрын тэргүүн “өрөндөө”, Төрийн банкийг МАН “өрөндөө” өгөхөөр зүтгүүлж эхэллээ гэсэн эхний хардлагууд яваад эхэллээ. Тэгвэл тус банк хэнд очихоор зам шулуудаж байгаа талаарх гаргалгаа тун сонирхолтой. Төрийн банкны өнөөгийн байдлыг авч үзье. 2009 онд байгуулагдаж, Зоос, Хадгаламж банкуудын хамгийн сайн гэсэн активыг авч, төрийн дэмжлэгтэйгээр үйл ажиллагаа явуулж байна.
2,3 их наядын актив, 1,1 их наядын зээлийн багц, 256,8 тэрбумын өөрийн хөрөнгөтэй, 14 тэрбум төгрөгийн ашигтай ажиллаж байна. Төрийн өмч хувьчлалыг явуулах нэг зарчим нь ашиггүй ажиллаж, төрд дарамт болж байгаа компаниудыг хувьчлах гэж заасан байдаг. Төрийн банкны тухайд ийм асуудал алга, хангалттай ашиг олж байна. Тэгэхээр энэ хувьчлалын цаана хэн нэгний эрх ашиг цухалзаж эхэлсэн хэмээн хардахаас өөр аргагүйд хүрч байна. Асуудал цаашаа тун сонирхолтой үргэлжилнэ.
2013 оны долдугаар сард “Хадгаламж банк” ХХК-ийг татан буулгаж актив, пассив хөрөнгийг Төрийн банкинд шилжүүлсэн байдаг. Уг үйл явдлын дараа “Алтжин” группийн Г.Алтангийн хүү Эдвард Сүрэн Хадгаламж банкны гаргасан баталгааг үндэслэж “Жаст групп” ХХК-д 32,8 сая ам.долларыг зээлдүүлсэн гэж Сүхбаатар дүүргийн шүүхэд нэхэмжлэл гаргасан байдаг.
Улмаар шүүхээс тус оны аравдугаар сарын 18-ны өдрийн 1921 дугаар шийдвэр гаргаж, “Нэхэмжлэлийг бүхэлд нь хангаж “Жаст групп” ХХК-иас 32.8 сая ам.доллар буюу 51.5 тэрбум төгрөг гаргуулж нэхэмжлэгч Э.Сүрэнд олгох, “Жаст групп” ХХК төлбөр төлөх үүргээ биелүүлээгүй тохиолдолд банкны баталгааны гэрээний дагуу хариуцагч Төрийн банкнаас дээрх төлбөрийг гаргуулж, нэхэмжлэгч Э.Сүрэнд олгосугай гэсэн шийдвэр гаргасан. Энэхүү шийдвэрийг Төрийн банкнаас эсэргүүцэн “Э.Сүрэнгийн хүсэлтийг хангаж чадахгүй” хэмээн мөн л шүүхэд хандсан байдаг.
Тэгвэл өнгөрсөн сарын 3-нд энэ асуудлыг шүүх хэлэлцэн, мөн л Э.Сүрэнгийн нэхэмжлэлийг хангах шийдвэр гаргаад байна. Тэгэхээр хүссэн хүсээгүй Г.Алтангийн 51 тэрбум төгрөгийн өрийг Төрийн банк барагдуулах болчихоод байна. Гэтэл Төрийн банкийг хувьчлах дүн 75 тэрбум төгрөг. Г.Алтанд төлөх өрөөс нэг их хол сонсогдохгүй байгаа юм. Мөн МАН-аас Г.Алтан авлагатай. 2012 онд МАН дотоод ажилдаа зарцуулахаар түүнээс нэг сая ам.доллар зээлсэн байдаг.
Тэр үеийн МАН-ын Ерөнхий нарийн бичгийн дарга Г.Занданшатар, иргэн Г.Алтан нарын гарын үсэг зурж баталсан Зээлийн болон барьцааны гэрээ бий. Зээлийн гэрээнд нэг сая ам.долларын сарын хүү 2.9 хувь байхаар тусгасан боловч хүүгээ ч төлөлгүй явсаар шүүхэд очсон удаатай. Энэ өрийг МАН тэглэсэн гэж лав сонсогдоогүй. Тэгэхээр Г.Алтанд эрх баригч нам Төрийн банкаа бараг л тавиад туучих гээд байх шиг байна. Тэд өрөө ингэж төлөхөөр шийдсэн бололтой.
Гэхдээ асуудал тийм ч амархан явчихгүй байх. Төрийн банкны өмч хувьчлалын цаана ийм эрх ашиг бий гэдгийг гадарласан УИХ-ын гишүүд нэлээд хатуухан байр суурийг байнгын хороон дээр хүргэж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Т.Аюурсайхан “642 тэрбум төгрөгөөс доошгүй үнэлгээ хийгдэх Төрийн банкийг 75 тэрбум төгрөгөөр хувьчлахыг дэмжихгүй. Үнэлгээг зохих ёсоор хийсэн ч гэсэн нийгмийн, хөгжлийн, салбарт гүйцэтгэх үүргийг нь бодолцож төрийн өмчлөлд ядаж нэг банк байх хэрэгтэй” гэв.
УИХ-ын гишүүн Л.Энх-Амгалан “Энэ төрийн өмчит компаниудыг өмч хувьчлал ялсан намын бялуу хуваадаг хэрэгсэл болж байна. Сонгуулийн санхүүжилтийг эндээс гаргадаг. Ийм ялзарсан бодлоготой явж ирлээ. Өнгөрсөн 27 жилийн хувьчлалаас ард түмэн юу хожив гэдгийг дүгнэх цаг болсон. Цаашдаа Монголын төр өмчтэй байх уу үгүй юу гэх бодлогоо тодорхой болгомоор байна” гэсэн. Харин УИХ-ын гишүүн Д.Эрдэнэбат “Төрийн банкийг хувьчлах асуудлыг яагаад яаран оруулж ирэх болов.
Төрийн банк байгуулагдсан түүхийн тухайд Зоос банк Олон овоотын гэх гайтай алтны уурхайгаас болоод Төрийн банк болсон. Дараа нь Төрийн банк нь Хадгаламжийг банкийг унагахдаа мөн л Олон овоотын уурхайгаас болсон гэж орж ирсэн. Гэтэл одоо Төрийн банк Олон овоот болон “Жаст”-д өртэй, өргүй гэсэн гэх маргаан яваад байна. Үүнээс болж Төрийн банкны хувьчлал явах гээд яараад байгаа гэх хардлага олон нийтэд байгаа.
Тэр стратегийн хөрөнгө оруулагч гэж нэрлэсэн хүн нь яагаад 75-хан тэрбум төгрөгөөр үнэлэх гээд байгаа юм” гэлээ. Ийнхүү Төрийн банкны хувьчлал тойрсон асуудал цаашаа өндрөө авах бололтой. Төрийн банк МАН-ын өрийг хааж Г.Алтанд очих уу? гэдэг нь одоохондоо асуултын тэмдэгтэй байна.
Т.БАТСАЙХАН
Эх сурвалж: “Зууны мэдээ” сонин
1 comment
Хувьчлал нэрээр хувааж авсахн идсэн уусан цусалсан гударсан нь огт багадаагүй байхаа