Зүүнсалааны Богинын аманд хүний нөр их хөдөлмөр, сэтгэлээр тэжээгдэн ургасан 1000 мод бүхий ногоон төгөл бий. Энэ төглийг жирийн нэгэн айлын ах, дүүс хайрт эцгийнхээ хойчийн буян, гэгээн дурсгалд зориулж тарьсан гэх тун сонирхолтой, содон түүхийг сонсоод нүдээр үзэхээр зорьж очлоо.
Уулын энгэр эмжсэн ой модноос нэг км гаруйн зайд 40 гаруй жилийн настай залуу модод харагдана. Жагсаалын цэрэг шиг эмх цэгцтэй эгнэн ургасныг үзвэл хүний гараар бүтсэн ой гэдэг нь илхэн. Гэвч бидний зорьж очсон энэ төгөл аавынхаа гэгээн дурсгалд зориулсан ногоон “суварга” биш болж таарав.
Ойн байцаагч Ц.Чимэддорж 1974 онд Нийслэлийн 9 дүгээр сургуулийн сурагчидтай хамт 1000 мод тарьсныг үр хүүхдүүд нь, энэхүү газрыг нь эзэмшдэг амралтын газрынхан тогтмол арчилж, тордсоор өдгөөг хүрчээ. Үр хүүхдүүдийнх нь аавыгаа гэсэн ачлал, буяны тухай содон түүх сонсоно гэж хүлээж байсан минь талаар өнгөрч, сэтгэлдээ өөр нэгэн бодол тээн, бясалгасаар буцлаа.
Бид хамгийн дотнын, ачит хүнийхээ хойчийн буяныг гүйцээх гэж элдэв юм л хийдэг. Хөрөнгө, чадалтай нэгэн нь цац суварга босгодог бол зарим нь хүүхэд, хөгшдөд буян үйлддэг. харин аав, ээж, хань ижлийнхээ араас буян хийхдээ суварга босгож байхаар яагаад мод тарьдаггүй юм бэ гэх бодол төрсөн юм.
Монголд бараг л хайрхан болгоны энгэрт, сүм хийд бүрийн дэргэд шавар суварга олноороо бий болсон. Манайд Баян-өлгийгөөс бусад аймагт бүгдэд нь буддын сүм бий. 2008 онд 116 буддын сүм байсан бол өдгөө 136 болж нэмэгджээ. Нийгэм өөрчлөгдсөн ч монголчуудын нүглээ нимгэлж, буянаа арвижуулахын тулд суварга босгодог сэтгэлгээ өөрчлөгдсөнгүй. Бүр зарим лам мөнгө олохын тулд өнгөтэй, өөдтэй харагдсан нэгэнд заавал суварга босгож, буян үйлдэх ёстой гэж “зөвлөдөг” болсон нь нууц биш.
Буян хийх гэж буй хүнд ганц мод тарьчих гэж хэлдэг хувраг алга Саяхнаас Хөвсгөл, Архангай, Өвөрхангай, Төв аймгийн зам дагуу гурав, таваар нь эгнүүлэн босгосон 300 шахам суварга боссон. Энэ талаар нутгийнхан нь “нүглээ даахгүй болохдоо суварга босгож байгаа юм” хэмээн шоолж байгаа гэх. Тийм ч бай, үгүй ч бай аливаа зүйл хэмжээнээсээ хэтэрвэл үнэ цэнээ алдаж, жинхэнэ утгаа гээдэг нь энэ буюу.
Суварга босгоход хамгийн багадаа 5-6 сая төгрөг зарцуулдаг. дээрх 300 шахам суваргыг үүгээр тооцвол хамгийн багадаа 1.5 тэрбум төгрөг болж байна. Үүнийг хэдэн жилийн дараа нар, салхинд гандаад, нураад унах амьгүй суваргад зориулж байхаар мод тарихад зарцуулсан бол жинхэнэ хэдэн зуун дамжин арвижих халуун сэтгэл, насны буян болох байлаа гэж бодохоор харуусал төрмөөр.
Тэгээд ч хүмүүс босгосон суваргаа эхний хэдэн жил эргэж, тойрдог ч үеийн үед тордоод явж чаддаггүй. Тасганы овоон дахь суварга гэхэд хог, шороонд дарагдаж, буяны газар гэж хэлэхээргүй болсон жишээг санууштай. Монголчууд хүн болж төрс- нийх үр хүүхэдтэй болох, ном бичих, мод тарих ёстой гэж үздэг. Харин энд суварга барих ёстой гэж хэлээгүй нь учиртай.
