Социализмыг санагалзсан “хуучинсаг” гэх бидний нөхөд тэр 1990 оноос чинь өмнө юм бүхэн сайхан байсан гэж хэлж байна. Улаанбаатар хот хүн бүрт ногоон харагдаж, хийж бүтээсэн нь нүдэнд үзэгдэж, гарт баригдаж байсан аж. Өнөөдөр яагаад ингэж шүүмжлэл дагуулж амтай болгон хялайж харах болов. Нэгдүгээрт хот харьцангуй цомхон, хүн ам цөөнтэй, өөрөөр хэлбэл түгжигдмэл биш, саруулхан, гудамж талбай нь цэлгэр, цэмцгэр байж.
Баригдсан байшин барилгадаа дэд бүтэц нь хүрэлцээтэй, ногоон байгууламж нь нормативт хэмжээндээ, машин техник цөөн байсан зэрэг нь тийм аюулгүй, бохирдолгүй, иргэд нь бухимдалгүй жинхэнэ “сайхан” хотын дүр төрхийг үзүүлж байсан бололтой. Бас хотын аж ахуйд хандах хүмүүсийн хандлага их эерэг, хүн бүхэн үүрэгтэй, төр засгаас явуулж байсан бодлого нь хүний төлөө хотыг захируулж, хэдий ядуувтар эдийн засагтай ч хотын аж ахуйг зөв чиглэлээр хөгжүүлэх гэж оролдож байжээ. Хоёрдугаарт: Улс орон гэнэт ардчилалд шилжиж, хүн бүхэн үүргээ биш, эрхээ эдлэх нь давамгайлж, хотын төлөвлөлт алдагдаж, дуртай хүн дуртай газартаа байшин барьж, нүхэлж цоолж, хэн дуртай нь хот уруу шилжин ирж, төлөвлөөгүй байсан ачаалал үүсч, өөрөөр хэлбэл хотын ерөнхий төлөвлөгөө бүрэн алдагдаж, дураар аашлагчдын үүрлэх орон зай, эмх замбараагүй хотын хэв маяг үүссэн байна. Ингэж хэлээд л “хуучинсаг”-уудын эгнээнээс гарч чадахгүй байгаа юм би. Намайг хотын ерөнхий дендрологич байх үед буюу тодорхой хэлбэл 2007 онд, өөрөөр хэлбэл одоогоос 10 жилийн өмнө Нийслэлийн төр захиргааны төв байрны үүдний хэсэг, Сүхбаатарын талбайн баруун талд 30 ширхэг жижиг гацуур модыг том оврын Нарс модоор солих ажлыг хийсэн юм. Өмнө нь байсан тэрхүү Гацуурууд маань суулгаад 4 жил болсон атал гэмтээгүй нэг ч мод үлдээгүй, бүгд л тахир дутуу, мөчиргүй, үзүүр, оройгүй /энэ зурган дээрх/ байдалтай болсон атал түүнийг хэн ч зайлуул, муухай юм гэж хэлээгүй байхад би том оврын Нарс модоор солих зураг төсөв хийлгэн улсын их баяр наадмын өмнөх өдрүүдэд буюу 7-р сарын 7-нд том мод шилжүүлдэг компанаар хийлгэсэн. Яахав манай дарга нар дэмжиж, хөрөнгийг нь шийдэж өгсөн юм. Тэгтэл зарим нөхөд Чимидээ энэ хэд чинь ганц нэг жил ургаад бүгд үхнэ, харж байгаарай гэж ам асууж байлаа. Гэтэл 10 жил ургахдаа ганцхан мод үхсэн бөгөөд харин эд бүгд үрээ өгч, боргоцойлсон байхыг хараад баярлаж, зөв технологиор суулгаж, арчилсан мод ингэж сайхан ургадгийн жишээг үзүүлсэнд сэтгэл засарч, том модны тухай миний үзэл бодолд өөрчлөлт гарсан юм. Манай хотод ургаж байгаа
Тухайлбал Байгалийн түүхийн музейн зүүн талын Сүхбаатарын гудамж, Эрхүүгийн болон Самбуугийн гудамжны Шинэс, дуурийн театрын өмнөх Гацуур, 1-р 10 жилийн сургуулийнөмнөх Нарс зэрэг нь 1950-аад оны үед мөн л том хэлбэрээр, морин тэргэнд ганц, ганцаар нь авч ирж суулгасан моднууд бөгөөд одоо хэр нь зөв титэмтэй, өндөр саглагар шилмүүст мод болон ургасныг түүх гэрчилнэ. Харин бас сайн мэдэхгүй байж, нэг их байгальд хайртай хүний дүр эсгэж, тэр сайхан моднууд байгальдаа л байж байг гэх хүмүүс тааралддаг юм. Ой гэдэг дэндүү баян бөгөөд сүүлийн жилүүдэд цөөхөн том мод ойгоос авсан шүү дээ. Сөүлийн гудамжийг Солонгосчуудын хүчээр тохижуулсан. Тэнд авто болоод явган замыг, ногоон байгууламж, сүүдрэвч, хайс хамгаалалт гээд иж бүрнээр нь хийсэн юм. Тэнд Солонгосчууд бид том шилмүүст мод тарина, шилмүүст жижиг мод та нарт мод болж харагдахгүй гэсээр байж том оврын мод шилжүүлэн суулгасан юм. Түүнээс хойш 10 гаруй жил өнгөрч. Мартадгаараа манай нөхөд мартаж, усалгаа, арчилгааг орхигдуулсаар мод маань шингэрч харагдаж байна. Солонгосчууд өөрсдөө хөрөнгө гаргаад ингэж цэцэрлэгжүүлж өгөөд байхад бид орхигдуулж яахан болох. Нөгөө л бидний мод ургамлыг төлөвлөгөөтэй арчилж тордодгүй, түүнд шаардагдах хөрөнгийг нь суулгахгүй дундаа хаяж эзэнгүйдүүлдгийн нэг жишээ. Түүнээс биш илүүдээ гарсан хөрөнгө, биднээр тоглуулах гэсэн туршилт биш биз дээ. Хотыг цэцэрлэгжүүлэх ажилд мод үржүүлгийн газарт бойжуулсан навчит модны суулгацуудыг өргөн ашигладаг.
