Газар дэлхийгээ ногооноор төсөөлөөд сурчихаж. Сансраас харахад “цэнхэр” харагддаг гэж Ж.Гүррагчаа хэлсэн. Өнгөрсөн зууны наяад онд сансарт ниссэн тэр хүнийг өнөөдөр зарим нь танихгүй, бас нэрийг нь ч дуулаагүй хүмүүс олон бий. Тэр үнэн байх. Нүдээр харсан хүний үгэнд итгэхгүй бол юунд итгэхсэн билээ. Элдэв шалдав мэдээлэлд толгой нь эргэсэн нөхдийг буруутгалтай нь биш. Харин би эх дэлхийгээ ногоон гэж хэлээд тэр ногоон өнгийг тодруулагч нь ой хэмээх “газрын сахал” гэж хэлэх гээд байгаа юм. Энд миний бие дэлхийн ойн тухай биш, монголын ойн талаар асуудлыг хөндөж, түүний эргэн тойронд ямархан дүр зураг харагддаг талаар санал бодлоо нэгэн сэдвийн дор илэрхийлэхийг зориод байгаа билээ. Юуны түрүүн монгол орны ой хэмээгчээсээ эхэлэе. Монгол орон ойн баялгаар тааруу, нөөцөөр хомс оронд тооцогддог юм байна. Гэсэн хэдий ч нэг хүнд ногдох ойн талбайгаар дэлхийн дунджаас 7 дахин их, Европийн дунджаас 20 дахин их гээд бод доо. Тэгвэл нэг бодлын ойгоор баян орон ч юм шиг. Ер нь асар уудам нутагтай, хүн ам цөөнтэй манай орны хувьд нэг хүнд ногдох үзүүлэлтээр дэлхийд тэргүүлдэг олон юм байдгийг манайхан гадарлана. Жишээ нь нэг хүнд ногдох газар нутгаар, малын тоогоор, ойн талбайгаар, бүр хошигновол нэг хүн ногдох даргаар, компанийн захирлаар, хожуулын тоогоор гэх мэт. Могойг гурав хуваахад гүрвэлийн дайтай, монголыг гурав хуваахад Францын дайтай гэж нэг хэлц үг тэнэж явдаг. Үнэндээ монголын асар уудам нутгийн 11,89 хувь нь ойн сан бүхий талбай бөгөөд жижиг газар нутагтай орнуудын нийт нутгаас хэд хэд дахин их ой бий. Харин байгаа юм маань ямархан үр өгөөжтэй билээ. Тарган мал тал бүрийн ашигтай, малаас амьсгалаас нь бусдыг ашиглаж болно гээд ярьж байсан цаг саяхан.
Харин ойгоос амьсгалыг нь ашигладгаараа эрдэнэт таван хошуу малаас илүү ашиг тустай аж. Хүн мах идэхгүй сар жилээр, цагаан хоолтонгууд насан туршдаа амьд яваад байж чадна. Харин хүчил төрөгчөөр амьсгалахгүйгээр хэдэн хором ч тэсч үл чадна. Үүнд л хамаг учир нь байгаа юм. Дэлхийн агаар мандлын хүчилтөрөгчийн давхарга 3,5 тэрбум жилийн хугацаанд зөвхөн ногоон ургамал, ойгоос үүссэн гэж байгаа. Тэгэхээр ногоон дэлхий бидний оршин амьдрах өлгий төдийгүй үүсэж бий болсон хэвлий юм. Монголын ойг ач холбогдол, амин зуулга талаас нь ингэж нэг тодорхойлж болох юм. Энэ нь дэлхийн усны гурван том хагалбар дагаж тархсан, монголын гол мөрний