Улаанбаатар хотоос 80 км яваад хүрэх Хустайн нуруунд манай оронд 6000 орчим байдаг халиун бугын 1200 нь нутагладаг. Гэвч энэ газар байгалийн ховор, нандин бүхэнд шунасан хулгайн анчдын үүр, уурхай болоод удлаа. Өнгөрсөн онд энд 56 халиун буга хорогдсоноос хулгайн анчид 49-ийнх нь ясан эврийг авахын тулд хяджээ.
Энэ явдал өнөө жил ч үргэлжилж, ангийн хорио тогтоосон үеэр хулгайн анчид 13 халиун бугын чив, сав, цусан эвэр, сүүл зэргийг нь авсан байна. Гурав нь янзагалах дөхсөн хээлтэй согоо байсан гэхээр харамсмаар. Хууль бус анчид өвс ногоо тарчиг хаврын цагт халиун бугыг машин, мотоциклоор хөөж бахардуулж байгаад амийг нь таслалгүйгээр эврийг нь хөрөөдөж авдаг гэх.
Энэ мэт хүйтэн сэтгэлтэн, сувдаг шуналтнууд үеийн үед байсаар ирсэн. Гэхдээ сүүлийн үед бүр л газар авч, мафижсан бүтэц нь улам бэхэжсээр. хууль бусаар ан хийсэн хэрэг хуулийн байгууллагад 2016 онд 30 бүртгэгдсэн бол 2017 онд 50 болж нэмэгдсэн. Харин энэ оны зөвхөн эхний улиралд 52 хэрэг цагдаагийн байгууллагад бүртгэгдээд байна.
Энэ нь өнгөрсөн оны мөн үетэй харьцуулбал 66 дахин өссөн тоо. Оны эцэс гэхэд хууль бусаар агнасан гэмт хэрэг 1990-оноос хойш бараг түүхэн дээд амжилт тогтоох төлөвтэй байна. Ийнхүү хуулийн байгууллагад бүртгэгдсэн хууль бус ан сүүлийн нэг жилд эрс өссөн нь өнгөрсөн оны долдугаар сараас үйлчилж эхэлсэн Зөрчлийн тухай хуультай холбоотой. Уг хуулиар өмнө нь гэмт хэргийн шинжгүй гэж тооцдог байсан үйлдлүүд эрүүгийн хэрэгт хамаарч, бүртгэгдэх болсон.
Мөн бараг л хамаатан, садан бүрд нэг бий болсон гэхэд хилсдэхгүй бөө нартай холбоотойг албаны эх сурвалж хэллээ. Албан бус мэдээллээр манайд 2000 орчим бөө байна. Тэд шашны зан үйлдээ чонын соёо, баавгайн савар, хэрэмний арьс, бүргэдийн өд зэргийг ашигладаг. Бөө болохоор уг барьсан хүн бүр нэг чонын соёотой гэж үзвэл 2000 орчим чоно шашны зан үйлийн золиос болсон байх нь. Ийнхүү улаан номд орсон ховор амьтдын эд эрхтний эрэлт нэмэгдсэнээс гэмт хэргийн тоо ч өссөн байна.
Ховор ан, амьтад ихэнхдээ хангайн бүсэд нутагладаг учраас хулгайн анчдын шуналт сэтгэл, нүгэлт нүд ийшээ чиглэдэг. өнгөрсөн онд хэнтий, хөвсгөл, төв аймагт зөвшөөрөлгүйгээр баавгай агнасан гэмт хэргийг хуулийнхан илрүүлсэн. Харин энэ онд дахин хоёр баавгайг агнасан хэрэг мөрдөн шалгах шатандаа явж байна. Гэтэл манайд 500-хан ширхэг хүрэн баавгай бий. Ийнхүү жилд хэд, хэдээр нь хядсаар байвал хүрэн баавгай мөдхөн л мөхлийн ирмэгт тулахаар байна. Сүүлийн үед тоо толгой нь 6500 болж буурсан баданга хүдрийг агнах явдал ч олширчээ. Ийнхүү ховор ан, амьтдаа олон арваар нь хулгайн анчдын “идэш” болгосоор байгаа нь юуных вэ.
Ан, агнуур байгаль хамгаалагчдын ашигтай бизнес болсон БОАЖЯ болон цагдаагийн байгууллагын ажилтнууд хулгайн анчидтай тэмцэхэд хүчин мөхөсдөж буйн шалтгаан нь энэ гэмт хэрэг далд үйлдэгддэгтэй холбоотой. Хамгийн гол нь хууль бус ангийн сүлжээнд газар ус, ан амьтнаа сайн мэддэг байгаль хамгаалагч нь оролцдог явдал. Үнэндээ энгийн иргэн ганц тарвага агная гэвэл хэд алхаад л баригдана.
Гэтэл нийгмийн сүлжээнд ангийн олзныхоо дэргэд буу барин таахалзан зогсох анчдын зургийг бид бишгүй дээ л олон харсан. Дандаа олны танил, нэр хүндтэй хүмүүс байдаг нь үнэн. Монголд мөнгөтэй хүнд хууль үйлчилдэггүйн тод жишээ нь хууль бус ан гэхэд хилсдэхгүй. Ангийн хорхоотой нэгэн танил маань “Байгаль хамгаалагчдын оролцоогүйгээр бид нар зөвшөөрөлгүй ан хийж чадахгүй юм билээ” хэмээн өгүүлсэн. Үүнээс үзвэл хууль бус анчдын гарын туслах нь байгаль хамгаалагчид өөрсдөө байсаар иржээ. Үүнийг ЦЕГ-ын мөрдөн байцаах албаны ахлах мөрдөгч, цагдаагийн ахмад А.Манлай үгүйсгэсэнгүй.
