Залуусын хэлдгээр “Баасан ахын төрсөн өдөр”-ийг ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлдэг “соёл” манайд тогтоод уджээ. Багын найзуудын, ангийн, ажлын хамт олны уулзалтыг бид яаж ийгээд л баасан гаригт тааруулдаг болсон. Амьдрал хүнд байна, архидалт, ажилгүйдэл ихэслээ гэж байнга ярьцгаадаг хэрнээ энэ өдөр гэртээ амардаг залуу цөөн юм шиг. Учир нь, долоо хоногийн энэ өдрүүдэд Улаанбаатрын уушийн газрууд хөл гишгэх зайгүй шахам байх юм билээ.
Түүн дотроо бидний ярьж хэвшсэнээр “Хүүхдийн 100” орчимд нээгдээд хоёр дахь жилийнхээ нүүрийг үзэж буй “Гэрэлт гудамж”-ны хөл хөдөлгөөн хамгийн их нь. Анх нээгдэхдээ л хэл ам дагуулж, одоо ч олон хүний ая тухыг алдуулж байгаа энэ газар шулуухан хэлэхэд ямар ч хэрэггүй. Өнгийн гэрлээр чимэглэсэн үзэмжтэй гоё газарт залуус хосоороо зугаалж, амьд хөгжмийн аянд алжаалаа тайларх нь бусад оронд байдаг, байх ёстой зүйл байх л даа. Гэхдээ уучлаарай, “Гэрэлт гудамж”-нд тийм романтик болзоо, урлагийн сайхныг мэдэрч зугаалдаг хүн бараг л байдаггүй юм билээ. Тус гудамжинд худалдаа эрхэлж буй газруудаар үйлчлүүлж буй хүмүүсийн цөөн нь гэр бүлээрээ явдаг. Тэд урлагийг тоглолтыг нь дуусгаад 24.00 цагийн үед л эл гудамжийг орхидог гэнэ. Түүний дараачаас л жинхэнэ шоучид гарч ирдэг юм байна. Тэд агсам тавина, зодолдоно. Цаг тутамд шахам зодоон гардаг гэдгийг тэндхийн нэг түрээслэгч ярьж байна лээ.
“Гэрэлт гудамж” байх хэрэгтэй гэж үзэж буй хүмүүс ихэвчлэн “Бусад улсад ч ийм газар байдаг. Залууст чөлөөт цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар хэрэгтэй. Нэг сая гаруй хүнтэй хотод ийм ганц газар яагаад байж болохгүй гэж” хэмээн ярьцгаадаг. Тэгвэл гадаадын улс орнууд арай ч махайх шиг төрөх эмнэлгийнхээ хажууд, дунд сургуулийнхаа урд нийслэлийнхээ хамгийн том зугаа цэнгэлийн газраа байгуулдаггүй байх аа. Тухайлбал, Германд 22.00 цагаас хойш чанга дуу чимээ гаргахыг хориглодог. Орон сууцны хороолол орчимд урлагийн тоглолт, шоу цэнгээн зохиодоггүй, гол талбайдаа жилдээ цөөн удаа оройн арга хэмжээ зохион байгуулдаг. Гэтэл бид хотынхоо төвд хагас жилийн турш архидацгааж байна. Нэг их олон замтай юм шиг, бүүр замаа хааж байгаад цэнгэх болсон.
Залууст зугаацах төвлөрсөн газар байгуулж өгөх нь нэг талдаа зөв. Гэхдээ хотынхоо төвд болохгүй гэдгийг олон хүн дуу нэгтэйгээр зөвшөөрнө. Учир нь “Гэрэлт гудамж”-ны эргэн тойронд нийслэлийн “Хүрээ” амаржих газар, ерөнхий боловсролын 45 дугаар сургууль болон олон орон сууцны оршин суугчдын эрх ашиг энэ үеэр ноцтой хөндөгддөг. “Гэрэлт гудамж”-ны төв хэсэгт байрлах “UB Jazz” рестораны урд талын 2А байрны оршин суугч Ж.Азжаргал:
“Гэрэл гудамж”-ны үйл ажиллагаа эхлэхээр амралтын өдрүүдэд шөнө унтахаа больдог.