50 гаруй жилийн настай нэг мод амьдралынхаа туршид 38.1 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх хүчилтөрөгч ялгаруулж, мөн төдий хэмжээний үнэлэмжтэй хөрсний эвдрэлийг хамгаалах үйлчилгээ үзүүлдэг гэсэн тооцоог дэлхийн байгаль хамгаалах сангаас гаргажээ.
Мөн 75.6 сая төгрөгийн агаар цэвэршүүлэх үйлчилгээг орлож, 45.7 сая орчим төгрөгөөр үнэлэгдэх усыг эргэлтэд оруулж байдаг аж. ингээд бодохоор ганцхан мод байгаль, экологид 197.6 сая орчим төгрөгийн үр ашиг авчирдаг байх нь.
• Манайд Баян-Өлгийгөөс бусад аймагт бүгдэд нь буддын сүм бий.
• Босгосон суваргаа эхний хэдэн жил эргэж, тойрдог ч үеийн үед тордоод явж чаддаггүй.
• Суварга босгоход хамгийн багадаа 5-6 сая төгрөг зарцуулдаг.
Энэ мөнгөөр хэдэн мянган мод тарих боломжтой. Үүнээс гадна ойр хавийнхаа амьтан, хүний эрүүл мэндэд үзүүлж буй нөлөө асар их. Харин шавар суваргыг үүнтэй жишвэл ямар ашигтай вэ гээд бодоод үз дээ.
Бурхны шашинд мод тарихыг суварга босгохоос дутахгүй үнэ цэнэтэй үйлд тооцдог. Гандантэгчинлэн хийдийн тэргүүн, их хамба Д.Чойжамц “Бусдад тус болно гэдэг цэцэг, мод тарихаас эхлээд амьдарч байгаа орчноо сайхан авч явахыг хэлнэ. Бусдын төлөө гэсэн сэтгэлээр хэдэн мод тарьж, ургуулна тэр хэрээр буян арвижна. Арван ширхэг мод тарихад л ямар нэг байдлаар агаар цэвэршүүлж, сайхан амьдрал, өвчин зовлонгүй байлгах буян хураана” гэж өгүүлжээ.
Мөн нэг мод таривал нэг насны буян хураана ч гэж бурхны шашинд үздэг. Гэтэл яг ачир дээрээ ойр, дотнын хүнийхээ араас буян хийх гэж буй хүнд ганц мод тарьчих гэж хэлдэг хувраг манайд алга. хатуухан хэлэхэд, хэрэв тэгдэгсэн бол далан давхраар ярайсан цагаан чулууны оронд цэл ногоон ой сүндэрлэж байх байлаа. Тэгээд ч Монгол орон ногоон ойгоор гачигдаж байгаагаас бус шавар суваргаар дутаагүй.
Монголд буддын шашны эх өлгий төвөдөд байдгаас илүү олон суварга бий. Харин байгалийн тэнцвэрийг хадгалдаг ногоон ойгоор дутагдсаар. Улаанбаатар хот гэхэд 1990 онд долоон сая модтой байсан бол өнөөдөр дөнгөж 2.9 сая мод, бут, сөөгтэй болсон. Бүр бут, сөөгөө оруулаад шүү дээ.
гэхдээ энд суварга барихыг буруутгасангүй. Харин хэрээс хэтэрч, утгаа алдаад байгааг л сануулмаар санагддаг. Одоо нийгэм, цаг үетэйгээ хөл нийлүүлж, буян хураах үйлийг арай өөрөөр хардаг болмоор байна. Мод тарьж байна гээд албан хүчээр, хөлсний ажил шиг хийдгээ ч больё. харин сэтгэлээ ариусгаж, үнэн сэтгэлээсээ, хайртай нэгнийхээ төлөө мод тарьдаг, түүнийг үе удмаараа тордон ургуулдаг сэтгэлгээтэй болмоор байна! Сүсэг бишрэлд хүнийг хөдөлгөх асар их хүч байдаг.
Монголчуудын дунд өөр шашин шүтдэг эс бөгөөс огт шүтдэггүй олон хүн бий. Гэвч хойдохын ном хурах цагт бүгд л лам багшийн өмнө алгаа хавсран сууж, таван үсэгтэй маань уншдаг шүү дээ. Хэрэв сүм хийдийнхэн мод тарихыг дээдийн буян гэдгийг ухуулж, иргэдэд уриалж чадвал бид төр засгийн харамч гар, сэтгэл дутсан ажлыг харж суулгүй ногоон ойгоо арвижуулж, өөрсдөө ч эрүүл амьдрах боломж байна. амьгүй шавар бус амьд ногоон “суварга” үр хүүхдэд минь хэрэгтэй.
Эх сурвалж: ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ СОНИН