Манайхан жорлонг нойл /оо/ гээд бүр нэршчихэж. Угаасаа монголчуудад жорлон гэж ямар байсан биш дээ. Ямарч үг юм, хаанаас ч гарсан юм бүү мэд. Нүүдэлчин ард түмэн жорлон ухаад сууж байх зав ч бас байгаагүй. Тэр тусмаа газар гэмтээж нүх гаргах, ялгадсыг “нутаглуулах” гэж ямбалах ямарч шаардлага байсангүй. Өтгөн шингэн ялгадас задгай байгальдаа шингэх буюу нохой, шувууны хоол болоод л өнгөрдөг байв. Гэтэл хотжиж үйл явц биднээс шинэ зан үйл шаардаж байна аа. Хүний хамгийн ойр хэрэглээ бол идэж уух, өмсөж зүүх, бас орон байр… Гэхдээ түүнтэй адилтгах, бүр илүү ч гэж хэлж болох нэгэн хэрэглээ байдгыг манайхан бараг анзаардаггүй юм. Энэ бол жорлон, ОО /нойл/ хүн идэж уудаг, бас ассемлейцийн хуулийн дагуу хэрэгцээгүй болсон зүйлээ ялгаруулдаг. Манай монголд айл бүхэн тийм нэг хаалгатай савтай бөгөөд орон сууцыг орхиод зөвхөн гэр хорооллыг авч үзэхэд Улаанбаатарын 170 гаруй мянган хашаа бүгд тийм жорлонтой. Нүүдэлчин монголчуудад гуу жалга, бут сондуул, эсвэл монгол дээлийн хормой л жорлонгиийн үүргийг гүйцэтгэж байлаа. Хүнээс гардаг тэр зүйл бол бохир, бидний хэлдгээр балиар зүйл огт биш, бас хортой ч юм биш. Хэрэвзээ тэр хортой байсан бол та өөрөө хордоод үхчих байсан биз.

Яагаад… Хортой мөөгийг өт иддэггүй бөгөөд хэрэв идсэн бол тэр өөрөө хордоод үхчих байсан учраас л тэр. Харин өт идсэн тэр мөөг хоргүй бөгөөд хамгийн ойлгомжтой аксем бол энэ юм. Түүн шиг хүнээс гарч буй тэр өтгөн шингэн хоргүй зүйл. Хортой байсан бол эзэн өөрөө хордчих байлаа. Гэхдээ өвчтнй эд эсээс, өвчтэй хүнээс ялгарч байгаа бол тэр өөр хэрэг. Иймд эрүүл хүнээс гарсан тэр зүйл эрүүл байж таарна. Ийм л юм. Гэтэл манайхан жорлонгоо муухай үнэртэй юм, бохир заваан юм хэмээн өөрөөсөө холтгож тээр тэнд хашааны буланд аваачиж барих. Гэтэл орон сууц ямар билээ. Гал тогооны өрөөний дэргэд байдаг биз дээ. Ганц алхаад орох тийм зайнд ОО-той атлаа гэр хорооллынхон жорлонгоо яагаад адлаад тээр тэнд аваачаад хаячихав. Үүнд учир начир байна аа. Тэр “заваан” учраас… Манай монголчууд үүнийг зүй зохисоор нь барьж сурсангүй. Аргагүй. Энэ бол шинэ зан үйл байсан. Дээр хэлсэн. Монгол дээлийн хормойнд найдаж өдий хүрсэн ард түмэн. Тохилог орон сууцанд орж паалантай жорлон дээр сууж, паартай байшинд амьдрах болсон тэр цагаас түүний сайхныг мэдрэх болсон боловч гэр, хашааны жорлонгийн талаар бага анхаарч иржээ. Адаглаад хэрхэн барьж болохыг хүртэл сурсангүй. Тэр жорлон гэдэг нэртэй жижигхэн модон сав хүн тухлах бас нэгэн орчин. Хэдүй цөөхөн хором саатаад гардаг ч гэлээ тэр цэвэрхэн, тохилог, элдэв янзын үнэр танаргүй, болбол тансаг сайхан үнэр ханхалсан тийм л газар баймааж нь хүн чөлөөтэй “бие заах” ёстой Жорлон гэдэг тэр “барилга байгууламж”-ийг зөв барьж сурах ёстой байсан. Үүнийгээ ч хийж сурсангүй. Адаглаад шалнаас нь доош оруулж агааржуулагч гэнэ үү, үнэр зайлуулагч гэнэ үү тэрхүү янданг зөв суурилуулах ёстой байв.