Өглөөний 05:00-06:00 цаг болтол шуугиан намжина гэж үгүй. Шөнөжин хөлчүү залуус эр, эмгүй орилно, зодоон цохион тасрахгүй. Өглөө нь хэд хэдэн машинд согтуу хүмүүс унтаж харагддаг. Тэдний ялгадас энэ хавийг бузарлаж байна. “Гэрэлт гудамж”-ны хамгийн муу муухай нь энд, орон сууцнуудын дунд өрнөдөг юм шүү дээ. Явуулын чингэлгээр үйлчлүүлж байгаа хүмүүс булан тохойд бие засдаг, бөөлждөг. Тэр газрууд нь бие засах зориулалтын газаргүй болохоор тэр. Гудамжныхаа гол хэсэгт тамхи татахыг хориглодог болохоор бас л орон сууцны орчимд ирж тамхи татаж, нус цэрээ хаяна. Дуу чимээний талаар ярих нь илүүц бизн Эндхийн бас нэг асуудал нь зам. Хойд талын гол замыг нь хаачихаар байрны хажуугийн зам өдөр шөнөгүй түгжирч байна. Манайхан бусдынхаа эрх ашгийг хүндэтгэж мэдэх биш, хэдийд ч хамаагүй дуут дохиогоо хангинуулж, бие биенээ элдвээр хараагаад зогсчихдог. Бид ч яах вэ, хүүхэд хөгшдөд л их хэцүү юм. Энэ хавьд угаасаа хүүхдэд зориулсан талбайгүй. Дээр нь дуу чимээ зам гээд дээр дурдсан хүндрэлүүдээс болоод манай энд чөтгөр ч тогтомгүй болсон”гэж ярив.
“Гэрэлт гудамж”-аар үйлчлүүлэгчдийн зугаа цэнгэлийн хөлд хамгийн ихээр чирэгдэж байгаа хүмүүс бол нийслэлийн “Хүрээ” амаржих газрынхан. Амаржих газрын орох хаалгыг дөнгөж өнгөрөөгөөд л замыг нь хаачихсан байв. Түүнээс болж сурвалжилга бэлтгэхээр тус газарт орчихдоо нэлээд тойрч, будилж байж хүрлээ. Төрөх дөхсөн эхчүүд зам хаалттайг мэдэлгүй эргэж буцсаар арайхийн ирдэг талаар эмч нар ярьсан. Тэр өдөр ээлжинд ажиллаж байсан эх баригч Ж.Цэцэгмаа “Дулааны улирал эхлэхээр “Гэрэлт гудамж”-ны дуу чимээнээс болж жирэмсэн болон төрсөн эхчүүд шөнөдөө нойргүй хонож байна. Эмнэлэгт хэвтсэн биш ядаргаанд орж буйгаа бидэнд байнга гомдоллодог. Гэвч бид яалтай билээ. Эхчүүдийн цусны даралт ихсэнэ, нойргүй хоносноос болж, ядарна, толгой нь өвдөнө. Даралт буулгах эмчилгээ хийгээд ч хэвийн хэмжээндээ орохгүй хонож байна. Жирэмсэн хүн цусны даралт ихтэй байх нь урагт төдийгүй эхэд маш муу. Өнгөрсөн долоо хоногт KFC сүлжээ рестораны таван жилийн ой болж шөнө 03.00 цаг болтол шуугисан. Хөгжмийн дуу чимээ нь эрүүл хүн ч байж суух аргагүй болтол нүргэлэх юм. Манай эмнэлгийн барилга чинь хуучирсан болохоор ч тэр юм уу, хана, тааз нь доргиж байсан. Жирэмсний эмгэгийг тасагт хэвтэн эмчлүүлж байгаа эхчүүдэд хамгийн хүнд байдаг. Цонх нь урагшаа харсан болохоор тэр. Мөр төрөх өрөө нэгдүгээр давхарт бас урагшаа харсан цонхтой. Төрөх гээд өвдөж байгаа эхчүүд янз бүр шүү дээ, зарим нь уйлж орилно. Дээр нь гадаах хөгжмийн чимээ нь ажил хийж байгаа бидэнд ч маш хэцүү” гэв.
