“Аргалын утаа бургилсан Малчны гэрт төрсөн би”… Аугаа их Чойжилын Чимид нэгэнтээ ингэж шүлэглэсэн. Талын монголчууд энд тэнд ханаа дугуйлж, гэрээ барьж, аргалын цэнхэр утаагаар хүн хүнийг даллаж байсан цаг саяхан. Өнөөдөр утаа Улаанбаатарт гамшиг болсон гэнэ. Тэр ойлгомжтой. Монгол улсын хүн амын тэн хагасаас илүү хувь нь Улаанбаатарт, дөрвөн уулын дунд салхи ч үгүй, жавар ч үгүй хонхорт амьдарч байгаа юм чинь, тэр их утаа хаашаа зайлахсан билээ. Зарим нөхдийн хошгиндгоор Улаанбаатарын утаанд Богд хан уул буруутай гэнэ. Урдаас нь хашаад урсан зайлах замд нь саад болдог бололтой.
Гэвч хотынхны багагүй хувь нь орон сууцанд орчихоод, бас жил бүр “тохилог” гэх орон сууцаа нэмээд байхад утаа улам нэмэгдээд байдгын учир юунд байв. Их нүүдэл утаатайгаа Алтан тэвшийн хөндий рүү нүүж ирсэн бололтой. Харин утаа үүссэн шалтгаандаа тавьсан онош нь, дайтсан арга нь буруу байсан байж магадгүй. Сүүлийн 15 жил хорт утааны эсрэг зөндөө юм хийсэн гэнэ. Манай дарга нар сайхан сэтгэсэн. Юу гэж. Эхлээд орон сууцжуулах, дараа нь утаагүй зуух, утаагүй түлш, тэгээд дээвэр туурга, тэдэнд зөвлөхүүд нь хэлж, үүнийг төр засгийн хэмжээнд ярьж байгаад шийдсэн хэрэг. Бас болоогүй ээ, өдгөөгийн Монгол Улсын Их хурлын дарга юу гэж хэлж байна гээч. Дахиад л орон сууцжуулж утаанаас сална гээд л… Утаанаас салах гэсэн №1 гарц. Энэ нь үе үеийн дарга нарын мөрийн хөтөлбөр байлаа. Ингэж л ярьж байгаа учраас утаатай тэмцсэн “аян дайн” амжилтанд хүрээгүй юм. Улаанбаатарт 30,0 мянган га газарт 280 мянган хашаа, хотын хүн амын 70 хувь нь сууж байхад орон сууцжуулна гэдэг бол бүгдийг нь орон сууцанд оруулаад утаагүй болгоно гэсэн утга. Тийм юм орчлонд байхгүй. Хашааны газрыг аваад эзэнд нь 1-2 өрөө байр өгдөг болохоос биш тэр хашаанд байгаа айл бүгдэд нь орон сууц өгдөггүй л байхгүй юу, Хашаагаа өгсөн айлын эзэн огт мэдэхгүй байна, тэнд түүний хамаатан, ах дүү, бас болоогүй ээ хүргэн, хүүхэн нь хажууд нь байгаа. Аргаүгүй биз дээ насаасаа орон сууцанд амьдарсан дарга нар түүнийг яахан мэдэх билээ. Тэр айл нүүгээд хаашаа явах билээ, дахиад л хотын захад гэрэл, цахилгаангүй газар нүүж очиж тулгаа тулж, хотын хаяаг тэлдэг юм. Нэг айл орон сууцанд ороход тэр хашаанд. байсан бусад айл нь нүүж гэр хороолол үүүсгэдэг.
Өнөөдөр Улаанбаатарын бүх айл орон сууцанд бүгд нүүж ороход 200 жил шаардлагатай. Их хурлын дарга 4 жил л даргаа хийнэ. Тэр хашаанд байгаа худаг, байшин, гарааш, жимсний мод сөөг энэ тэрийгээ бүгдийг нь хаяад 2 өрөө байшинд орох уу. Дахин төлөвлөлт, хашааг орон сууцаар солих энэ тэр бол барилгын компануудыг тэтгэсэн, дамын наймаа. Зүй нь хашаандаа сайхан амьдар, дэд бүтцийг чинь дөхүүлээд өгөе гэж л хэлэх байсан юм. Тэнд цахилгаан, дулаан, зам, хий /газ/, өөр юу хэрэгтэй байгаа юм, түүнийг нь хүргээд өгчихвөл болмоор байдаг. Америкт амьдарч байгаад ирсэн нэг эмэгтэй ярьж байна гэнэ, “Би Улаанбаатарт очоод 2 өрөө байраа зараад хашаанд гараад миарч байна гээд л ярьж, холоос анд нь чи мундаг байна ш дээ хашаатай болно гэдэг сайн шүү, энэ бол эдлэнтэй болж байна гэсэн үг гэж гэнэ. Гэтэл манай том дарга нар эдлэн газрыг нь ганц нэг өрөө байраар солиод утаанаас салгана гэж яриад байдаг. Зөвхөн Улаанбаатарт 30.0 мянган айлын орон сууц орох эзнээ хүлээгээд байж байдаг. Үүнийг яана аа. Утаатай холбогдож миний хэлэх гэсэн нэг санаа бол орон сууцжуулж байж утаанаас сална гэсэн дарга нарын эгдүүтэй үг. Ер нь Улаанбаатарын утаанаас салах аргаа зөв оношилж, гаргалгаагаа зөв хийхгүй бол өмнөх жилүүд шиг мунгинасаар байж л таарах нь гэж бодогдоно. Бат-Үүл ч утаанаас салгана гэсэн, өмнөх дарга нар нь ч бас л тэгж ажилласан. Харамсалтай нь утаа багассан уу, яндан цөөрсөн үү.
