Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатар НҮБ-ын Ерөнхий нарийн бичгийн даргын орлогч бөгөөд Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын асуудал эрхэлсэн Дээд төлөөлөгч Фекитамоелоа Утоикамануг өнөөдөр хүлээн авч уулзав.
Д.Цогтбаатар сайд Монгол Улсын санаачилсан анхны олон улсын Засгийн газар хоорондын байгууллага болох Далайд гарцгүй хөгжиж буй орнуудын Олон улсын судалгааны төв /ДГХБО-ын ОУСТ/-ийг үүсгэн байгуулах, үйл ажиллагааг нь эхлүүлэхэд дэмжлэг үзүүлж ирсэн НҮБ-ын Дээд төлөөлөгчийн албанд талархал илэрхийлээд тус төвийн үйл ажиллагааг эрчимжүүлэх чиглэлээр цаашид хэрхэн цаашид хамтарч ажиллах талаар санал солилцов.
Түүнчлэн далайд гарцгүй хөгжиж буй орнуудад тулгарч буй асуудлаар судалгааны ажил хийх, олон улсын худалдаа, ялангуяа Дэлхийн худалдааны байгууллагын яриа хэлэлцээнээс хүртэх үр ашгийг нэмэгдүүлэх, чадавхийг сайжруулах, эдгээр орны хүний хөгжлийн түвшинг дээшлүүлж, ядуурлыг бууруулахад хувь нэмрээ оруулах зорилготой энэхүү судалгааны төвийн үйл ажиллагаанд цаашид шаардагдах санхүүгийн болон бусад дэмжлэг туслалцаа нэмэгдүүлэхэд анхаарч ажиллахыг НҮБ-ын Дээд төлөөлөгчид сайд хүсэлт болгов.
Хатагтай Фекитамоелоа Утоикаману ДГХБО-ын ОУСТ-ийг байгуулахад Монгол Улс манлайлан оролцсонд талархал илэрхийлээд тус төв нь Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын анхны Засгийн газар хоорондын байгууллага болохыг онцлов. Дээд төлөөлөгчийн алба Олон улсын судалгааны төвийн Захирагчдын зөвлөлд ажиглагчаар орох сонирхолтой байгаа бөгөөд тус төвийн үйл ажиллагаа төдийгүй нийтлэг бэрхшээлтэй эдгээр орнууд олон улсын түвшинд эрх ашиг, байр сууриа хамгаалах, улс орныхоо хөгжлийн бодлого боловсруулах, Венийн үйл ажиллагааны хөтөлбөр болон Тогтвортой хөгжлийн зорилтуудаа хэрэгжүүлэхэд нь дэмжиж ажиллахаа илэрхийлэв.
Хатагтай Фекитамоелоа Утоикаману Улаанбаатар хотноо 2018 оны 6 дугаар сарын 11-12-нд болсон Далайд гарцгүй хөгжиж байгаа орнуудын Олон улсын судалгааны төвийн Нээлтийн бага хуралд оролцохоор Монгол Улсад хүрэлцэн ирсэн юм гэж Гадаад харилцааны яамнаас мэдээлэв.