Мал сүрэг сая саяар нэмэгдэхийн хэрээр олон олон асуудал үүсгэж, шинэ шинэ бэрхшээлийг бий болгож байгааг анхаарах зайлшгүй шаардлагатай болжээ. Чанарт бус тоонд хэт улайрсан, нэгэнтэйгээ уралдсанаас болж өнөөдөр бэлчээрийн даац хэтрэл, малын халдварт өвчин, үржил шим муудах зэрэг хэдэн арван асуудал ар араасаа үүсч байна.
Сүүлийн жилүүдэд цөлжилт эрчимтэй явагдах болсон энэ үед тал нутгаа аварч үлдэх, үржил шимтэй газар нутгаа хамгаалах арга бол малын тоог бууруулах хэрэгтэй гэж НҮБ-ын шинжээчид үзэж байна. Учир нь тал нутагт бэлчдэг 66 орчим саяын дийлэнхийг бүрдүүлдэг ямаан сүрэг өвс ногоог үндэстэй нь иддэг тул малчид хангалттай өвс тэжээл бүрдүүлж чаддагүй, өвөл зуданд хэдэн сая мал хорогдох шалтгаан болдог аж.