урсац бүрдэх эх үүсвэр, усны нөөцийг зохицуулан хамгаалах, сэлбэж цэвэршүүлэх, газрын хөрсийг элэгдэл эвдрэлээс хамгаалах, уур амьсгалыг зөөлрүүлэх, хүлэмжийн хийг шингээх, агаарын найрлага дахь хүчилтөрөгчийн харьцааг тэнцвэржүүлэх, амьтан ургамал, бичил биетний өсөж амьдрах таатай орчинг бүрдүүлэх, мөнх цэвдэгийг тогтоон барих зэрэг байгаль экологийн хэмжиж, тооцоолж болшгүй өндөр ач холбогдолтой юм аа гэж… Бас эрдэмтэдийн үзэж байгаагаар маш эмзэг ой гэнээ. Учир нь Байгаль-Сибирийн их тайга, төв Азийн хээр, цөлийн торгон заагт уур амьсгалын эрс тэс нөхцөлд оршдог, байгалийн жамаараа нөхөн сэргэх чадавхиар нэн хязгаарлагдмал, түймэр, хөнөөлт шавж болон хүний үйл ажиллагааны сөрөг нөлөөнд хялбархан өртөмтгий шилмүүст болон навчит ой, нутгийн өмнөд талын говь цөлийн бүсээр ургасан заган ойгоос бүрддэг байна. Өөрөөр хэлбэл ойн эзэлж буй талбайн 75,4 хувийг шилмүүст болон навчит, 24,6 хувийг заган ой эзэлдэг. Ингээд дээрх шинжийг агуулсан монголын ойн баялагийн 82,8 хувь нь хамгаалатын чанартай, 17,2 хувь нь ашиглалтын бүсэд хамаардаг. Ашиглалтын бүсийн ой нь ийм бага талбайтай атал навчит, шилмүүст ойн 55,7 хувь, нийт нөөцийн 76,3 хувь нь болц гүйцсэн хөгшин ой эзэлдэг. Тэгвэл монголын ой хөгширчээ. Энэ бас нэг асуудал. Саяхан ой модны салбараас төрсөн эрдэмтэд нэг цуглав аа. Тэд монголын ойн баялгийн талаар бүгд санаа их зовниж байна. Түүний эмзэг нарийний тухай, өтөлж хөгширсний тухай, өт хорхойд идэгдсэний тухай, түймэр түйтгэлд нэрвэгдсэний тухай санаа алдан ярьцгааж байна. Энэ аргагүй юм. Ойрмогхоны хэдэн баримт энд хэлье. 1999-2010 онд улсын хэмжээгээр 7,0 сая шоометр мод бэлтгэж, давхардсан тоогоор 2,9 сая га /жилд 240,0 мянган га/ ой түймэрт өртөж, 7,9 сая га /жилд 659,0 мянган га/ ойн талбайд хөнөөлт хортон шавж тархжээ. Өөрөөр хэлбэл дээрх хугацаанд шатсан ойн талбай 772,6 мянган га-аар, мод бэлтгэсэн талбай 96,9 мянган га-аар, хөнөөлт шавжид нэрвэгдэж хатсан ой мод 95,6 мянган га-аар тус тус нэмэгдэж, байгалийн ойгоор бүрхэгдсэн талбай 3,6 хувиар хорогдож, ойн хомсдол бий болжээ. Энэ тоог сонсоод халаглахгүй байхын аргагүй. Ой мод ийм ч ашигтай, тийм ч тустай гээд би дээр жаахан ярив аа. Жишээ нь “гол мөрний урсац бүрдэх эх үүсвэр” гэдэг ухагдахуун байна. Улаанбаатарт 1966 оны наадмаар болсон үерт манайхан ямар онош тавьсан билээ. Туул гол сал урсгаж байсан гол шүү дээ.
