Camellia sinensis навч, нахиа, ишийг олон янзын аргаар бэлтгэн боловсруулж халуун болон буцалсан усанд хийж хандлан уудаг анхилуун үнэр, аагтай ундааг цай хэмээн хүн төрөлхтөн нэрлэх болсон. Дэлхий өнцөг булан бүрт үндэстэн ястаны цайны соёл өөр өөрийн онцлогтой. Хятад, Япон зэрэг улсад цайны соёлыг урлаг болгон хөгжүүлж, алдаршуулсан байдаг бол зарим нь улс үндэстэн ястан дотроо үеийн үед уламжлагдсаар ирсэн байдаг.
Монголчуудын хувьд Буддын шашин дэлгэрснээр Түвдээс анх цай орж ирсэн гэдэг ч Чингис хааны Эзэнт гүрний ивээл хамгаалал дор Хятадаас \Монгол гүрний нийслэл Хархорин хотоор дамжих Монгол зам гэж байсан гэж үздэг\ Европ рүрч байсан торгоны замаар торго, бөс даавуу, шүр сувд, цаас, шаазан ваар эдлэлүүд тээвэрлэгдэж байсны дотор цайны ургамал голлож байсан нь Монголд цай анх орж ирэх эхлэл болсон гэж үзэх үндэслэлтэй.
Нутаг нутгийн заншил, ахуй соёлоосоо шалтгаалан цай нь олон төрөл. Бидний мэдэх бор цай, сүүтэй цай, банштай цай, тостон цай, хийцтэй цай, эмчилгээний цай, тусгай аргаар бэлтгэсэн цай зэрэг бий. Ингээд цай аягалах ёсон хийгээд соёлын тухай товч өгүүлье.
Цай чанах ёс
Цай чанах ёс нь гэрийн эзэгтэй өглөө ургах нарнаар сэрэхдээ үс гэзгээ самнан дээл, хувцасаа янзалж, нүүр гараа угаасныхаа дараа гал дээр тогоогоо тавихаас эхэлнэ. Ингэснээр гэр бүлийн гишүүдээ хүндэлж буй хэрэг аж. Өглөөд үс гэзгээ самнаж, гар нүүрээ угаалгүй цай чанахыг монголчууд цээрлэдэг.
Монгол гэрт тогоог гал дээр тавихдаа үүд рүү буюу урд зүг рүү хазгай тавихыг цээрлэдэг нь урд зүгийг муу зүг гэж үздэг монгол бөө мөргөлийн уламжлалаас үүдэлтэй. Тогоог хойд зүг рүү үл ялих хэлтгий тавина. Ямар цай чанахаас шалтгаалан дараалал нь харилцан адилгүй байх агаад хэрэв элдэв орц, хольцгүй ердийн сүүтэй цай чанах бол эхлээд усаа хийж буцалгана. Буцалж байгаа усандаа цайны идээгээ хийж идээштэл нь даргиаж буцалгана.
Цайны идээг хоёр янзаар бэлдэх бөгөөд нэг нь нүдэж жижиглэсэн цайны ургамлыг шууд хийх, нөгөөх нь самбай даавуугаар хийсан жижиг уутанд цайны ургамлаа хийж амыг нь уяж бэлдээд буцалж байгаа усандаа дүрж буцалгадаг. Сайтар идээшиж гүйцсэний дараа шанагаар хэд самраад сүүгээ нэмж хийж таглаад буцалмагц нь олонтаа самарч цай болон сүүгээ задалж аагшуулж өгдөг. Олон самарсан цай амттай болдог гэж хөгшид ярьдаг билээ. Цайгаа амталж үзэх бол шанагаар утгаж аваад хагасыг нь тогоондоо буцааж хийсний дараа шанаганд үлдсэнээсээ амсдаг ёстой нь дээжийг нь аваагүй гэсэн санаа юм. Цайгаа чанаж гүйцмэгц данханд уудлана, хэрэв сул задгай цайны ургамлаар чанасан бол нарийн шүүр тавьж уудлах бөгөөд данхнаас шууд аягалж болно, эсвэл халуун савандаа хийсний дараа аягалж эхэлнэ.
Цай аягалах ёсон
Цай аягалахдаа данхны цорго болон халуун савны амыг үүд рүү харуулахгүй, нар зөв эргүүлэгтэй аягалах бөгөөд эхлээд дээжийг нь авч өргөл өргөсний дараа бурхандаа тавьдаг. Өглөө чанасан эхний цайны дээжийг гадагш гарч тэнгэр хангайдаа өргөдөг уламжлалтай. Ийнхүү дээж өргөхдөө толгой нүцгэн байхыг цээрлэх ёс нь мөн монголын эртний бөөгийн уламжлалаас улбаатай ажээ. Ер нь эрт цагаас монголчууд толгой нүцгэн гадуур явахыг цээрлэдэг, хүний амин цэг зулайд байдаг бөгөөд зулайгаар дамжин гадны муу сүнс орж ирнэ гэж үздэг байсан, толгой нүцгэн гадуур явдаггүй энэ уламжлал бусад олон орны ёс заншилтай дүйж байдаг.