“Хүрээ” амаржих газарын Жирэмсний эмгэгийн тасагт хэвтэн эмчлүүлж буй С.Мөнхтуул “Өмнө нь энд хэвтэн эмчлүүлж байсан эхчүүд “Гэрэлт гудамж”-ны дуу чимээ аймаар, шөнө унтана гэж үгйү гээд л яриад байдаг байсан юм. Би сая л мэдэрлээ. Үүр цайж, нар мандчихаад байхад ч согтуу хүмүүс энэ хавиар хөлхсөөр л байдаг юм байна. Бид ч яах вэ, өдөр нь унтчихна. Харин дөнгөж төрсөн эхчүүд нярай хүүхдүүд, цусны даралт нь ихэссэн хүмүүс л хамгийн хэцүү байдаг юм шиг байна. Өглөө 05.00-06.00 цагийн үед л нүдний хороо жаахан гаргаж байх шиг байна даа” гэж ярив.
Харин тус эмнэлгийн баруун талд байрлах ерөнхий боловсролын 45 дугаар сургуулийн жижүүр Р.Баянмөнх “Залууст зориулсан ийм газар байх нь ч буруу биш байх л даа. Гэхдээ яг хотынхоо төвд байх нь зөв эсэхийг мэдэхгүй юм. Шөнийн цагаа бол дандаа л хөлчүү залуус байх юм. Эхэндээ ч тэд сургуулийн хашаанд бие засна, мод, бут хугалаад тамхины иш, шил, лаазаа хаядаг. Бид эндхийн цагдаа нарт хэлээд, хаалгандаа хаалт хийснээс хойш гайгүй болсон. Гэхдээ одоо ч үе үе согтуу залуус орж ирээд сууж байхаар нь хөөгөөд гаргадаг” гэж ярилаа. Энэ мэтээр хэсэг хүний зугаа цэнгэл эдлэх “эрх”-ийг хангах гээд эхчүүд, хүүхэд, хөгшдийнхөө амар тайван амьдрах эрхэнд халдах нь буруу баймаар. Үнэндээ нийслэлчүүд бидэнд уушийн газар цөөдөөгүй. Нийслэлийн хэмжээнд 2017 оны байдлаар согтууруулах ундааны үйлдвэрлэл эрхлэх 44 аж ахуйн нэгжээс 24 үйлдвэр хэвийн үйл ажиллагаа явуулж байна. Хүнсний худалдааны 5262 газрын 3767 буюу 71.5, нийтийн хоол үйлдвэрлэлийн 2946 газрын 2400 буюу 81.4 нь нийт 6167 газар архи, согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчилдэг гэх тоо бий. Түүн дээр импортоор оруулж ирж буй согтууруулах ундааг нэмбэл бид үнэндээ “архин далайд живж” байгаа. Учир нь өнгөрсөн онд гаргасан судалгаагаар дэлхийн хэмжээнд нэг хүнд дунджаар нэг литр архи ногддог бол монгол хүн бүр жилд 30 орчим литр сархад хэрэглэж байгаа гэдэг. Үүнээс болж бид архины хэрэглээгээрээ тивдээ айргийн дөрөвт бичигдэж байна даа.
Эх сурвалж:
2 comments
үүнийгээ болиулах хэрэгтэй, зохтон байгуулалттай архидалт бий болж байна
Гадаад оронд ийм гудамж байдаг гээд байх юм Заавал тэднийг дуурайх албагүй шүү дээ энэ гудамж цаг хугацаагүй шөнөжин орилдсон архидсан хавь орчмын айлууд тун хэцүү л байх юм байна шүү