Түүний эхний ойг, тухайлбал Туул, Тэрэлжийн бэлчир, Хэнтийн нурууны ойг хайр гамгүй огтолсноос болж борооны ус ойн хөрс, хөвдөнд шингэж чадахгүй болсноос үер буулаа гэж үзэж байгаа. Нас гүйцсэн нэг ширхэг амьд Шинэс мод үндсэндээ 5,0 тн ус барьдаг гэдгийг үндэслэж энэ үгийг хэлж буй бололтой. Дорнын их яруу найрагч Бэгзийн Явуухулан Үерийг юу гэж хэллээ. Үер, үүл даагаагүй илүүдсэн ачаа Үер, газар уугаагүй гологдсон ус… гэж. Ингэхлээр нүцгэн газар, бороо хурын усын шингээж чадахгүй болж цөлжсөн газарт л үер буудгийг хэлсэн хэрэг. Нөгөө ой, модны ач холбогдол гээд яривал ийм л зүйлээс эхлээд хэлж болно. Дээрх эрдэмтэд, ойн талаарх бодлого их алдагдсан тухай ярьж байна. Бидний өмнөхөө шүүмжилдэг “эргүүтрэл”, нөгөө муу хэлээд байдаг социализмын үед сайн юм зөндөө байсан байна. Тэр үед ойн талаарх төрийн бодлого жинхэнэ утгаараа хэрэгжиж байсан гэдгийг энд цухас дурдая. Мэргэжлийн гэж нэр зүүгээд, нам дагасан олигархууд, танил тал, өнгө мөнгө шүтсэн эсвэл намдаа хөрөнгө хандивласан нөхөд албан тушаал хүртэж, бүхэл бүтэн салбарыг тэр чигээр нь элгээр нь хэвтүүлчихэж байгаа эмгэнэлийг хараад дуугүй суухын арга алга мэт санагдана. Ойн инженер мэргэжилтэй намайг Дорнод аймгийн ой, агнуурын аж ахуйн даргаар ажиллаж байх үед Ой, модны аж үйлдвэрийн яам гэж ямар сайхан яам байв аа. Улсын үндэсний орлогын бараг 20 хувийг үйлдвэрлэдэг байсан тус яам гэхэд ойн инженер Дамдингийн Цэдэнг Сэлэнгэ аймгийн ой, агнуурын аж ахуйн даргаар ажиллаж байхад нь шууд авч ирээд сайдаар тавьж байлаа. Тэгээд орлогч сайд нь ойн гавьяат ажилтан, монголын анхны ойн инженерүүдийн нэг Н.Гомбожав, Намын төв хороонд ойн салбар хариуцдаг хүн нь ойн инженер О.Гонсон /хожим Байгаль орчны гавьяат ажилтан болсон/, Сайн нарын Зөвлөлд ойн асуудал хариуцсан хүн нь ойн инженер Ө.Товуу гээд тэр салбар бүгд мэргэжлийн хүмүүсээр удирдуулж байсан юм. Үүнийг л мэргэжлийн удирдлага, мэргэжлийн яам, мэргэжлийн засгийн газрын бүтэц гэнэ биз дээ. Бодлого алдагдахын бүр тод жишээ, Ой модны аж үйлдвэрийн яамыг татан буулгаж Байгаль орчны яам болгосноор сайжирсан гэхээсээ илүү, хийрхсэн улс төрчид орж ирж бүхэл бүтэн салбараар тоглосон явдал болсон гэж шууд хэлж болно. Гурван зуу гаруй жилийн түүхтэй дархан цаазат Богд хан уулын хувь заяа Байгаль орчны сайд асан У.Барсболдын үед аялал жуулчлалын нэрээр орон сууцжуулж, одоо зөвхөн дархан цаазат уулын хамгаалалтын дэглэмийг “зөөлрүүлэх” тухай л ярилцах болж байна.
Дархан цаазат газарт зөвхөн аялал жуулчлалын шугамаар газар олгож болно гэсэн утгатай хуулийн заалтыг үндэслэн Зайсангийн аманд газар олгосон. Тэгтэл тэнд 60 гаруй аж ахуйн нэгж яаж ч бодсон багтахааргүй атал авилгаа аваад л газар олгоод байсан шүү дээ. Ийм авилгачин сайдаасаа авахуулаад хууль зөрчсөнийг юу гэж үзэхсэн билээ. Гэтэл Богд хан уулын ой Сибирийн ойн хамгийн урд зах, нөгөө л маш эмзэг ойн экосистем байдаг. Гэх мэтээр монголын ой болоод хот суурин цэцэрлэгжүүлэлт, нийслэлийн ногоон бүс, Дархан цаазат уулын хувь заяа, агаарын бохирдлын ерөндөг ногоон ургамлын талаар маш олон асуудал хөндөж ярих шаардлага гарч байгаа. Энэ хүрээнд маш хурц асуудлаар манай булан үргэлжилнэ.