Тэрбээр “манай алба гэхэд 14 хүнтэй, хүн хүч дутмаг. Байгаль хамгаалагч нартай хамтарч хэргийг илрүүлэх үүрэгтэй ч тэд орон нутагтаа амьдардаг учраас ойр тойрныхноо төдийлэн мэдээлдэггүй. Тэнд хэчнээн ан амьтныг хууль бусаар агнаж байгааг бид үнэнээр нь мэдэх аргагүй байдаг” гэв. Уг нь хууль бус ангийн мэдээллийг хуулийн байгууллагад ирүүлбэл урамшуулал олгодог тогтолцоо бий. Гэмт хэрэгтнийг тухайн амьтны эдийн засгийн үнэлгээг хоёр нугалах хэмжээний мөнгөөр торгодог. Харин үүний 15 хувийг нь мэдээлэгчид өгөхөөр хуульд тусгасан.
Гэвч бодит байдалд энэ нь хэрэгждэггүй. Урамшууллыг сумын Засаг даргын тамгын газарт нь явуулдаг ч яг эзэндээ хүрч чадсан эсэх нь тодорхойгүй, хянах механизм ч байдаггүй аж. Хэрэв урамшууллыг 30 хувь болгож нэмэгдүүлээд, мөнгө нь эзэндээ очиж буй эсэхийг хянаж чадвал үр дүнд хүрнэ гэсэн саналыг мэргэжилтнүүд гаргаж байна. БОАЖЯ-наас жил бүр зэрлэг амьтдыг агнах тоо, хэмжээг тогтоодог. Энэ онд угалз 60, тэх 75, халиун буга 32, бор гөрөөс 10, зэрлэг гахай 10, цагаан зээр 100, агнуурын шувуу 500 хүртэл толгойг агнуулахыг зөвшөөрсөн. Мөн тул загас 450 хүртэл толгойг барьж буцаан тавихаар, бусад загас 10 мянга хүртэл толгойг агнуулах шийдвэр гарсан.
Энэ дагуу аялал жуулчлалын компани болон орон нутгийн захиргаа ангийн хорхойтнуудад зөвшөөрөл олгож, мөнгийг нь улсад тушаадаг. Энэ эрхийг ихэнхдээ баян чинээлэг гаднынхан эдэлдэг. гэвч энэ нь мөн л хуулийн дагуу явагддаггүй нь нууц биш. Бүр нарийн зохион байгуулалттай бизнес болсоор удаж байна. Зөвшөөрөл авсан анчин гуравхан сум тавих эрхтэй. хэрэв гурав буудаад онож чадахгүй бол дахин буудах эрх байхгүй. Мөнгөө төлсөн ч олзтой буцаж чадаагүй бол жуулчид дахин буудахын тулд хэдэн ч төгрөгөөр сум худалдан авахад бэлэн байдаг аж.
Харин энэ үед нь хамт яваа хөтөч, байгаль хамгаалагчид нь сум зарж багагүй ашиг олдог юм байна. Үнэндээ, байгаль хамгаалагч болон хөтөч нь хоорондоо тохиролцсон тохиолдолд анчин хэдэн сум тавьж, хэдэн амьтан агнасныг хянах арга байхгүй. Ийм явдал хулгайн ангийн тохиолдолд ч бүртгэгддэггүй. Хуулийнхан зөвхөн тэдний үлдээсэн яс, үсний хэлтэрхийг л олдог байна. Цаашилбал, байгаль хамгаалагч нар өөрсдөө жуулчны бааз ажиллуулдаг гэж бодохоор энэ салбарын завхрал хэрээс хэтэрсэн гэлтэй. Гэтэл монгол орны ан амьтны тоо, толгойг 1970-1980 оныхтой харьцуулбал 50-70 хувиар буурсан гэх харамсалтай үзүүлэлт байна.
Өдгөө анчдын хамгийн дуртай бай болдог цоохор ирвэс 900- 1200, бөхөн 3000, хулан 10 мянга, янгир 11 мянга, зэрлэг гахай 35 мянган тоо толгой үлджээ. Дэлхийд ховордсон амьтдаа хамгаалж чадахгүй байгаагийн буруутан нь зөвхөн төр биш. Уг нь орон нутгийн иргэд байгаль хамгаалагч нь хэрхэн ажилладаг, хууль бус анд оролцдог эсэхийг гадарладаг баймаар. Гэвч иргэд толгой сэгсрэн шогширч суухаас хуулийнханд хэл хүргэдэггүй. Тиймээс л асар их мөнгө эргэлддэг, амьтны амиар нааддаг энэ бизнес улам цэцэглэсээр, бүр нарийн арга, далд хэлбэрт шилжсээр байна. Харин хуулийнхан хүч хүрэхгүй гэсэн улиг болсон гомдолтойгоо зууралдсан хэвээр.
Эх сурвалж: ‘ЗАСГИЙН ГАЗРЫН МЭДЭЭ’ сонин