Онцгой Байдлын Ерөнхий Газар, Цаг уур, орчны шинжилгээний газартай хамтран үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг жил бүрийн дөрөвдүгээр сарын 1-нээс эрчимжүүлэн ажилладаг. Хуурайшилт нэмэгдсэнтэй холбоотойгоор энэ оны дөрөв, тавдугаар саруудад 112 удаа үүлэнд зориудаар нөлөөлсөн байна.
Үүлэнд зориудаар нөлөөлж хур тунадас нэмэгдүүлэх нь экосистемийн дасан зохицох, сэргэх чадварыг дэмждэг байна. Мөн хөрсний угтвар чийг, бэлчээрийн болон таримал ургамлын ургацыг нэмэгдүүлэх, усан сан, гадаргын усны нөөцийг тэтгэх, таримал ургамлыг мөндрөөс хамгаалах зэрэг ач холбогдолтой юм. Манай улсын хувьд үүлэнд зориудаар нөлөөлөх пуужингийн нөөц хангалттай байгаа гэж мэргэжлийн байгууллагаас мэдээллээ. Хуурайшилтаас шалтгаалж жил бүр 1000-2000 ширхэг пуужин ашигладаг байна.
Өнгөрсөн жилийн хувьд харин 1000 орчим пуужингийн нөөцтэй байсан нь нэлээд хүндрэл учруулжээ. Тиймээс энэ жилийн хувьд одоо байгаа нөөц дээрээ 1200 пуужин нэмж авахаар захиалга өгчээ. Пуужинг урд хөршид захиалгаар хийдэг бөгөөд нэг бүрийн үнэ нь 350-450 мянган төгрөг байдаг юм байна. УЦУОСМХ-ийн мэргэжилтэн Г.Мөнгөнбаатар “Аль аймгийн аль сум хуурайшилт ихтэй байна тэнд анхааруулж аймгийн цаг уур орчны шинжилгээний төвийн дарга нарт албан ёсоор мэдээлдэг.
Тэд ч байгаль орчин, төлөв байдлынхаа тандалт байдлыг хийгээд үйл ажиллагаа явуулж байна. Манайд пуужин түлшний нөөц хангалттай байгаа. Бидний үйл ажиллагаа улсын төсвөөр явдаг. Тиймээс улсын төсөвт суулгаад энэ жил 1200 ширхэг пуужин авахаар захиалгаа өгөөд байгаа. Бидний захиалгаар уг пуужинг БНХАУ-д захиалан хийлгэж байгаа. Х
увь хүн үүлэнд зориудаар нөлөөлөх пуужин захиалан авч хэрэглэх боломж, бололцоо байхгүй. Учир нь энэ үйл ажиллагаа хагас цэрэгжилтийн зохион байгуулалтаар явдаг” хэмээх тайлбарыг өглөө. Ус цаг уураас 21 аймгийн салбар хэлтсүүддээ үүлэнд зориудаар нөлөөлөх пуужинг хуваарилдаг байна. Дунджаар нэг аймагт 40 пуужин ногддог. Монгол орны 21 аймгийн нутагт зориудаар хур тунадас нэмэгдүүлэх 42 хөдөлгөөнт экспедиц, Алтай, Хангай, Хэнтийн нуруу, тэдгээрийн салбар уулсад суурин 40 генератор ажиллаж цаг агаарт нөлөөлж зориудаар хур тунадас нэмэгдүүлэх ажиллагааг явуулж байна. Гэхдээ салхи болон үүлнээс шалтгаалж үүлэнд зориудаар нөлөөлөх үйл ажиллагаа амжилтгүй болох тохиолдол байдаг.
Эх сурвалж: Өдрийн сонин