Тэгвэл жорлон дотор ямарч эвгүй үнэр гарахгүй бөгөөд үнэрийг нь тэр яндан дээш нь сороод гаргачихдаг ажээ. Тийм яндан бүхий жорлон дотор ялаа ч нисэхгүй цэвэрхэн орчин тэнд үүсдэг бөгөөд шалыг нь хивсэлсэн ч болно. Манайхны жорлон хүний нүдийг хуурсан, дээр нь алсаас харвал агааржуулагчтай мэт боловч зүгээр л гурвалжин мод суулгасан байх нь элэг авмаар, зүгээр л нүд хуурсан, уул нь өөрийгөө хуурсан хэрэг. Бас олон гишгүүр банз тавилгүй, нэг л хүн орох хэмжээний зайтай, жижигхэн байх ёстой. Ямар цэргийн ангийн гадна жорлон биш, олон хүн нэг зэрэг ороод байхгүй шүү дээ. Хэзээ гэр хорооллын хүмүүс, нэг жорлон руу шахцалдан гүйлдэж орж байлаа даа. Адаглаад материалд ч хэмнэлттэй шүү дээ. Нэг гэрийн хоёр зэрэгцээд бие засаад сууж байх гэж үү. Ийм энгийн юмыг хүртэл ойлгохгүй, материал зарж, том том жорлон гэр хороололд босгож байх юм. За яахав жорлон нь тийм байдаг юм байж. Яахаараа тэр тэнд аваачиж барьдаг байна аа. Нөгөө л бохир заваан гэснээс үүдэлтэй. Тэгвэл жорлонгоо гэртээ хамгийн ойрхон байгуул. Учир нь “ойрхон байхгүй бол зуурхаан” гэсэн хууль нойльд /ОО/-д үйлчилдэг юм. Өөрөөр хэлбэл тийшээ тэр алс хол хэн явах юм бэ. Зайлшгүй хэрэгцээ гарсан хүн л тийш явдаг. Хүрч чадахгүй “алдах” тохиолдыг шалихгүй юм аа гэхэд харчуул нэг их тийшээ зүглээд байхгүй, наана нь учраа олчихдог. Тэгээд л жорлон хүртэлх бүх талбай шээсээр бохирдож, хүүхэд тоглох нь байтугай хүн явахад бэрхшээлтэй орчин үүсдэг. Хэдүй гэрээсээ холтгож байгаа мэт боловч урд хашааны “Дондог“ өвгөний гэрийн гадна авч ирээд барьчихаж байгаа нь тэр. Дондог гуай арын хашааны Доной өвгөний жорлонг үнэрлэсээр насыг элээнэ.

Үүнийг бараг бодолцсонгүй өдий хүрчээ. Бас жорлон хүртэл явган хүний хол зам гарч, нөгөө ногоон байгууламж, хүнсний ногоо, жимсний талбай бохирдож, тохижуулах ёстой талбай тодорхой хэмжээгээр нэмэгддэг. Хашаан доторх ашигт талбайн хэмжээ хомсдоно. Харин ойрхон жорлонтой бол замаа сайхан засаад хоёр талаар нь монос, голт бор мэт сайхан анхилам үнэртэй мод сөөг, бүр адаглаад амархан ургадгаар нь улиас, хайлаас тарьчих юм бол та цэцэрлэгжсэн богинохон замаар гурав алхаад л хүрэх газраа хүрчихнэ. Бас орчин үед чинь түүний үнэрийг дардаг бодис, өөрийг нь саармагжуулаад ашиглачихдаг технологи бэлхнээ гараад ирсэн байна шүү дээ.

