Хятадын “Чалько” компанид төлөх байсан 110 сая ам.долларын өрийг барагдуулснаар Тавантолгойн ордын зүүн Цанхын уурхайгаас олборлох нүүрсний үнэ улсын төсөвт бүрэн орж ирэх нөхцөл бүрдэж байгаа талаар эрх баригчид мэдээлж байна. “Чалько”-гийн өр барагдснаар “Эрдэнэс тавантолгой” ХК-ны эдийн засгийн үр ашиг дээшилж байгаа тул тус компани олон улсын хөрөнгийн бирж дээр IPO хийх бэлтгэл хангаж эхэлсэн байна.
Юуны өмнө тус компани энэ онд багтан нэг сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай баяжуулах үйлдвэр байгуулах ажлаа эхлэх гэнэ. Баяжуулах үйлдвэр бүрэн хүчин чадлаараа ажиллаж эхлэхэд жилд таван сая тонн нүүрс боловсруулна гэсэн тооцоо гаргаад байгаа аж.
Энэ жилдээ эхлүүлэх хоёр дахь ажил нь нүүрс баяжуулах үйлдвэр. Эхний удаад нэг сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэр байгуулна. Цаашдаа угсруулж барьснаар жилдээ таван сая тонн нүүрс боловсруулах хүчин чадалтай үйлдвэртэй болно. 2020 он гэхэд нүүрс олборлолтыг 35 сая тоннд хүргэнэ. Ингэхдээ “Эрдэнэс тавантолгой” компани өөрсдөө тоног төхөөрөмж техниктэй болж, олборлолт хийх боломжийг судалж эхэлсэн. Цанхийн уурхайд олборлолт хийдэг болсон цагт ашиг нь илүү өндөр тусах тооцоо гарсан гэж албаныхан мэдэгдээд байна.
Одоогоор “Эрдэнэс Тавантолгой” компанид Хүний хөгжил сангаар дамжуулан иргэдэд олгосон 200 сая ам.долларын дотоод өр бий. Үүний хүү нь 39 сая ам.доллар бөгөөд төгрөгт шилжүүлбэл 700 гаруй тэрбум төгрөг юм. Тус компани энэ онд багтаан өрийнхөө тодорхой хэсгийг барагдуулах юм байна.
Тавантолгойн ордоос иргэдэд олгох 1072 ширхэг хувьцааны тухайд 2018 оны жилийн сүүлийн хагаст гаднаас хөрөнгө босгох боломж бүрдүүлнэ гэж Засгийн газар үзэж байгаа юм байна. Одоохондоо хувьцааны бүртгэл бүрэн дуусаагүй учраас 1072 хувьцаа “Эрдэнэс Тавантолгой” компанийн блансад бүртгэгдээгүй байгаа аж. Бүртгэлийн ажлыг Сангийн дэд сайдаар ахлуулсан Ажлын хэсэг нэгтгэх ажлыг хийж байгаа гэнэ. Энэ оны сүүлээр дотоодын өрөө бүрэн барагдуулсны дараа компанийн дүрэмд өөрчлөлт оруулж, 1072 хувьцааг хөрөнгийн зах зээлд гаргах аж. Үүний дараа иргэдэд ногдол ашиг буюу хишиг хүртээх боломж бүрдэх юм байна.