Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их хурлаар хэлэлцэж эхэлсэн. Уг хуулийн төслийн хамт өргөн мэдүүлсэн Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг өнгөрсөн долоо хоногт Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хороогоор хэлэлцэх үеэр гадаадын иргэнд биржээр газар худалдах санал тусгасан эсэх тухай яригдаж, багагүй маргаан дагуулсан. Уг асуудлаар Нийслэлийн Засаг даргын Ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнээс тодруулга авлаа.
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийн хамт УИХ-аар хэлэлцүүлж байгаа Газрын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөлд гадаадын иргэнд газар зарахыг зөвшөөрөхөөр санал оруулсан нь иргэдийн бухимдлыг нэлээн төрүүлэх шиг боллоо. Энэ талаар та тодруулна уу?
-Юуны өмнө ташаа мэдээлэл болохыг хэлье. Улс төрийн зорилгоор хуулийн төслийн агуулгыг мушгин гуйвуулж, ташаа мэдээлэл олон нийтэд тарааж байгаа тул залруулга хийх нь зүйтэй байх. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлд зааснаар зөвхөн Монгол Улсын иргэн газар өмчлөх эрхтэй бөгөөд гадаадын иргэн, харьяалалгүй хүн газар өмчлөхийг хориглодог. Үндсэн хуулиар хориглосон байхад газар өмчлөх эрхийг гадаадын иргэнд зарахыг зөвшөөрөх боломжгүй юм шүү дээ.
Ер нь газрын харилцаа нь хуулиар нарийвчлан зохицуулагддаг тул баримжаагаар ярьж болохгүй. Тийм учраас хууль зүйн хувьд товчхон тайлбарлах нь зөв гэж бодож байна. Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуульд газар өмчлөх, эзэмших, ашиглах эрх гэсэн 3 өөр хууль зүйн ойлголтыг хуульчилсан байгаа. Газар өмчлөх эрхийг зөвхөн Монгол Улсын иргэнд олгодог. Энэ эрхийн дагуу Монгол Улсын иргэн тухайн өмчилж буй газраа хуулиар тогтоосон хязгаарын хүрээнд эзэмшиж, ашиглаж, захиран зарцуулж, эдийн засгийн эргэлтэд оруулах боломжтой. Газар эзэмших эрхийн хувьд мөн ялгаагүй зөвхөн Монгол Улсын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагад олгодог. Газар эзэмших эрх олгохдоо эзэмших зориулалтыг нь орон сууц, үйлчилгээ гэх мэтээр тодорхой зааж өгдөг.
Харин газар ашиглах эрх нь гадаадын иргэн, харьяалалгүй хүн, гадаад улс, олон улсын байгууллагад хамааралтай хууль зүйн ойлголт. Жишээлбэл, гадаад улсын элчин сайдын яам, консулын газар, олон улсын байгууллагын төлөөлөгчийн газар, гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгж гэх мэт. Гадаадын иргэний хувьд газар ашиглах нь нэлээн хязгаарлагдмал. Ашиглах хугацаа, хэмжээ, зориулалтыг нь ч Газрын тухай хуульд яс заасан байдаг. Тухайлбал, ашиглах хугацаа нь 5 жил хүртэл байдаг. Газар ашиглах эрхтэй гадаадын иргэн тухайн ашиглаж буй газраа эдийн засгийн эргэлтэд оруулж, цааш нь худалдах, арилжаалах боломжгүй. Үүнийг Монгол Улсын Үндсэн хууль болон Газрын тухай хуулиар хатуу хориглодог.
-Тэгэхээр яагаад энэ асуудал гараад ирэв?