Тэгтэл Монгол улсын Ерөнхийлөгч юу гэж хэлсэн. Улаанбаатар ирээдүйгүй хот, хөрөнгө оруулах шаардлагагүй гэх ухааны. Энэ юу гэсэн үг вэ. Нэмж байшин баригдахгүй гэсэн үг үү. Дараачийн нэг санаа бол В.И Лениний үг. “Зөвлөлт засаг дээр цахилгаанжуулалтыг нэмбэл коммунизм болно” гэж. Шинэ ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Улаанбаатарт гэр хорооллынхны шөнийн цахилгааны зардлыг тэглэх шийдвэр гаргалаа. Ийм шийдвэрийг 15 жилийн өмнө гаргах байсан юм. Зарим нөхөд тэр үед гаргавал манай станцуудын хүчин чадал, дамжуулах шугамуудын тэнхээ хүрэхгүй байсан юм гэнэ. Энэ хооронд утаатай тэмцэх гэж зарсан 135.0 тэрбум төгрөгөөр дамжуулах болоод үйлдвэрлэх ямарч хүчин чадлыг бий болгочих байсан юм бүү мэд. Гэхдээ хожуу ч гэсэн энэ бол хамгийн оновчтой гаргалгаа. Гэр хорооллынхон төр засгаас, хотын дарга нараас илүү их юм шаардаад байдаггүй. Тэр Орос руу бараг үнэгүй шахам шөнөөр урсгадаг цахилгаанаа гэр хороолынхонд болбол үнэгүй, эс чадвал экспортолдог үнэнээрээ л өгчих гэж хүсэн хүлээсэн. Тэгтэл өлөн зэлмүүн юмнуудпад “тог” өгч байснаас Туул руу асгачихсан нь дээр гэж Эрчим хүчнийхэн цааргалсаар, бас сэтгэл гаргахгүй байсаар өдийг хүрсэн. Болгоё гэвэл болдпог л юм байна ш дээ. Үүнийг Ч.Сайханбилэг сэтгээд Э.Бат-Үүл хэрэгжүүлчихсэн бол юу гэж арван зургаан оны сонгуульд ялагдах билээ. Улаанбаатарынхны 70 хувь нь гэр хороололд амьдарч байхад тэдэнд хотын доторх зам, замын уулваруудыг бондын хөрөнгөөр өргөтгөснөөс цахиллгаан хүргээд өгчихсөн бол саналаа өгнө шүү дээ. 5-р ТЭЦ-ийг барина гэж хэдэн жил ч хөөрцөглөв дөө. Газрыг нь авах гэж хэдэн ч жил болов, дархан цаазат, тусгай хамгаалалттай Богд хан уулын амыг өгөх болох дээрээ аль дуртай болгон гарын үсгээ зурдаг атлаа Улаанбаатарчуудын төлөө, улсын хөгжлийн төлөө, утааны эсрэг болохоор гар нь хүлээстэй хэвээрээ, барих дээрээ турахаар барьцаа гаргаад өгчих зоригтой нэг ч ерөнхий сайд байхгүй байсаар өдий хүрлээ.
Гэтэл С.Баяр мэт нь Эрдэнэтийг барьцаалж байгаад л мөнгө зээлээд байж шүү дээ. Зүгээр л ямарч юм залгасан уначихдаггүй трансформаатор, янзыг нь олоод байвал дэлбэрчихгүй газ оруулаад л өгчих. Тэгвэл тэр хар нүүрстэй чинь ноцолдоод байх хүн гарахгүй л дээ. Утаа юунаас болж гарч байна вэ гэж оношлохдоо эхлээд монгол гэр дулаан их алдаж байна, тийм учраас гэрийг нь дулааж өгөе гэж сэтгэсэн. Тиймийн тулд дээвэр, туургаар хангая гэж баахан хөрөнгө зарсан. Монгол гэрт өвөл давхарга хэрэглэж байж өвөлждөг. Тэгтэл ядуу зүдүү тэдэнд давхарга байтугай дан бүрээстэй айл ховордож, тэдний түлэх түлээ, шатаах нүүрсний хэмжээ нэмэгдсэн. Бүр гарт тааралдсанаа түлж онд орж эхэлсэн. Гутлын толгой, машины дугуйны хаймар, шатаж болох бүхнийг бараг хашаанд ачих хоггүй болтлоо шатаасан. Тэгэхээр утаа нэмэгдэж агаар бохирдолгүй яахав дээ. Иймэрхүү амьдрал нь нөгөө дээвэр туурга тараах гэж мөнгө босгогчид, утаагүй түлш, гүйцэд шаталттай зуух мэтийг оруулж ирэх гэж уралдагсадад бизнесийн орон зай гарч, зарим нь баяжаад, зарим нь нүүрс шуудайлж, ядуучуудын амьдралаар тоглож иржээ. “Цэвэр агаар” төслийнхний энэ хооронд идсэн уусныг яриад яахав. Дараачийн сэтгэлгээ нь айлуудын зуух нь их хэмжээний түлш шатааж байна, багахан нүүрсээр өвөлжчих “сайн зуух”-ны аянд мордож бас л хөрөнгө зараа биз дээ. Утаагүй түлшний үйлдвэр ч гэх шиг, зарим цахилгаан станцын зориулалтыг өөрчлөн үйлдвэр байгуулна ч гэх шиг олон үлгэрүүд бүгд зүүд болон замхарсан.