Намайг сургуулийн сурагч байхад манай Баруунтурууны 10 жилийн сургуулийн захирал Т.Цэвгээ гэдэг хүн байлаа. Тэр хүн дотуур байрын хүүхэд биднийг “яван шээдгүүд” гэдэг байв. Үнэндээ сургуулийн дотуур байрын далай шиг том хашааны алс буланд нөгөө жорлон гээч нь байх. Тийшээ тэсгим өвлийн хүйтэнд очиж “хөнгөнөөр” бие заах гэдэг ёстой ядаргаа. Харанхуй шөнөөр явах замдаа давсагаа суллачихдаг биднийг тэгж дууддаг байлаа. Одоо бодоход захирал багшийн хочилдог зөв ч байсан юм уу буруу ч байсан юм уу бүү мэд. Зөвхөн гэр хороололд ч биш, хотын төвдөө энэ асуудлыг зөв ухаалгаар шийдэх цаг аль хэдүйн болсон. Яах вэ нэг үеэ бодоход “Сити туалет” нижгээдийг барьсан боловч тэр нь бүрэн хүрэлцэхгүй. Бие засахгүй хүн гэж байхгүй, харин өдөржин хоол ундгүй явж чадах бөлгөө. Зарим үйлчилгэний газар, супер маркет гэх мундаг дэлгүүрээр ороод ОО-ыг нь сураглахад байхгүй, манайх гаднын хүнд үйлчилдэггүй гэх. Дэлгүүрээр үйлчилж болсон юм, яахаараа тэр хүний биологийн хэрэгцээг хангаад биеийг нь засуулаад гаргаж болохгүй гэж. Тэгвэл тэр хүн хаана “биеэ засах” вэ. Яг тэдний байшингийн ёроолд. Ойрхон байхгүй бол зуурхан гэдэг хууль үйлчилж байгаа нь тэр. Тэгээд л хотын орчин, таны орчин бохирддог юм гэдгийг нэг ойлгоосой билээ. БНСУ жорлонгийн асуудлаа бүрэн шийдсэн бөгөөд хаана ч явсан тохилог жорлон, татах ус, үнэр дарагчийг байрлуулж, нойлын цаасаар бүрэн хангасан байдаг нь хүн бүрийни хэрэгцээ байдгийг дэндүү сайн бодолцсон хэрэг. Манай монголд хүртэл “ОО”-ын холбоо байгуулагдсан гэсэн. Тэр байгууллага маань адаглаад гэр хороорлолд жорлонг хэрхэн барих, яаж орчныг нь тохижуулах, цаашлаад био, эко, юу юу гэнэ бэ орчин үеийн бие засах газрыг олшруулах, төрийн бодлогод хүртэл нөлөөлөх ажлыг санаачлаасай билээ. Бие засдаггүй хүн гэж байдаг бил үү. Хот байгуулалтын нэг том бодлого энэ бөгөөд хотоо цэвэрхэн, тохилог, иргэдээ гэсэн хандлагыг шингээхгүй бол хот хог, буртгаасаа салахгүй, тэр тусмаа ариун цэврээр орчин үеийн шаардлагыг хангахгүй нь лав. Хотын ОО-ын асуудал биеэ даасан бодлого шаардсан, хүний төлөө, аюулгүй цэвэр хотын төлөө, эрүүл ахуйн төлөө, экологийн төлөө олон асуудлыг өөртөө агуулсан байгаа тул энэ тухай яриа хөндөөд хаядаг сэдэв огт биш. Зуслангийн жорлонгууд хүртэл хэл ам дагуулсаар д байгаа.

By updown.mn

Мэдээний админ

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн