Дэлхийн эрүүл мэндийн байгууллагын гаргасан судалгаагаар Номхон далайн бүсийн 37 орноос Монгол Улс сүрьеэгийн тархалт, нас баралт ихтэй долоон орны нэгд багтаж байгааг дурдаад манай улсад жилд шинээр 4,000 гаруй сүрьеэгийн тохиолдол бүртгэгдэж байгаагийн 70 гаруй хувийг 16-44 насны залуучууд эзэлж, жилд дунджаар 250 гаруй хүн нас барж байгаа нь тун харамсалтай тоон үзүүлэлт гарчээ.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн 200 ортой Сүрьеэгийн клиникийн эмнэлэг нийслэлийн хүн ам олноор төвлөрсөн, хотын төвд үйл ажиллагаагаа явуулж байгаа нь сүрьеэгийн тархалтыг нэмэгдүүлэх эрсдэлийг бий болгоод байгаа аж. Мөн тус эмнэлэгт нэг өвчтөн 3-4 сарын хугацаагаар хэвтэж эмчлүүлдгээс орны эргэлт удаан, халдвар авсан бүх өвчтөнийг тусгаарлан эмчлэх боломжгүй, ачаалал ихтэй, хүнд нөхцөлд үйл ажиллагаагаа явуулсаар иржээ.
Нөхцөл байдал ийм байгаа учир сүрьеэгийн тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах үүднээс сүрьеэ өвчний эмнэлзүйн хэлбэр, халдвар хяналтын олон улсын стандартад нийцсэн “Сүрьеэгийн эмнэлэг”-ийн барилгын зураг төсвийг хийхэд шаардлагатай санхүүжилтийг нэн даруй шийдэх нь зүйтэй гэдгийг өчигдөр болсон “Сүрьеэ өвчний эрт илрүүлгийг зохион байгуулах, цаашид авах арга хэмжээний тухай” хэлэлцүүлгийн үеэр Байнгын хорооны дарга Ё.Баатарбилэг хэллээ.
Түүнчлэн Улаанбаатар хотын төвөөс зайдуу, ой модтой, нийтийн тээврээр очих боломж бүхий гурван га газар барилга барих газрын асуудлыг яаралтай шийдвэрлэж, барилгын ажилд шаардагдах төсөв, хөрөнгийг 2019 оны улсын төсөвт суулгах шаардлагатай байгааг хэлэлцүүлгийн эхэнд онцоллоо. Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх, Сүрьеэгийн өвчлөл өнөөдөр цөмийн аюулын эрсдэл, дэлхийн дулаарлын дараа гуравдугаарт бичигдэж байгааг мартаж болохгүй хэмээлээ.
Жилд дунджаар 4,000 гаруй сүрьеэгийн шинэ тохиолдол бүртгэгдэж байгаа ч үүний цаана гурав дахин их хүн өвчилсөн байх магадлалтай гэсэн эрдэмтдийн тооцоо судалгаа байгааг Ерөнхий сайд дурдаад сүрьеэ болон бэлгийн замаар дамжих халдварт өвчнийг бууруулах асуудалд онцгой анхааран ажиллаж байгаагаа мэдэгдсэн юм. Тухайлбал, эдгээр халдварт өвчнөөс урьдчилан сэргийлэх, өвчлөлийн тархалтыг бууруулж, халдварыг эрт үед нь илрүүлэн эмчлэх зорилготой захирамжийг Ерөнхий сайдын хувьд гаргаж, ажлын хэсэг байгуулжээ.
Сүрьеэгийн эмнэлгийн багтаамж, ор хүрэлцэхгүй, нөхцөл хүнд байгааг үндэслэж юуны өмнө эмнэлгийн зургийг бэлэн болгох, цэвэр агаартай эрүүл орчинд эмнэлэг барих гурван га газрыг шийдвэрлэх талаар зохих албан тушаалтнуудад үүрэг өгсөн байна.
Түүнчлэн сүрьеэ, бэлгийн замаар дамжих халдварын чиглэлээр ажиллах мэргэжлийн эмч, мэргэжилтний тоог нэмэгдүүлэх асуудлыг нэн даруй шийдвэрлэж ажиллах чиглэлийг Эрүүл мэндийн сайдад өгөөд байгаагаа хэлэлцүүлгийн үеэр хэлсэн юм. Эрүүл мэндийн дэд сайд Л.Бямбасүрэн, Сүрьеэ өвчний талаар баримталж буй бодлогын хэрэгжилт, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар мэдээлэл хийсэн.
Хүн амын дунд сүрьеэгийн халдвар идэвхитэй тархаж, эмзэг бүлгийн хүн амын дунд төвлөрч, тархалтын түвшин эмч нарын илрүүлж байгаа түвшингээс даруй гурав дахин өндөр байгаа нь судалгаагаар тогтоогдсоныг тэрбээр онцолсон. Хүүхдийн сүрьеэгийн болон сүрьеэгийн хавьтлуудын дунд өвчлөл нэмэгдэж, зарим сургууль, албан газруудад дэгдэлт хэлбэрээр гарч байгаа нь сэтгэл түгшээсэн асуудал болоод байгааг мөн тэмдэглэсэн юм.