-Товчхондоо бол Газрын тухай хуульд заасан газар өмчлөх, эзэмших, ашиглах эрхийн зааг, ялгааг гаргахгүйгээр бүхэлд нь газраа гадаадыханд зарах гэж байна хэмээн муйхарлан мушгиж байгаа л хэрэг. Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулийг нарийн уншиж, судлахгүйгээр улс төржиж байна. Нөгөө талаас, энэ байдал нь даамжраад иргэдийн дунд төрдөө үл итгэх үзлийг түгээх явдал газар авч байгаа тул зарим нэг хариуцлагагүй улстөрчийн асуудлаа нягталж судлахгүйгээр, хөнгөмсгөөр хандаж хийсэн мэдэгдэл иргэдийг төөрөгдүүлж байна гэж шулуухан хэлье. Асуудлыг хальт сонсоод нягталж, шалгахгүйгээр хэвлэлд хандан мэдэгдэл хийдгийн гор нь энэ. Баталгаагүй, үндэслэлгүй мэдээллээр улс төр хийсэн хувь улстөрчийн нэр хүнд тэрхэн зуур өсөж байхад, нөгөө талд төрийн институцийн нэр хүнд унаж, төрийг сулруулах нь хэнд ашигтай юм бэ?
-Ж.Энхбаяр гишүүнээс бусад өнгөрсөн долоо хоногийн Байгаль орчин, хүнс, хөдөө аж ахуйн байнгын хорооны хуралдаанд сууж байсан гишүүд газраа гадаадыханд зарахыг дэмжсэн хэрэг үү?
-Тийм зүйл байхгүй шүү дээ. Энэ хуулийн төслийг Хууль зүй, дотоод хэргийн яам, холбогдох мэргэжлийн яам, Засгийн газрын Хэрэг эрхлэх газар зэрэг хуулийн төсөл боловсруулахад оролцдог, хянадаг бүх байгууллага зохих журмын дагуу хянасны үндсэн дээр Улсын Их хуралд өргөн мэдүүлсэн. Бид Монгол Улсын Үндсэн хуульд нийцэхгүй хуулийн төсөл боловсруулах хүмүүс биш ээ. Би жишээ нь Монголын төр, ард түмний өмнө тангараг өргөсөн төрийн албан хаагч хүн. Төрийнхөө төлөө эцэг, өвгөдөөсөө зүтгэсэн хүний үр удам. Монгол Улсын Үндсэн хууль, бусад хуульд нийцэхгүй, эх орон, ард түмний эсрэг ямар ч асуудал, хэний ч өмнө байсан бурууг нь хэлж, засч залруулахын төлөө явж ирсэн. Өмнө нь ч, одоо ч би ийм л зарчим баримталж ажилладаг. Энэ дашрамд хэлэхэд, эх оронч байна гэдгийг би эх орныхоо хөгжил, цэцэглэлтийн төлөө мэдлэг, чадвараа зориулахыг хэлж байна гэж ойлгодог. Түүнээс биш буруу ойлгосон асуудлаараа улс төр хийж, худал мэдээлэл тараан, хувийн нэр хүндээ өсгөхийг хэлэхгүй биз ээ.
-Та газар ашиглах эрх зүйн орчны талаар тодруулж тайлбарлаач?
-Гадаадын иргэнд газар ашиглуулахтай холбогдсон, өнөөдөр хүчин төгөлдөр үйлчилж байгаа хууль, эрх зүйн орчны талаар товч хэлье. Монгол Улсын Үндсэн хуулийн 6 дугаар зүйлийн 5 дахь хэсэгт “төрөөс гадаадын иргэн, хуулийн этгээд, харьяалалгүй хүнд газрыг төлбөр, хугацаатайгаар болон хуульд заасан бусад болзол, журмаар ашиглуулж болно” гэж заасан. Мөн 2002 онд батлагдсан Газрын тухай хуулийн 44 дүгээр зүйлд “Монгол Улсад байнга оршин сууж байгаа гадаадын иргэн, харьяалалгүй хүнд газрыг зөвхөн гэр бүлийн хамтын хэрэгцээний зориулалтаар 5 хүртэл жилээр ашиглуулах асуудлыг дуудлага худалдааны зарчмаар тухайн шатны Засаг дарга шийдвэрлэнэ” гэж заасан болно.
Хэмжээ, зориулалтыг нь хашааны зориулалтаар бол 0.05 га-гаас, хүнсний ногоо, жимс, жимсгэнэ тарих зориулалтаар бол 0.1 га-гаас тус тус илүүгүй байхаар Газрын тухай хуулийн 44.5-д хуульчилсан байдаг юм.
-Байнга оршин сууж байгаа гэдэг нь хэдий хугацаа вэ?
-Газрын тухай хуулийн 44.4-т заасны дагуу 183 хоногоос дээш хугацааг хэлж байгаа.
-Хүчин төгөлдөр үйлчилж байгаа эрх зүйн орчин ийм байдаг юм байна. Та бүхэн яаж өөрчлөх саналтай байгаа юм бэ?
-Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг Улсын Их хуралд өргөн мэдүүлж, хэлэлцүүлж эхэлсэн. Энэ хуулийн нэг шинэ концепц нь Нийслэлд газрын бирж байгуулж ажиллуулах санал юм. Ингэснээр газрын харилцаанд ил тод, нээлттэй байдал хангагдаж, ард иргэдийн цалин, тэтгэвэр олгох, зам, гүүр барих хөрөнгийн эх үүсвэр болсон улсын төсөвт орох орлого нэмэгдэнэ гэж бид үзэж байгаа. Нийслэлийн нутаг дэвсгэрт Монгол Улсын иргэнд үнэ төлбөргүй өмчлүүлэхээр зааснаас бусад газрын эзэмших, ашиглах эрхийг зөвхөн газрын биржээр дамжуулан арилжаалснаар хэн, ямар газрыг, хэдэн төгрөг худалдан авч байгаа нь бүгдэд ил болно. Та бүхэн мэднэ. Хэвлэх үйлдвэрийн хуучин барилгыг газартай нь дуудлага худалдаанд оруулснаар 20 гаруй тэрбум төгрөг нийслэлийн төсөвт орсон шүү дээ. Цаашид эрх мэдэлтэн, танил талтай нь газар авах биш, газрыг эдийн засгийн эргэлтэд шударгаар оруулах эрх зүйн орчныг бүрдүүлэх шаардлагатай байна.
-Тэгэхээр гадаадын иргэнд газар ашиглуулах хууль зүйн зохицуулалт өмнө нь Газрын тухай хуульд байсан юм байна гэж ойлголоо. Зөв үү?
-Тийм. 2002 онд батлагдсан Газрын тухай хуульд байгаа заалт. Бидний шинээр нэмэлт оруулах санал нь зөвхөн энэ газар эзэмших, ашиглах эрхийг ил тод, нээлттэй болгох асуудал юм. Өөр юу ч нэмээгүй. Гадаадын иргэнд газар өмчлөх, эзэмшихийг хориглосон Газрын тухай хуулийн зохицуулалт хадгалагдана. Өөрөөр хэлбэл, газар өмчлөх буюу худалдах, захиран зарцуулах эрх болон эзэмших эрхийг гадаадын иргэнд олгохыг хуулиар хориглосон нь хэвээрээ байх юм. Эцэст нь хэлэхэд, даргын цохолт, албан тушаалтны үзэмжээр газар олгож ирснийг бид шинэ хуулиар хална гэж үзэж байгаа.
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх үйл явц ямар байгаа вэ?
-Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийн хэрэгжих хугацааг Улсын Их хурлаас саяхан 2028 он хүртэл сунгасан. Нийслэлийн Засаг даргын зүгээс газраа өмчлөх иргэдийн идэвхийг сэргээх зорилгоор өнгөрсөн хугацаанд газар өмчлүүлэх аяныг зохион байгуулж ирсэн. Цаашид энэ аяныг үргэлжлүүлж, иргэддээ газрыг нь өмчлүүлэх ажлыг эрчимжүүлж ажиллана.
Эх сурвалж: Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтэс
2 comments
ЯАСАН ОЛОН ДАХИН ХУДЛАА ЯРЬДГИЙН ГАНЦ Л ХУДЛАА ЯРИАЧ
Дуудлага худалдаагаар авна гэдэг чинь өмч нь болно гэсэн үг шүү дээ.Эргүүм гуульч минь ээ.Тэр хүн өмчөө бидэнд ашиглуулахдаа төлбөр нэхэхнэ ойлгомжтой.Газар нутгаа зарна гэсэн хуулиа нэрлээд зарлачих.Одоо бид мадлуулахаа больсондоо