Цайны дээж өргөхдөө тэнгэр бурхан, хангай дэлхий, уул усандаа хандан өргөлөө барьж байгаагаа хэлж, амар амгалан тэгш сайхан байлгаж, харж хамгаалж хайрла хэмээн гуйдаг. Эхэлж дээд тэнгэртээ хандан баруун хойд зүгт өргөөд, дараа нь нутгийн уул хангайдаа өргөхдөө тэр зүгт нь өргөдөг. Цай болон сүү өргөх цацлын халбага хэмээх бариулд нь хадаг уясан модон халбага хэрэглэж иржээ.
Цайны дээжээ өргөсний дараа гэрийн эзэнд цайгаа эхэлж аягалж барьдаг. Дараа нь зочиддоо насны эрэмбээр аягалж барина. Үүний дараа гэрийн бусад гишүүдэд цайг аягална.
Цайгаар дайлах ёсон
Цайгаар дайлахдаа баруун гараар аягатай цайгаа барьж зүүн гараар баруун гарын тохойг дэмжин хүндэтгэлтэй барих эсвэл хоёр гараар аягатай цайг барих нарийн журамтайн дээр ханцуйгаа шумалсан бол буулгаж байж хүнд цай барих, аяганы амсар дээр хуруугаараа давуулахгүй барих, үс гэзгээ задгайлж цайн дээгүүр сэвэхийг цээрлэдэг, үс гэзгийг шүлжиж эсвэл тууз, алчуураар боодог уламжлалтай байжээ. Орж ирсэн хүнд асуулгүй хамгийн түрүүнд цай аягалж барьдаг ёс бол монгол түмний бахархам сайхан заншил билээ. Монгол зан заншлын зочломтгой сайхныг илтгэх энэ ёсонд үндэслэж гарсан болтой нэг мэргэн үг байдаг нь “Асуухаар асга” гэсэн хэллэг юм. Өөрөөр хэлбэл асуулгүй хийж өгөх нь хармын сэтгэл үгүй болохыг илэрхийлнэ гэсэн утга санаа агуулах ажээ.
Орчин цагийн олон хэлтэн бөөгнөсөн улс орныг бодвол цай уудаггүй монгол хүн гэж огт байхгүй тул та цай уух уу, өөр юм уух уу гэж асуух шалтгаан үгүй ажээ. Мөн цайгүй суугаа болон цайгаар дайлаагүй айлыг үл таашаан “Цай ч үгүй, царай ч үгүй” айл гэж ярьцгаадаг билээ. Барууны орнуудад бол уригдаж болон гэнэтийн тохиолдлоор орж ирсэн хүнээс ямар нэг юм уух уу гэж асуудаг нь тухайн хүний хүсэлд нийцүүлэхийг зорьж буй боловсон ёс гэх хэдий ч зочломтгой, нээлттэй зан заншлаас холдож хөндийрсөн нь мэдрэгдэнэ. Кофе болон жимсний шүүс мэт нь баруун чигийн улс орнуудын ундаа бөгөөд монгол ёс заншилд огт хамаарахгүйн дээр хэсэг зуур сонирхох төдий уудаг цөөнхийн ундаа болно. 70, 80-аад онд оросууд Монголд ихээр суурьшиж байх үед тэдний заншлыг дууриан самоварт ус буцалгаад дүрдэг байхуу хийж уудаг “мода” нэг хэсэгхэн сэхээтнүүдийн дунд гарч ирээд төд удалгүй оросуудтай хамт “гарч явсны” адил монгол цайнаас бусад ундаа монгол хүний нийтлэг унд болж үлдэхгүй бизээ.
Цайг ийнхүү дээдэлдэг эртний ёс заншлын нэг хэлбэр нь орчин цагт илэрч байгаагийн жишээ нь эмнэлэгт хэвтэж эмчлүүлж байгаа хүнийг эргэж очихдоо халуун савтай цай авч очдог уламжлал одоо хэр байгаа явдал юм. Энэ нь эмнэлэг цайгаар хангадаггүй юм уу, өвчтөн цангаж байдгийн учир бус сайхан сэтгэл өвөрлөж очиж байгаагаа цайгаараа илэрхийлж буй сэтгэл зүйн болон ёс заншлын бэлэгдэл болж байдаг.
Нүүдэлчин монгол ардын уламжлалд айл нүүж явааг харвал цай, идээ барьж очиж цайлдаг нь аян замын нь алжаалыг тайлахыг хүссэн зочломтгой зан, зорьсон нутагтаа тавтай хүрэхийг ерөөсөн чин сэтгэлийг илтгэнэ. Энэ зан уламжлал хот суурингийн суурьшмал амьдралд алдагдсан талтай ч нүүж ирж буй хөршийндөө цай идээ барьж орж сайхан сэтгэлээр угтан авах үзэгдэл цөөн ч атугай байсаар байгааг талархан дэмжиж хадгалан үлдээмээр.