Хүн чулууны хонхорт Туулын бургаснаас өөр юм байгаагүй Хүний гараар бүтсэн ногоон байгууламжийг “ойжуулалт, цэцэрлэгжүүлэлт” хэмээдэг бөлгөө. Ойд, ойн цоорхойд, бүр огт модгүй газар, эсвэл түймэрт шатсан ойн талбайд мод тарихыг ойжуулалт, хот суурин газарт мод, сөөг суулгахыг цэцэрлэгжүүлэлт гээд байгаа ухааны юм. Мэдээж цэцэрлэгжүүлэлтийн ажилд мод сөөг суулгахаас гадна зүлэг тарих, цэцэгжүүлэх гээд олон ажил хамаарна. Харин нүүдэлчин монголчуудын хувьд суурин газрын хүний хийдэг, тарьж суулгаж, услаж ургуулаад, арчилж ариглаад байх тийм ажил, ахуй бараг байсангүй гэж хэлж болно. Зөвхөн таван хошуу малаа бол ёстой жинхэнэ гэрийн болгож чадсан ард түмэн. Тийм болохоор малаа адгуулдаг шиг мод ургамлаа арчилна гэвэл бас хэдэн зуун жил шаардагдах ажил хэмээн бодогдоно. Өчигдөр цэцгэн дээр гишгээд хонио хариулж явсан малчин өнөөдөр Улаанбаатарт ирээд зүлэг, цэцгэн дээгүүр гишгэх нь юу ч биш шүү дээ. Гэхдээ том хотын соёл эрхэм нөхрөөс зүлэг цэцгээ хайрлахыг, бас арчилж ургуулахыг, тарьж суулгахыг шаардаж буй. Үүнийг нэгэн төрлийн ахуй, суурин амьдралын хэв маяг, бүр нарийнаар хэлбэл амьдрах орчноо өөрөө зохион байгуулах урлаг талаас нь харж, олон жилийн суурьмал амьдралтай улс гүрний бий болгосон соёл, түүхийн уламжлалаас хуваалцаж амьдрах цаг үе нэгэнт ирсэн бололтой. Яг тийм үед бид амьдарч байна. Дэлхий дахинаар хот балгад асар ихээр үүсч, хүн зон тэнд багширан суух болж, түүнийгээ дагаад агаар, хөрс, усны бохирдол, хүмүүний амьдрах орчинд үүсэх сөрөг нөлөөлөл ихэсч, түүнээс гарах арга зам, улс гүрний өмнө “анхаарлын тэмдэг” цагдаагийн гарт байдаг эрээн мод адил гозойж, “асуултын тэмдэг” уучлал гуйх адил тонголзож байна. Өргөн уудам нутаг дэвсгэртээ манай орны хувьд энэ бол хамаагүй мэт сэтгэдэг нэгэн байхад хотжих үйл явцын үр дүнд бий болсон Улаанбаатарын амьдрал арай өөр дохио бидэнд өгч буй. Хүн амынх нь бараг тал хувь нь нийслэлдээ байдаг улс орон манайхаас өөр бараг байхгүй биз. Тэгээд аймгийн төв, сум, суурин газрууд ямар ихээр бий болж, хөдөөх нүүдэлчин амьдрал хэрхэн хумигдаж байгаа талаар бид багагүй мэдээлэлтэй байгаа. Гэвч жар гаруй сая малыг малчид л маллаж байгаа шүү дээ гэхээс бас чиг сэтгэл тайвширмаар. Нэгэнт дадал заншил, ахуй нь нүүдэлчин мал аж ахуй байсан нь өөрчлөгдсөн хот сууриныхныг нэгтгэдэг “жолооны дүрэм” бас байна аа. Энэ нь хотын дүрэм юм. Тэнд “ерөнхий төлөвлөгөө” гэдэг хууль үйлчилдэг. Нийслэл Улаанбаатарт анх баталснаас хойш таван ерөнхий төлөвлөгөө хэрэгжсэн бөгөөд эхний дөрвийг нь хуучнаар ЗХУ-ын мэргэжилтнүүдийн хүчээр, тавдахийг нь монголын үндэсний мэргэжилтнүүд боловсруулж