ЭЕШ-ын талаар БҮТ-ийн Төсөл, хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн Г.Алтантуяатай ярилцлаа.

-Энэ жил хэдэн шалгуулагч ЭЕШ өгч байгаа вэ. Шалгалтыг хэдэн цэгт авах вэ?

-Энэ жил 43 846 шалгуулагч ЭЕШ өгөхөөр бүртгүүлсэн. Орон нутагт 22, нийслэлд 27, нийт 49 шалгалтын төв бий. Шалгуулагчид шалгалт өгөх шалгалтын байр, анги танхим, суудлын хуваарийг маш нарийн зааж өгсөн байгаа. Бүртгэлийн дугаар, нууц үгээрээ нэвтэрч ороод хэвлээд авах боломжтой. Үүнийгээ заавал шалгалтын өдөр биедээ авч явах ёстой юм.

-Шалгалтад орох сурагч ямар бичиг баримт бүрдүүлэх ёстой вэ?

-Шалгуулагч бүр ЭЕШ-ийн журамтай заавал танилцсан байх ёстой. Тус журамд шалгуулагч ямар үүрэг хүлээх, асуудал гарвал хэрхэн шийдвэрлэх, журам ямар тохиолдолд зөрчигдөх вэ, эсвэл зөрчсөн үед ямар хариуцлага үүрэх вэ гээд бүхий л мэдээллийг нэгтгэсэн байгаа. Тэгээд шалгалтад орохын өмнө бүртгэлийн хуудас, иргэний үнэмлэх, бүрэн дунд боловсролын гэрчилгээ, суудлын хуваарийг заавал авч ирнэ. Бүртгэлийн хуудас гэдэг нь энэ онд ЕБС төгсөж буй бүртгүүлэгч өөрийн шалгуулагчийн булангаас хуудсаа хэвлэн авч сургуулийн захирлаар гарын үсэг зуруулан, тамга даруулж баталгаажуулна. Харин өмнөх онд төгссөн бол бүртгэлийн хуудас нь QR кодоор баталгаажсан байх юм.

-Сурагчид бичиг баримтаа гүйцэт бүрдүүлэлгүй ирээд шалгалтад орж чадахгүй байх тохиолдол жил бүр гардаг. Үүнийг ямар нэгэн байдлаар шийдвэрлэх боломжтой юу?

-Хоёрдугаар сарын 04-нөөс дөрөвдүгээр сарын 16-ны хооронд 70 гаруй хоногийн хугацаанд бүртгэл явагдсан. Мөн шалгалт эхэлтэл бараг дөрвөн сарын хугацаа бий. Энэ хооронд бичиг баримтаа бүрдүүлэх хангалттай боломж бий. Ийм байхад бичиг баримтаа авчралгүй мартсан бол хувь хүний хариуцлагагүйнх л гэж бодож байна. Хэрэв иргэний үнэмлэхээ гээж үрэгдүүлсэн бол ТҮЦ машинаас 1000 төгрөгөөр лавлагаагаа авчихаж болно.

-Өнгөрсөн жилээс шалгуулагчид шалгалтын дүнгээ шалгалт өгсөн даруйдаа мэддэг болно гэж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-ЭЕШ-ын дүн оноог өмнө нь шалгалт зохион байгуулж дууссанаас хойш 10 хоногийн дараа зарладаг байсан. Тэгвэл бид энэ жилээс Орхон, Ховд аймгуудад шалгалт өгсөн даруйдаа анхны оноогоо мэддэг шууд засалтын технологи нэвтрүүлэх гэж байна. Харин хэмжээст оноог харах боломжгүй. Учир нь элсэлтийн ерөнхий шалгалтын үнэлгээг олон улсад ашиглагддаг анхны оноо, хэмжээст оноо, проценталь оноо, амжилтын чанарын индекс гэсэн үнэлгээний дөрвөн аргачлалаар тооцож, гаргадаг.

Хэмжээст оноо улс даяар 40 мянга гаруй хүүхдийн тухайн хичээлийн нийт гүйцэтгэлийг шалгалтад орсон бүсийн шалгуулагчдын гүйцэтгэлтэй харьцуулан хэмжээсжүүлж үзүүлсэн оноо юм. Иймд шууд шалгалтын цаас уншуулаад гарах боломжгүй. Проценталь тоо нь шалгуулагч аль нэг хичээлийн жагсаалтын хэдэд байгааг харуулах үзүүлэлт бол индекс нь хичээлийн үр дүнг индексжүүлсэн үзүүлэлт юм.

