Хүүхдийн унаган сэвлэгийг үргээх ёс бол түүний цаашдын амьдралд нь сайн сайхан, аз жаргалтай байж, урт удаан наслахыг бэлгэддэг эртний сайхан ёс. Эрт цагт хүүхдийн сэвлэг үргээхдээ өргөн дэлгэр найр хийдэггүй байсан бөгөөд ивээл жилтэй, ойрын төрөл хамаатан, гэр бүл, үр хүүхэд нь өв тэгш хүмүүсийг урин ирүүлж, цомхон найр хийгээд өндөрлөдөг байжээ.
Ингэхдээ зочдод барих хоол ундыг ч бас чухалчилдаг байсан аж. Гэтэл өнөөдөр “Хүүхдийн үсний найр”-ыг хавтгайруулсан нийтийн найр болгож, бүхий л хамаатан садан, найз нөхөд, ажлын газрынхныг урин ирүүлж балчир үрийнхээ тэргүүнд гар хүргүүлж, сэвлэгийг нь хөндүүлэх болсон нь нийтлэг үзэгдэл болжээ. Хүүхдийн үсний найр бол томчуудын найрын шалтаг биш. Найз нөхөд, ажлын газрынханы дунд ямарч хулгайч, луйварчин, шулналын үүр, хэрүүлч, хэл амтай хүн явж байгааг та бид мэдэхгүй.
Сэвлэг үргээх ёсон
“Охин хүүхдийн даахийг хөхөөн дуунаар 2, 4, 6 насанд, бүстэй хүүхдийн даахийг бугын дуунаар 3, 5, 7 насанд нь үргээ” гэдэг аман хууль манайд л бий. Гол төлөв зуны дунд сарын шиний найманд охины, намрын дунд сарын шинийн 15-нд /Даваа, Баасан гараг таарвал бүр сайн/ хүүгийн даахийг үргээдэг ёстой. Ёслол эхлэхийн өмнө хотон дээр болон зэлэн дээр сан тавьж хангай дэлхийдээ цай сүүний дээжээр цацал өргөөд ахан дүүс, айл хотлоор цугларч гүйцмэгц ёслолоо эхэлнэ. Энэ үеэр хүүгийн /охины/ авга, нагац нар заавал байх учиртай . Мөн даахь үргээлэгчийн ивээл жилтнийг урьдаг.
Сэвлэг үргээх ёс нь нарийн нандин ёслолд хамаарах тул найранд архи дарс ордоггүйн гол утга учир шалтгаан нь хүүхдэд байдаг дөрвөн бурханлаг шинж чанарыг хүндэтгэсэнтэй холбоотой. Тэдгээр нь:
а.Бага насны хүүхдэл харамын сэтгэл байхгүй
б.Хураан хуримтлуулах сэтгэл үгүй
в.Бохир заваан гэсэн ойлголт байхгүй
г.Дээр доорын ялгаа гэж алагчиллаггүй
Чухам үүгээрээ нялхсын сэвлэг үргээх найр бусад найр, наадмаас ялгаатай ариун ёслол юм. Тиймээс даахь үргээх найранд эхэлж айраг сөн барьж, ерөөлч бэлэг дэмбэрэлтэй үг хэлж ерөөдөг ёстой.
Даахь үргээхэд сайн өдөр
Үс бол хүний бие махбодоос урган төлжиж хүний биеийн эрчим хүн хадгалдаг өвөрмөц хэрэглүүр учраас “Буянд цөв суулгаж, муу ёр дуудна” гэж үздэг. Иймд эртнээс эдүгээ хүртэл нялх үрийнхээ даахийг үргээхдээ сайн өдөр, эвээл жилийг нь хардаг учиртай. Мөн хүүхэд өөрөө энэ өдрийг сонгодог гэж буурлууд хэлэлцдэг. Даахь үргээх өлзийт сайн өдөр, од гаригийн бэлэгдлийг танилцуулъя.
Шинийн 3. Баялаг төгөлдөр баясгалан
Шинийн 4. Баян ноён болох сайн.
Шинийн 6. Өнгө зүс сайжрах сайн.
Шинийн 8. Нас уртсах сайн.
Шинийн 10. Зэрэг олж эрх нэмнэ.
Шинийн 11. Эрхтэн хурц, цэцэн мэргэн болох.
Шинийн 13. Жаргал ирэх сайн.
Шинийн 14. Эдийг олох, арвидах сайн.
Шинийн 15. Өлзийтэй сайн.
Шинийн 19. Сайн ерөөлт өдөр.
Шинийн 22. Эд ундаа элбэг эрхэм.
Шинийн 23. Эд идээ тэгш сайхан.
Шинийн 26. Буян олж жаргал ирнэ.
Шинийн 27. Сайны өлзийт өдөр.
Гараг: Даваа, Лхагва, Баасан сайн.
Жил өдрөөс: Хулгана, үхэр, хонь, бич, нохой, гахай өдрүүд сайн.
Од өдрөөс: 0, 2, 4, 9, 15, 16, 17, 24, 26 дахь одтой өдөр сайн.
Мөн ивээл өдөр. Цагийн наран, Өлзий наран өдөр тус тус сайн.
