Бид хаврын тохижилт гээд яриад сурчихаж. Газар гэсэж, ичигсэд хөдөлж, мод ургамлын нахиа хөөж, навчилж цэцэглэдэг тэр үед хаврын тариалалт эхэлж, тэгээд л хотын мод ногоорохоос өмнө жаахан бужигнаж байгаад зогсчихдог “монгол заншил” бий болчихоод байгаа болохоос биш тохижилт, цэцэрлэгжилтийн ажлыг жилийн турш хийх ёстой юм. Жилийн дөрвөн улиралтай манай орны хувьд урин дулаанд л жаахан юм амжуулдаг дадлаас ангижрах цаг болсон. Мод ургамлыг тарьж суулгадаг арга технологи их өөрчлөгдсөн байгаа. Газар хөлдсөн үед л мод суулгах нүх ухах, эсвэл хөлдүү газраас мод ургамлыг ухаж авах зэрэгт хүндрэл үүсдэг болохоос хэзээ ч мод тарьж суулгаж болох ажээ. Энэ удаад “та мод тарихад бэлэн үү” гэдэг асуултанд л таны анхаарлыг хандуулах гэсэн юм. Хүн амьдрах орчноо сайхан болгох гэж мод тарьдаг. Харин хэрхэн сайхан болгох аргаа бараг мэддэггүй. Нэгэнт мэдэхгүй болохоор хаанаас яаж ажлаа эхлэхээ ч мэддэггүй ажээ. Зүй нь ямар хэмжээний талбай, ямар зориулалтын болгон өөрчлөх, хир хэмжээний хөрөнгө оруулалт шаардагдах, мод тарих хийгээд тохижуулах арга маань юу билээ гэдгээ мэдэхгүй байх нь хамгийн том бэрхшээл. Мод ургамлаа ч танихгүй, үндэс болоод мөчир байна уу, үгүй юу, адаглаад мэргэжлийн зөвлөлгөө авчих хүн, гарын авлага юусан билээ, хир туршлагатайсан билээ, энэ бүхэн таны ажлын гарааны үндэс. Нэг нөхөр хэлж байна, аа хэдэн жил мод тарих гэж оролдлоо, огт болсонгүй гэж.
Хамгийн наад зах нь усны хангамж. Услах боломжийнхаа хэмжээнд хийдэг ажил. Олон жилийн өмнө намайг хотын ерөнхий дендрологичоор ажиллаж байхад Худалдаа аж үйлдвэрийн танхимаас санаачлаад одоо Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулж буй газрын ойролцоо оюутан залуучуудын хүчээр мод тарих юм болов оо. Намайг зөвлөж өхийг хүссэн. Толгойнд багтахгүй том тоо. 20000 мод тарина, хичнээн ч гэнэ бэ оюутан оролцоно гээд л. Би тэгэхэд ийм их модыг субботникаар тарьдаггүй юм аа, тэр олон оюутанд ганц нэг хүн зөвлөж барахгүй, тэгээд ч усны машины хүрэлцээ байхгүй, тарьж суулгасны дараа хэн арчлах вэ гэхэд бид хөрөнгө босггоод арчлаад байж чадах ухааны юм ярьцгаасан. Тэр ажилд би оролцож чадахгүй, энэ олон хүний хөдөлмөр талаар болно гээд учрыг тайлбарлаад зөвшөөрөөгүй билээ. Харин мань нөхөд товлосон ёсоороо ажлаа эхэлсэн гэсэн. Харамсаллтай нь тэр өдөр нь салхитай таагүй өдөр таарч, бас хэлсэн хэмжээнд биш, 2000 мод тарьсан гэсэн сураг дуулдсан. Магадгүй тэр 20000 модыг суулгаж нэг модонд 70-80 литр усаас услана гэвэл 1,4 сая литр, 280 усны машин нэг удаа хэрэглэх тооцоо байлаа.
Тэр үед манай хот тохижилтонд 13 ширхэг усны машинтай байсан гээд бод доо. Тэгээд хөрөнгө босгоод арчлаад байна гэсэн нөхөд зун нь над дээр ирсэн. Юу гэж…Тарьж суулгасан модоо Баянзүрх дүүрэгт хүлээлгэн өгнө, тэд нараар арчлуулна гэж. Би, танай тарьж суулгасан мод ямарч төлөвлөгөөгүй, зүгээр л оюутнуудаар хийлгэнэ, хотод өгнө гэж тооцсон ажил, манай хот дүүрэг тийм ажил хийнэ гэж төсөвт хөрөнгө суулгаагүй учраас арчилж чадахгүй, Баянзүрх дүүрэг авч ч чадахгүй гэдгийг хэлж, тэгээд тэр мод эзэнгүй хаягдаж, борц болж байсан сургамж бий. Зөвхөн 2000 мод ч гэсэн 80 литр усаар бодоход усны 32 машин шаардагдах байсан бөгөөд тэр өдөр тийм олон машин гараагүй, байх ч үгүй байсан юм чинь,тэр олон модыг услаагүй нь лав. Бас нэг модонд 80 литр ус хийсэн үү, 8 литр ус хийсэн үү шалгах бололцоо байдаггүй. Тэр олон оюутан бужигнаж байгаад л явчихдаг. Нүд хүрч түүнийг нэг бүрчлэн хянана гэдэг худлаа даа. Тэгэхээр хаана ямар зориулалтаар мод тарьж суулгах, ямархан бэлтгэл, төлөвлөлт шаардах ажил болох нь энэ л жишээнээс харж болно. Ямарч байсан мод тарьж суулгах ажил, тохижилт гэдэг субботникаар ч юм уу, байгаа хөрөнгийнхээ хэмжээгээр эхэлдэг ажил биш юм. Харин байгаа боломжоо зөв судлаж, мэргэжлийн хүний заавар удирдлагын дор эхлэх ёстой. Дээрхи жишээ бол сэтгэлийн хөөрлөөр хотын тохижилтонд оролцох гэсэн ажлын нэг. Харин өөрийн бяцхан газартаа хэрхэн эзэн болох вэ гэдэг арай өөр асуудал.
Орчноо цэцэрлэгжүүлэхэд хамгийн гол нь суулгац материалын нөөцтэй байх явдал. Хавар болоход энд тэнд мод сөөгний суулгац, тарьц, үр үрслэгээ зарсан газар олширдог. Үзэсгэлэн худалдаа ч гардаг. Бүр зуны сар талдаа орчихсон, 6-р сард үзэсгэлэн маань ажилласааар, үхсэн хатсан мод бутаа зарна хэмээн зогсож байх нь бий. Навчилж нахиалчихсан мод сөөгийг ургана хэмээн барьж зогсох нь энүүхэнд. Түүнийг нь ургадаг л юм байх гээд авах хүн бас мундахгүй ээ. Нэгэнт мод сөөгөө танихгүй, үндэс мөчрийг нь ялгахгүй байгаа хүн хэдэн жилдээ туршлага суухгүй л дээ. Ер нь мод сөөг тарина гэдэг зарим хүмүүсийн үзэж байгаагаар бүр хобби болгосон байдаг гэнэ. Тэгж байж л санасандаа хүрч, ургуулахыгаа ч ургуулдаг. Тийм хүнийг газарт ойрхон хүн гэж хэлнэ дээ. Булж хаячихаад хэд хоногийн дараа “хавх” эргэдэг бол, бууж чадахгүй өндөрт гарчихсан бол мод ургамалтай оролдпохыг хэрэг юун. Нэг үеэ бодоход хүний амнаас мод ургамал, жимс чацаргана, бүр томоор “эко”, “экологи” энэ тэр үгс цухалзаж, хүмүүний хандлага их өөрчлөгдөж байна. Мэдээж энэ нь цаг уурын өөрчлөлт, дэлхийн дулаарал, агаарын бохирдол, утаа униар, хүлэмжийн хий, цөлжилт мэт үзэгдэл гарч ирсэнтэй холбоотой боловч, тохилог сайхан аж төрөх нь өнөө үеийн соёлт хүн бүрийн хүсэл байлгүй яахав. Энэ хүслийг гүйцэлдүүлэхэд хүн бүрийн экологийн боловсрол юу юунаас чухал. Би нэг удаа хэлж байсан. Надад нэг стакан мойлны яс өгчих. Би түүгээр моносны цэцэрлэг байгуулчихъя гэж. Бид мойлоо идээд ясыг нь хаядаг. Тэр ясан дотор үр нь байдаг бөгөөд моносны үрийг зүгээр л шидчихэж байна гэдгээ мэдэхгүй байна. Үүнийг л экологийн боловсрол гэж хэлээд байгаа хэрэг. Бидний иддэг самарыг тарихад хуш мод ургана шүү дээ гэхэд нилээн өндөр алба хашдаг эрхэм их гайхаж, түүн дотор тэгээд үр нь байдаг хэрэг үү гэж асууж байлаа. Хуш модны үр нь самар гэдгийг мэдэхгүй байгаа хүнтэй чинь юу ярих билээ. Самарын нэг боргоцойнд 30-40 ширхэг самар байдаг гээд бодвол мөн ч олон хуш мод бид идэж байна даа. Хавар 6-р сарын эхээр Хайлаас мод үрээ хаядаг.
Хотын бүх Хайлаас үрээ хаяж, түүнийг дор нь цуглуулаад тэр хавраа тарих юм бол Хайлаасны цэцэрлэгтэй болох мөн ч амархан байна даа. 5-10 метр хүртэл өндөр ургадаг Хайлас мод манай орны цаг уурт маш сайн зохицсон бөгөөд хаана л бол хаана ургах бололцоотой. Тэр ч бүү хэл Хятадаас сүүлийн 10 гаруй жилийн хугацаанд оруулж ирсэн Хайлас мод манай хотын гудамжийг чимсэн гэж хэлж болно. Бага тойрууд Торгон барааны дэлгүүрийн урд талд 2005 онд Хотын ерөнхий менежер Т.Бадамжунай Хайлаас модоор ургамлан хашлага байгуулах үүрэг хотын ерөнхий дендрологич надад өгч тэр хавийн модыг би тариулсан юм. Ерөнхий менежер нэг өдөр Захирагчийн ажлын алба байрлаж байсан Улаанбаатар банкны шилэн барилгын цонхоор хараад, Чимид ээ, та дендрологич хүн. Миний нүдэн дээр энэ Торгон барааны урд талыг цэцэрлэгжүүлчихээч гэж хэлж билээ. Та тэнд юу ургасан байдгийг санахгүй байж, магад, Тэр хавиар явахдаа хараарай. Хэрхэн ургаж, ургамлан хашлага үүссэнийг. Тэр бол Хятадаас оруулж ирсэн Хайлаас мод байсым. Бараг 101 хувь ургасан гэж хэлчихэж болно.
Мод сөөгний төрөл зүйл багатай манай орны хувьд гадаадаас мод сөөг, үр үрслэгээ оруулж ирж нутагшуулах нь зүйн хэрэг бөгөөд нутагшин ургаж, дасан зохицож чадаж байгаа мод, ургамлыг импортлох хэрэгтэй. Гэтэл манай зарим нөхдийн бидний орлогыг хааж байна, мод оруулж ирэх нь буруу гэж яриад байгаатай санал нийлэхгүй байна. Манай оронд нутагшиж, ургаж засан зохицож чаддагаа харуулсан мод ургамлыг оруулах л хэрэгтэй. Харин Ойн тухай хуулинд шинжилгээ, туршилтын журмаар оруулах тухай заасан нь нутагшсан мод, сөөгийг оруулж ирж болохгүй гэсэнтэй агаар нэгэн. Харин ургамал хорио цээрийн дэглэмийг сахиж, нягт шинжлэн судалсны үндсэн дээр оруулах ёстой. Энэ мэтээр хаврын тохижилт, цэцэрлэгжилтэнд анзаарч, бодууштай олон зүйл байдаг. Мод бут тарих гэж яваа санаа нь сайхан. Жишээ нь ойн захаас мөнх ногоон шилмүүстэй, зулзаган Хуш, Нарс, Гацуурхан зэргийг малтаж ирээд зарах санаатай замын дэргэд зогсож байгаа хүнтэй зунжин л тааралдах юм. Түүнийг л битгий аваарай гээд шууд захичихъя. Учир нь зун болоод нахиа нь задарч, навч, шилмүүс нь дэлгэгдчихсэн тэр мод ид амьсгалын процесс нь явагдаж байгаа, тэгээд ч үндэс нь ус татаад эхэлчихсэн, жаахан л агаар, салхи амсах юм бол нөгөө гуурсаар агаар сороод л дуслын систем шиг болдогыг тун мэдэхгүй байгаа хэрэг.
Зүй нь модны “наймаачин” өөрөө мод ургамлынхаа талаар мэдлэгтэй, худалдан авч байгаа хүндээ хэрхэн тарьж суулгах, арчлах аргыг нь зааж, бас ургах найдвартай, мод үржүүлгийн газрын суулгацуудыг хадгалах технологийг нь баримтлан авч ирж борлуулдаг бол ургахгүй мод, сөөг гэж бараг байхгүй л дээ. Тийм биш байна. Хотын хүн арван ямаатай байснаас жимсний арван буттай байвал сайнсан. Чацарганын 1 бутнаас 10-15 кг, цаашлаад 20 гаран кг жимс хүртэх тийм сортууд байна, үхэр нүдний 1 бутнаас 5-7 кг өгдөг бут ч байна. Бүтэн жилийнхээ хэрэгцээг хашаанаасаа хангадаг айл өрх Улаанбаатарт олон бий. Увсд бол бараг бүх айл хашаандаа жимсний мод, чацарганатай байна. Гэтэл 1 суулгацын бөөний үнэ 1500-2000 төгрөг гээд бод доо. Газартай харьцаж сурахад багаас нь, цөөхөн мод ургамал тарьж, үр шимийг нь хүртэж сурсан хойноо өөрөө түүндээ дуртай, хөдөлмөрийнхөө амт шимтийг ойлгоод л дараагийн ажилдаа шамддаг нь мод ургамалтай харьцдаг хүний араншин гэж хэлж болно. Ямарч байсан хавар ирлээ, та мод тарихад бие болоод сэтгэлээ, бас бэлтгэлээ сайн базаагаарай. Нэг л мэдэхэд зун болчихсон, дахин нэг жилийг алдчихсан байх вий.