Жишээлбэл, энэ жилийн ЭЕШ-аар математикийн хичээлээр тухайн хүүхэд анхны оноо нь 59 байх хэмжээст оноо нь 683, проценталь оноо нь 96.6 амжилтын индекс нь А-гэсэн үзүүлэлттэй шалгагдаж байгаа болно. Иймээс ЭЕШ-ын үр дүнг стандартын хэрэгжилттэй харьцуулах, жишиж үзэх боломжгүй.

-Мөн эцэг эх, багш нар хүүхдээ шалгалт өгч байгааг шууд хянах боломжтой болно гэж байсан.

-ЭЕШ-ыг шударга, нээлттэй, ил тод зохион байгуулах үүднээс шалгалтын анги танхимуудыг бүрэн камержуулж, сүлжээ сарниулагч, металл илрүүлэгч, сонсгох төхөөрөмж зэргээр тоноглосон. Энэ нь шалгуулагч бусдад саад болох, хуулах боломжгүй гэсэн үг.

Харин гаднаа дэлгэцтэй шалгалтын төвүүдэд доторх анги танхимуудыг шууд харуулах технологийг шууд засалтын системийн үед шийдвэрлэнэ. Гэхдээ эцэг эх нь гаднаас харж байгаа шүү гэхээр хүүхэд мэдээж сандарна, ингэхдээ алдаа гаргах эрсдэлтэй учир хүүхдийн сэтгэл зүйг дасгах цаг хугацаа хэрэгтэй байх.

-ЭЕШ-ын материалыг ямар шат дарааллаар бэлддэг вэ?

-Ерөнхий бэлтгэл ажил тавдугаар сарын 01-нээс эхэлж долдугаар сарын 01-н хүртэл явагддаг. Бэлтгэлээ хангах, сэдээ хийлгэх, савлах, уутлах, ТЕГ, цагдаагийн байгууллагаар дамжуулан хүргэгдэх зэрэг олон шат дамжлагаар дамждаг.

-Нууцлалаа яаж хадгалдаг вэ?

-Шалгалтын сэдэв бэлдэх газарт хэн дуртай нь нэвтэрч чадахгүй. Интернет, утасны сүлжээ байхгүй, хэдэн хэдэн хяналтын камертай, цагдаагийн хамгаалалт дор сэдвийн даалгавруудын ажил явагддаг.

-Жил бүр шалгалтын материал алдагдлаа гэж шуугидаг. Үнэхээр алдагддаг юм уу эсвэл хүмүүсийн ор үндэсгүй цуурхал уу?

-ЭЕШ-ын материал алдагдах боломжгүй. Олны анхаарлыг татах гэсэн худлаа цуурхал гэж бодож байна. Аливаа зүйлийг урьдчилж авах гэсэн хүмүүсийн шунал дээр тоглолт хийж, ашиг хонжоо олох гэсэн хүсэл л байх. Учир нь нэг багш шалгалтын сэдэв бэлтгээд, түлхүүрийг нь шалгалт дуустал зөвхөн өөртөө л хадгалдаг. Тэр өрөөнд ямар ч мэдээлэл дамжуулах хэрэгсэл байхгүй, сэдэв бэлдэж байгаа хоёр багш өөр өөр өрөөнд суудаг учир хоорондоо ярилцах ч боломж гардаггүй юм.

Эх сурвалж: “Өнөөдөр” сонин

By updown

One thought on “Г.Алтантуяа: ЭЕШ-ын сэдэв, даалгавар алдагдах боломжгүй”
  1. Сэдэв задрахгүй бол тун сайн. Харин ЕШ-ийн материалыг яг хүүхдээс хурааж авсан дороо тэдний нүдэн дээр засах хэрэгтэй. Тийм боломж ч байгаа. Тэгээд тэр даруйдаа хуваарь сонгуулах хэрэгтэй. Хөдөөгийн хүүхэд эцэг эхчүүд үнэхээр их чирэгддэг, Мөнгө ч их ордог.

Хариулт үлдээнэ үү

Таны имэйл хаягийг нийтлэхгүй. Шаардлагатай талбаруудыг * гэж тэмдэглэсэн