Найрын ширээнд ямар хоол хүнс бэлдэх вэ?
Даахь үргээх ёслолын үеэр архи дарс хэрэглэдэггүй харин малын шим айргаа сөгнөж болох бөгөөд идээ ундааны хувьд гойд цээрлэх зүйл байдаггүй ч, ирсэн зочиддоо аль болох шинэ соргог идээ ундаа барьдаг. Найрын ширээнд цагаалга хамгийн чухал. Битүүлгийг нутаг нутгийн онцлогоос хамаарч тавих эсэхээ шийддэг. Идээний зүйл нь уламжлалт буюу орчин үеийн алин ч байж болох бөгөөд заавал байх зүйл нь цагаалга хэмээх үзэмтэй аарцтай , сүүтэй будаа болно. Энэ цагаалганаас хүн бүгд амсан , ирсэн хүүхэд бүгдэд аяга аягаар өгч будаалдаг ёстой. Найрын ширээний эхэн талд буюу баруун хойно хүүгийн ивээл гэгдэх тэр айлын хамгийн хүндтэй хүн суудаг. Хүүхдийн сэвлэгэнд хүрч эхэлснээр идээ ундаагаа ирсэн зочид хүртэж эхэлдэг.
Хүүхдэд мөнгөнөөс өөр юу өгч болох вэ?
Найрын ахлагч ” За одоо хүүгийнхээ /охиныхоо/ даахийг үргээе” гэж хэлэхэд баруун хойд талд сууж буй хамгийн хүндтэй хүн эхэлж хүүхдийн үсэнд модон хутгаар хүрч дараа нь хадаг зүүсэн хайчаар туг үс хяргаж аягатай сүүнээс хүүхдэд амсуулж магнайд нь мөн түрхээд ерөөл бэлгийн үг хэлдэг ёстой. Ингээд зочдын урдуур хүүхдийг нар зөв тойрон өнгөрүүлэхэд тэд хэсэг үс хайчлах ба эх нь сэвийг нь авч хадганд боодог бөгөөд хүүхдэд бэлэглэх зүйл нь үсний тууз , тэмдэг , ил захидал , чихэр боов, мал амлаж болно.
Ерөөл
Гэрт ирсэн бүлийн зочид “аавдаа ачлалтай, ээждээ энэрэлтэй, урт насалж, удаан жаргаж элбэг баян амьдраарай” гэх зэрэг ерөөлийн үгс хэлдэг нь тухайн хүүхдийн ирээдүйн зам мөрийг нь тэгшилнэ гэсэн утгатай. Үгийн хүч өөрөө асар ихийг зөгнөж байдаг. Хүүхдийн үсний найранд дараах байдлаар ерөөл хэлдэг. Үүнд:
Энхрий бяцхан хүүгийнхээ
Онгон хонгор даахийг нь
Өдөж баясгаж авсны
Найр цэнгэл баяр бэлэг болгож
Намирсан их хадгаа дэлгээд
Нандин идээнийхээ дээжийг өргөөд
Найрын олны өмнө
Намайг бэлэг барь гэлээ
хэмээн ерөөлч уг найранд ерөөл хэлэх болсныхоо учрыг айлтгаад,
Ган цагаан хайлш
Гавшгай цагаан тонгоргийг бэлдээд
Алтай хайчны амыг нээж
Амь насыг нь даатгаж
Мөнгөн хайчны амыг нээж
Мөнх насыг нь даатгаж
Ган хошуутай
Алтан бариултай хайчаа
Гар мутар бүрийдээ
Дамжуулан үргээж
Гарсан төрсөн нас буяныг нь
Уртасгаж өргөөд
гэх мэтээр хүүхдийн онгон даахь үсэнд хамгийн анхлан хүндэтгэлтэйгээр хүрсэн учрыг үзүүлсэн байдаг. Мөн түүнчлэн:
Баруун талын шанаанаас
Эхэлж үргээхэд
Бадамлянхуа цэцэг
Дэлгэрч байгаа мэт
Зүүн талын шанаанаас нь
Авч үргээхэд
Зүйл бүрийн эрдэм
Цацарч байгаа мэт
Орой дээрээс нь авч үргээхэд
Ой билэг нь хурцдаж
Оюун ухаан нь нэмэгдэж байгаа мэт хэмээн ерөөдөг байна.
Цээрлэх ёсон:
Хүүхдийн үсний найрын ширээнд хатуу сархад, хуучин идээ будааг хэзээ ч бэлддэггүй. Мөн сайн цагийг баримтлах нь хамгийн чухал.Үдээс хойш ирсэн зочдод хүүхдийнхээ үсэнд хүргэдэггүй. Энэ өдөр гэр бүлийн гишүүд ямар ч байдлаар ам муруйж болдоггүй бөгөөд олон зочин урихгүй. Хүүхдийнхээ үсний сэвлэгийг хадганд боож маш сайн хадгалах ба өвчин ороох үед домын чанартай хэрэглэнэ. Жишээ нь: хамраас цус гараад тогтохгүй үед сэвлэгний үсийг шатаагаад хярвасыг нь үнэртүүлэхэд цус тогтдог. Тиймээс хүүхдийнхээ ганц ширхэг ч үсийг нь нандигнах учиртай.