батлуулан мөрдөж байгаа билээ. Тэр “хууль”-ийг одоо хэрхэн мөрдөж байна вэ. Нийслэлийг 600,0 мянган хүн амтай цомхон хот байх юм шиг төсөөлж, анхны ерөнхий төлөвлөгөөнүүд зохиогдож, түүнд тааруулан ногоон байгууламжийг нь суурилуулсан бөгөөд 1990 он хүртэл нэг хүнд ногдох цэцэрлэгжсэн талбайн хэмжээ том хотын жишигт буюу 10-12 амметр байсан билээ. Тэгтэл шинэ үндсэн хуулинд хүн амьдрах газраа өөрөө сонгох ухааны заалт ороодохсон чинь нийслэл рүү чиглэсэн их нүүдэл өрнөж, Улаанбаатарын маань хүн ам урьд өмнө байгаагүйгээр нэмэгдэж, тэр чинээгээр хотын даац бүх чиглэлд хэтэрсэн гэж хэлж болно. Тухайлбал унаа уншны хүрэлцээ, ус, цахилгааны хангамж, замын түгжрэл, гэр хорооллын өсөлт, ногоон байгууламжийн хомсдол энэ тэр гээд…Өөр ч олон гачаал, бэрхшээл тулгарсан. Энд зөвхөн хотын цэцэрлэгжилтийн асуудлыг л онцгойлон хөндөхийг оролдов. Хот байгаа дэд бүтэцдээ захирагдан барилгажиж, бүх нүх сүвийг чигжиж “шүд суулгасаар” байтал нэг мэдэхэд замаа өргөсгөх, ногоон байгууламжаа устгаж байшин барих, сад цэцэрлэг рүүгээ улаан цайм дайрах хэмжээнд хүрч, бас газар үнэд орж “газрын наймаачид” гэх нэр томъёо гарч ирсэн. Тэр газрын наймаачид нь хот дүүргийн газар олгодог захирамж гаргах эрх бүхий хүмүүс аж. Тэдэнд ногоон байгууламж, цэцэрлэг, сад бол юу ч биш, өмч гэж харахгүй, нөгөө л малаа адуулж явсан эзэнгүй тал нутгийн билчээр шиг санагдсан хэрэг. Хот дүүргийн удирдлагууд уралдан газар олгож, бүр сүүлдээ хэн нь газар олгох, олгохгүйдээ тулж жинхэнэ газрын төлөөх тулалдаан өрнөж, түүнд хотын ногоон байгууламж асар ихээр хохирсон.
Та нар мэднэ дээ, ДСНК-ын цэцэрлэг гэж ямар хөөрхөн цэцэрлэг байв. Тэгээд холбоочдын, дүүргүүдийн, бүр сүүлдээ хүүхдийн парк, ботаникийн цэцэрлэг, Дамбадаржаагийн дендрарид газар олгогдож, Төрийн ордны арын цэцэрлэгт Парламентийн ордон барина хэмээн мөн ч их үзэв ээ. Хувьсгалчдын цэцэрлэг хэмээн нэрлэгдэж байсан төрийн ордны арын жижиг цэцэрлэгийн модыг гэмтээхгүй, цэцэрлэгийг бусниулахгүй ордон барина гээд зүтгэснийг яана. Хэдүй нүүдэлчин ч гэлээ монголчууд том хотын дуулиан, нийслэлийн нэр хүндээр далайлган 1940-өөд оноос анхны мод хотод тарьж суулгаснаар эдүгээ гудамжууд нь таримал ногоон модтой, цэцэрлэгжсэн орчин үеийн хотын төрхийг нэгэнт олж, хүн болгоны амны зугаа байхаа больсон байна. Манай нийслэл хотыг цэвэрхэн гэж гадны зочин гийчин магтдаг гэсэн. Бас мод, ургамалгүй юм аа гэж муулж байхыг нь сонсоогүй юм байна. Харин бид хийсэн бүтээсэн, тарьсан суулгасан юмаа өөрсдөө устгачихаад, хэн рүүгээ буруугаа чихэхсэн билээ. Одоо нэг хүнд 6,3 амметр цэцэрлэгжсэн талбай ногдож байгаа гэсэн тоо