Тэдэн дунд Улиас мэтийн 2-аас дээш метр өндөртэй навчит мод байдаг л юм. Гэвч ихэнх нь 0,5-1 метр өндөртэй чимэглэлийн бут, сөөг. Ийм жижиг байгаад хурдан том болдог чимэглэлийн навчит мод, сөөгийг хотын тохижилт, цэцэрлэгжилтэнд асар олон тоогоор хэрэглэж ирсэн. Харин ойгоос тийм жижиг Нарс, Шинэс, Гацуур зэрэг шилмүүст модыг хотод авч ирээд буруу суулгах, арчлах технологийг мэдэхгүй орхих, бүр халуун зунаар үндэсний шороогүй модыг бөөн бөөнөөр нь суулгаад хаях зэрэг зохисгүй үзэгдлүүд гарч байгаагаас гадна жижиг мод яаж ч байсан ургадаг гэсэн буруу ойлголт хүртэл газар авсан байна. Тэр жижиг мод тариад хот сайхан болчихдог байсан бол хэдэн арван сая тэр жижиг мод хаачив. “Өт ч амьтан, би ч амьтан, та ч амьтан” гэдгийн үлгэрээр хотод ирээд нэг л халуун амь тасарсныг хэлээд юү хийхэв. Жижиг модны зовлон их. Тэр жижигхэн модны мөчрүүд турхин, ялангуяа өвлийн улиралд хөлдсөн нарийн мөчрүүд, зулзган модны орой хугарч тахир дутуу мод болон үлддэг. Бас хүүхэд, мал амьтан, бүр нохой хүртэл түүнийг гэмтээдэг. Ийм шилмүүст мод хэзээч хэвийн сайхан зөв титэмтэй, том мод болон өсөхгүй учраас авч хаяхаас өөр аргагүйд хүрдэг. Хотын захиргааны үүдэнд байсан 30 гацуурыг ийм л шалтгааны улмаас зайлуулахад хүрсэн. Гэтэл Сонгинохайрхан дүүрэг хэдэн жилийн өмнө 50-60 см өндөртэй зулзган Нарс модыг их хэмжээгээр суулгаснаас тэднээс одоо нэг ч мод амьд үлдээгүй. Ихээхэн хамгаалалттай орчинд жижиг шилмүүст мод суулгаад хятад хүн шиг арчлаад байвал сайхан мод болж болох ч тэр том модны дайтай болоход 15-20 жил шаардлагатай бөгөөд зулзган мод яг л хүүхэд өсч байгаа юм шиг цаг хугацаа, арчилгаа, энэрэл, хайр шаарддаг гэдгийг сайн ойлгох шаардлагатай л даа.
Жижиг мод гээд яриад байгаа мод маань голдуу шилмүүст модны тухайд бөгөөд яг өнөөдөртөө 4-5 метр өндөртэй шилмүүст мод мод үржүүлгийн газарт алга байна. Угааасаа үрийн гаралтай дээрх модыг үрээр тариад 2-3 удаа бойжуулах талбайг дамжуулан ургуулаад дээрх өндөртэй болгоод хотод нийлүүлнэ гэвэл 10-15 жил наад зах нь шаардагдана. Харин ойд бидний үеийнхний тарьсан таримал ой гэрэл тэжээлээ булаацалдан 5-7 метр өндөр болчихсон байхад тэднийг сийрэгжүүлэх замаар хотод таръя гэхээр болохгүй гэж дуугардаг “мэргэжилтэн”-үүд бас байх юм. Ойд хохирол үүснэ гэдэг талаас нь биш, ургаж байсан юмыг авч ирээд үхүүлж болохгүй гэдэг талаас нь яривал тун зүгээрээ. Би нэмээд хэлчихэе. Хэдэн мянга, сая га-аар нь ойгоо шатаачихдаг мөртлөө цөөхөн мод аваад яаж ийгээд ургуулчихвал манай хот 2-3 жилдээ ногоон болно. Ой сүйдээд байна гэх хий айдсыг битгий үүсгээд байгаач гэмээр. Том мод сүр бараатай болохоор түүний үхсэн сэхсэн нь тод харагдаж хүмүүсийн халагладаг зөв. Гэхдээ мод тарьж суулгаж эхэлсэн 1940-өөд оноос хойш хэдэн арван сая жижиг мод Улаанбаатарт үхэж устлаа шүү дээ. Үүнтэй төстэй нэг жишээ, тухайлбал манай улсад авто машины ослоор өдөрт нэг хүн буюу жилд 360 хүний амь нас хохирчээ. Магадгүй нэг удаа онгоцны ослоор 360 хүн нэг зэрэг амь үрэгдсэн бол яахав, ёстой синсац болоод, онгоцонд суух хүн олдохгүй болно биз дээ. Гэтэл машиныхаа ослыг бол мартчихаад… Үүн шиг хотод 360 том мод л үхсэн. Үүнийг харчихаад том мод ерөөсөө оруулж ирж тарьж болохгүй гэдэг нь онгоцонд сууж болохгүй гэсэнтэй л агаар нэгэн