Сүрьеэгийн эмчилгээний амжилт, эдгэрэлт жил дараалан буурч, улсын хэмжээнд 2012 онд 85,8 хувь, 2015 онд 85,1 хувь, 2016 онд 84,5 хувь болсон нь сүрьеэтэй өвчтөн эмчилгээ тасалснаас үүдэлтэй, сүрьеэгийн өвчлөл нас баралт буурахгүй байгаа нь ядуурал, ажилгүйдэл, хүн амын өсөн нэмэгдсэн шилжилт хөдөлгөөн, эмнэлгийн тусламж, үйлчилгээ болон сүрьеэгийн оношилгоо, эмчилгээний чанартай холбоотой хэмээн дэд сайд сайд хэллээ.
Манай улсад сүрьеэгийн салбарт ажиллаж байгаа ажилтнууд ажлын байранд сүрьеэгийн халдвар авах, сүрьеэгээр өвчлөх, сүрьеэгийн улмаас нас барах тохиолдол дөрөв дахин өндөр байгаа нь судалгаагаар тогтоогджээ.
Сүрьеэгийн эмч, сувилагч нарын 84.3 хувь нь сүрьеэгээр өвчилсөн байна. Өнөөдрийн байдлаар сүрьеэгийн 59 эмчийг нэмж бэлтгэх, цаашид үргэлжлүүлэн бэлтгэж байх хэрэгцээ шаардлага байгаа аж. Казахстан, Киргизстан зэрэг улсуудад сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүд ижил түвшний эмч нарын цалингийн 190 хувь, олон эмэнд тэсвэртэй сүрьеэгийн эмч нар 220 хувиар илүү хэмжээний цалин авч, сүрьеэгийн тархалтыг бууруулж амжилтанд хүрчээ.
Үүнтэй холбоотойгоор сүрьеэгийн эмч, мэргэжилтнүүдийн цалинг 30 хувиар нэмэгдүүлэх Монгол Улсын Засгийн газрын 2017 оны 175 дугаар тогтоол батлагдаж, 10 дугаар сарын 1-ний өдрөөс 450 гаруй эмч мэргэжилтнүүд нэмэгдэл цалингаа авч эхэлжээ. Цаашдаа сүрьеэгийн үндсэн болон төрөлжсөн мэргэшлийн эмчийг богино хугацаанд түргэвчилсэн байдлаар бэлтгэхээр төлөвлөж буйг дэд сайд дурдаад 2018-2020 онд дутагдалтай байгаа эмчийн 80-85 хүртэл хувиар улсаас зардлыг даан, нөхөж, тусламж үйлчилгээний хүртээмжийг дээшлүүлнэ гэж үзэж байгаа гэлээ.
Гэрэл зургийг mpa.mn Боловсрол, соёл, шинжлэх ухаан, спортын сайд Ц.Цогзолмаа сүрьеэгийн халдвараас сэргийлэхийн тулд хүүхдүүдэд зөв дадал, хэвшлийг эзэмшүүлэх нь хамгийн чухал хэмээн тэмдэглэн хэлсэн. 2017 онд 0-18 насны 743 хүүхэд сүрьеэгийн халдвар авсаны 150 нь цэцэрлэгийн, 322 нь ЕБС-ийн сурагч, 271 нь их, дээд сургуульд суралцагчид байжээ.
Манай улсад үйл ажиллагаа явуулж буй нийт 1,416 цэцэрлэгийн 517 нь эмчтэй бол ерөнхий боловсролын 796 сургуулийн 478-д нь эмч ажиллаж буй аж. Өндөр төлбөртэй хувийн 146 сургуулийн 28 нь л эмчтэй байгааг сайд онцлоод сүрьеэ болоод бусад халдварт өвчнөөс сэргийлэхийн тулд цэцэрлэг, сургууль бүр эмч, мэргэжлийн тогоочтой болох, хүүхдийн хоолны илчлэгийг тооцсон шинэ стандарт нэвтрүүлэх, цэвэр усны хүртээмжийг нэмэгдүүлэх хэрэгтэй байна гэлээ.
Түүнчлэн сайд эрүүл мэндийн хичээлийн зөв хөтөлбөрийг боловсруулах ажил хийгдэж байгааг дурдаад энэ бүхнийг цогцоор нь шийдэж байж хүүхдүүдэд энэ өвчнөөс урьдчилан сэргийлэх мэдлэг олгож, мөн урьдчилан сэргийлэх боломж бий болно гэж үзэж байгаагаа илэрхийлсэн.
Халдварт өвчин судлалын үндэсний төвийн Ерөнхий захирал Д.Нямхүү “Сүрьеэгийн өнөөгийн байдал, тулгамдсан асуудал” сэдвээр, 429 дүгээр хорих анги-төрөлжсөн мэргэшлийн эмнэлгийн дарга, хурандаа Б.Лхагважав “Хорих анги дахь сүрьеэ өвчний өнөөгийн байдал, авч хэрэгжүүлж буй арга хэмжээ” сэдвээр мэдээлэл хийсэн бөгөөд хэлэлцүүлэгт оролцогчид сүрьеэ өвчнөөс урьдчилан сэргийлэх, цаашид авч хэрэгжүүлэх арга хэмжээний талаар саналаа хэлж, байр сууриа илэрхийллээ хэмээн УИХ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.