бий. Зарим нь бүр бууруулаад 3,1 амметр ч гэж ярьж байна. Байгаа хүн амдаа цэцэрлэгжсэн талбайгаа хуваагаад гаргадаг тоо л доо. Ногоон ойн ач холбогдлын талаар өмнөх нийтлэлдээ өгүүлсэн учраас одоо хотын ногоон байгууламж гэж бас ямархан үүрэгтэй болох талаас нь цөөн үг хавчуулъя. Нэг сая гаруй оршин суугчидтай Нийслэл хот ямархан бохирдолтой хот билээ. Утаа нь гамшгийн хэмжээнд хүрсэн гээд л. Хүн бүхэн хүчилтөрөгч хэрэглэгч атал түүнийг сэлбэдэг ганц зүйл нь ногоон ургамал, мод, сөөг, зүлэг цэцэг гэдгийг бид мэднэ. Нэг га газрын ой 18,0 сая шоометр агаарыг цэвэршүүлдэг гэнэ. Ногоон модтой хотод утаа биш, цэвэр агаар л үнэртэй ёстой аж. Гэтэл утаанаас сална гээд ногоон мод ургамлаа мартаж яахан болох. Бас тоос шороог өөртөө барих, дуу чимээг намсгах, бичил уур амьсгал бий болгож чийгшүүлэх, салхи хаах, бүр цаашлаад өнгө алагласан цэцэг нь орчныг чимж, барилга архитектурын гоёмсог хослолыг үзүүлж, ногоон өнгө нь нүд баясгаж, хүн зоны жаргалтай аж нөхцлийг бүрдүүлгийг бид мэднэ.
Манай хотод ойжуулж, цэцэрлэгжүүлж болох асар их газар, нөөц байна. Гудамж талбайн мод ургамал зарим нь хөгширч, зарим нь газарт орж, зарим нь хугарч гэмтэн цөөр ч байна. Гэр хороолол гэж хэдэг мянган га-аар хэмжигдэх асар их талбай байна. Цэцэрлэгжүүлэх газар алга хэмээн зарим нь гомдоллоно. Энэ сийрэгжсэн мод ургамалтай гудамжаа нягтруулахад л өнгө үзэмж нь дээшилж, хүчилтөрөгч ялгаруулах хэмжээ нь нэмэгдэж, агаарын чанар сайжирна. Айл болгон хашаагаа ойжуулчих. Албан газар бүр орчиндоо эзэн болчих. Зөвхөн нийслэл хотоор хязгаарлах бус, хүн ам нягтран суусан суурин газар бүр ийм байгаа. Хот суурины ногоон ургамал, цэцэрлэгжилтийн асуудал ч ганц Улаанбаатарынх ч биш юм. Тэгэхээр бид бүгдээрээ мэддэг мэт боловч бага анхаарч, хот суурины ерөнхий төлөвлөгөөний дагуу ажиллаж чадахгүй байгаа нийтлэг дутагдал бий. Тэдэнд нэг л юм дутагддаг юм. Тэр нь экологийн боловсрол. Энэ талаар дараа тодорхой өгөөлэмз. Ямарч байсан дөрвөн уулын дунд орших нийслэл хот маань анх мод суулгаж байсан өнгөрсөн зууны эх, эсгий хот байсныг бодоход цэцэрлэгжсэн, том хотын жишгийг даган урагшилж буй ногоон хотын төрх суусан шинэ залуу хот. Энэ дөрвөн уулын дунд хүний гараар мод суулгахаас өмнө Туулын бургаснаас өөр юм байгаагүй байсан юм даа гэж хэлээд дараа хотын ногоон байгууламж, цэцэрлэгжилтэнд тулгарч буй асуудлаа нэгд нэгэнгүй задлан ярилцах болно.
2 comments
Ёстой мундаг.
Ёстой сайхан юм уншлаа . Дотроо бодож явдаг зүйлийг бичжээ . Айл бүр хашаандаа заавал мод тарих ёстой . Үүнийгээ үргэлжлүүлэн мод тус бүрийг яаж тарих, яаж арчлах талаар цувралаар бичвэл яаж бна