Хотын дарга нарын онигоо. Манай хотынхон маш их юм хийгээд байгаа, харин хийсэн юм маань утаанд харагдахгүй байна гэсэн… Тэгэхээр онигоонд орохгүй байх ямар арга зам байнав, хайх хэрэгтэй. Утааны хамгийн том эх үүсвэр нь ядуурал, дараа нь нүүрс гэж би ойлгож байгаа. Цахилгаантай болчихвол гэр хорооллынхон хашаандаа үйлдвэрлэл явуулаад амиа тээгээд яваад байж чадна. Бас газрыг нь битгий булаагаад авчих гэмээр байгаа юм. Улаанбаатарын утаатай холбож ярих олон зүйл байгаа боловчиг хоёр, нэгхэн санааг цухалзуулаад өндөрлөе гэж бодлоо. Гэр хорооллынхноо ядуурлаас гаргая гэсэнсэн бол айлууд давхар бүрээстэй ч болно, ороход пүнхийсэн халуун дулаан ам бүл ч угтах байсан. Тэгээгүй юм. Ард түмнээ ядуу байлгах нь бидэнд ашигтай гэж хэн нэг нь бодоогүй ч уйваагүй улс төрчид, талцан маргаж, өмч, эрх мэдлийн төлөө явж ирсэн төр засгийнхны буруу бодлогын гайгаар ийм байдалд хүрч, түүнээсээ гарч чадахгүй болсонд хамаг учир нь байгаа юм. Урин дулааны цаг ирж утаагаа мартах дөхөж байна. Үндсэн хуулийн дагуу амьдрах газраа өөрөө сонгоод Улаанбаатар луу нүүж ирсэн айлууд буцаад нүүх цаг бас айсуй. Улаанбаатар жаргалын орон биш гэдгийг Монгол улсын ерөнхийлөгчөөсөө эхлээд санууллаа. Аймагтаа, сумандаа аз жаргалтай амьдрах боломж бүрдэж байна гэнэ.
Цаана чинь 60.0 сая мал бэлчиж, гаднаа жип машин зогсоочихсон, нарны станц босгочихсон улсын наадмын бөхийг зурагтаар үзээд, хөргөгчөө амтатнаар дүүргэчихээд, гар утаснаасаа доллар шилжүүлээд, хурдан хүлгээ тарлаад зогсож байгаа хархүү хөдөөгөөр нэг болж байна. Харин манай нийслэл хотод 2-3 ромбо зүүчихсэн, мөн тийм тооны тамга өвөртөлчихсөн, том том ярьсан “чөмөггүй туг ширээнүүд” хөлхөлдөж байна. Хэдэн зуугаар тоологдох хувийн их дээд сургуулиуд үүд хаалгаа хааж эхэллээ. Аав ээжийнхээ амьжиргааг барж, хэдэн бор төгрөгийг нь хотод авч ирж пиво вааранд өгчихөөд сурсан юмгүй, ромбо, диплом өвөртлөөд харьж байна. Сургууль соёлд явах охид, хүүхдээ дагаад хот орж ирлээ гэх аав, ээжүүд юм бодож эхэлж байна. Ийм олон их дээд сургууль оюутанд мэдлэг, мэргэшил өгдөг байсансан бол Сарандаваагийн түрийвчээр мөнгө даллах “урилга”-д очихгүй л байх байсан. Одоо тийшээ, тэр олон сургууль уруу биш, Сарандаваа руу цувж байна. Ингэж мөнгөтэй болох юм гэнээ ээ. Утаа, угаар тархийг бохирдуулж, унших сэтгэх ухаан дутаж, ууж идэхийн дон шүгэлснээс улс орон доройтож байгааг сануулаад, “утаа!, утаа!, утаа!” гээд орхие. Гэхдээ улсынхаа нийслэл Улаанбаатар хотоо утаатай юм гээд хаячихгүй, урин дулаан боллоо гээд мартчихгүй байгаасай.