Өнгөрсөн долоо хоногт АНУ-ын сенатор Жон Маккайн MSNBC сувагт ярилцлага өгөхдөө “Хойд Солонгосыг удирдаж байгаа солиотой, тарган залууг хянаж чадах цорын ганц улс бол Хятад. Тэд Хойд Солонгосын эдийн засгийг долоохон хоногийн дотор зогсоож чадна” хэмээн мэдэгдэж удирдагч Ким Жон Уны улс төрийн бодлого болон гадаад үзэмжийн талаар доромж үг хэлсэн юм.
Мягмар гаригт (2017.03.31) Хойд Солонгосын Гадаад хэргийн яам удирдагчийнх нь нэр хүндийг гутаахыг оролдсон Маккайнд эсэргүүцэл илэрхийлж, мэдэгдэл хийжээ. Энэхүү мэдэгдэл Хойд Солонгосыг терроризмийг дэмжигч орны жагсаалтад оруулах санал хэлсэн сенатор Крүзд мөн хаяглагдсан байна.
Мэдэгдэлд “Жон Маккайн болон Крүз мэт этгээдүүдийн өдөөн хатгалга нь БНАСАУ-ын эсрэг дайн зарласантай ижил хор хөнөөлтэй тул Пхеньян хариу арга хэмжээ авах болно. Тэд хариуцлагагүй үг хэлснийхээ төлөө хожим харамсаад ч барахгүй хатуу үр дагаврыг амсах” хэмээн дурдагджээ.
Пхеньяны хариуг Жон Маккайн твиттер хуудсаараа өгч “Тэд удирдагчаа солиотой, туранхай залуу гэж хэлүүлэхийг хүсээд байна уу?” хэмээн тохуурхажээ. Хятад Улс Ким Жон Уныг нэрлэсэн “гуравдугаар тарган Ким” болон “Гуравдугаар гахай Ким” гэсэн нэр хочийг олон нийтийн сүлжээнд хэрэглэхийг хориглон, хориотой үгсийн жагсаалтад оруулж байсан. 124 орчим кг жинтэй, 33 настай Ким Жон Уныг тулай өвчинтэй гэсэн таамаг байдаг юм.