Цайг хүндэтгэх ёсон
Цайгаар сар шинийн ёслолоо эхлүүлдэг нь эртнээс тогтсон заншил. Эртлэн босч цайгаа чанаад тэнгэр бурхандаа дээжээ өргөснөөр цагаан сарын ёслол эхэлдэг. Өрх гэрийн доторх өндөр настандаа эхэлж золгож ёслоод халуун бүлээрээ тойрон сууж цайгаа барьцгаан сар шинээ угтан сайхан үгс хэлэлцдэг эртний уламжлалтай билээ.
Цайгаар болон сүүгээр алсад мордож буй хүний алсын замыг мялаан араас нь өргөдөг ёстой. Цагаан цайлган, сайн үйлийн бэлэгдэл болдог сүү болон сүүтэй цайг ихэд хүндлэн дээдэлж уул хангайн эзэд, тэнгэр бурхнаа тахих, цайлах, өргөл өргөх, мөргөж залбирах ёслолуудад байнга хэрэглэдэг уламжлалтай.
Монгол ардын давтагдашгүй нэгэн өвөрмөц ёс заншил нь сүүг идээний дээж хэмээн эрхэмлэн дээдэлдэг ёс билээ. Цагаан сүү сайн сайхан бүхний бэлэгдэл болж байдгийн учир газар асгахгүй, алдаж эндээд асгавал гэмшиж ядам хуруугаараа асгасан сүүндээ хүрээд духандаа хүргэж наманчилдаг. Сүү болон сүүтэй цайг хаяж асгахыг цээрлэдэг. Сүү гашилж муудвал буцалгаж ариутгаад ээдмийг нь шүүж авч хэрэглэдэг. Монгол зан үйлийн бичигдээгүй хуулийн нэгээхэн нь сүүн дээр ус хийдэггүй ёсон билээ. Цагаан сүүн дээр хар ус хийхийг ихэд цээрлэдэг нь монгол бөөгийн цагаан үйлийг сүүгээр, хар үйлийг усаар гаргадаг ёсноос үүджээ. Тиймийн тулд хэрэв сүүг шингэлэх хэрэгтэй болоход усан дээрээ сүүгээ хийж шингэлэх нь ёсонд нийцнэ гэсэн үг ээ.
Цайны Ёслол
Монгол зан заншлын нэгэн онцлог нь Цайг дээдлэн төрөл бүрийн ёслолын ундаа болгон хэрэглэдэг явдал юм. Үүнд:
– Цайны дээж өргөх ёслол
– Бэр буулгах ёслол
– Хүүхдийн угаалга
– Бөө мөргөл дэхь цайны ёслол
Монгол цайны хэрэглээний онцлог
Монголчуудын цайлах ёс нь ази, европын бусад улсаас ялгаатай нь цайг халуун усанд хандалж уух бус цайны ургамлаа буцалж байгаа усандаа хийж буцалгаж идээшүүлээд дээр нь сүү болон бусад орцыг ёс журмын дагуу нэмж чанадаг. Бусад орны хүмүүс зөвхөн цай уух үедээ хандалж уухаар бага хэмжээгээр бэлддэг бол монголчууд 2 литр болон түүнээс илүүтэй бэлдэж халуунаар нь хадгалах уламжлалтай нь тэд цайг ойр ойрхон, олон удаа уудагтай нь холбоотой юм.
Эрт дээр үед модон домбонд хийж хучих буюу зэс домботой цайг бол халуун нурманд булж хадгалдаг байсан байна. Харин 1950-иад оноос эхлэн ваакумжуулсан шилэн доторлогоотой халуунаа барьдаг саванд хийж цайгаа хөргөлгүй хадгалах болсон байна. Монгол айл бүрт 2-3 литрийн “халуун сав”-тай цай байхыг төвөггүй олж харж болно.
Монгол хүүхдүүд бор хоолонд орохоосоо ч өмнө цай ууж өсдөг. Хүүхдэд голдуу хярам хийж өгдөг нь цайны ургамлын найрлага дахь зарим бодис нялх хүүхдэд таарамжгүй гэж үздэгтэй холбоотой. Хярам нь усан дээр сүү нэмж буцалгасан ундаа бөгөөд зуны халуун улиралд бол хүйтэн хярам болон шингэн хар цайг хөргөн том данханд хийж бэлдэж тавих бөгөөд хөгшид хүүхэдгүй ууж амны цангаагаа тайлдаг.
Монгол цайны төрөл
Монголчууд муухан хоолыг орлох шимтэй, шингэцтэй олон төрлийн цайг бэлдэж хийдэг болсон нь нүүдэлчин аж ахуйн онцлогтой холбоотой юм. Өглөөнөөс орой хүртэл малаа бэлчээрлүүлэн тууж, харж манаж явдаг нүүдэлч малчдын хувьд өглөөний цай нь хоол болохуйц өег тэжээлтэй байх нь чухал байсан байна.
Ялангуяа өвлийн хүйтэн улиралд тамир тэнхээ оруулахуйц калори ихтэй цай, хоол нь даарах, өлдөхөөс сэргийлж энерги эрч хүч өгдөг гол хүчин зүйл ажээ.