Өдгөө 54 настай Холливүүдийн жүжигчин Жонни Деппийг хүндээр өвчилсөн байж магадгүй гэж шүтэн бишрэгчид нь харж байна. Дэлхийн хамгийн хүсэмжит эр байсан тэрбээр өнгөрсөн лхагва гарагт Москва хотноо болсон тоглолтынхоо дараа фэнүүдтэйгээ татуулсан зурган дээрээ турж эцэн, царай нь цонхийн гарчээ. Архи, согтууруулах ундаа, мансууруулах бодисны замбараагүй хэрэглээ түүнийг “царай алдахад” хүргэсэн байж болзошгүй аж. Шүтэн бишрэгчид нь түүнд хандаж “Жонни чи үнэхээр туржээ. Өөртөө анхаараач дээ хонгор минь”, “Хэтэрхий туранхай, бас сульдсан харагдаж байна. Өвдөөгүй биз дээ?”, “Энэ миний шүтээн Жонни Депп мөн гэж үү?” гэх зэрэг сэтгэгдэл үлдээж санаа зовниж буйгаа илэрхийлжээ.
Түүний тоглосон бүх кинонууд нийлээд 7,6 тэрбум долларын орлого олж байсан. Гэхдээ Жонни Депп анхандаа кино жүжигчин болох ямар ч төлөвлөгөөгүй байжээ. Харин тэр 20 настай байхдаа рок од болохыг мөрөөдөж, Лос-Анжелес хотод нүүж ирсэн байна. Хэдийгээр түүний мөрөөдөл биелээгүй ч, тэр жүжигчин Николас Кейжтэй танилцсанаар жинхэнэ супер од болох гараагаа эхэлжээ. Хамгийн анх Кейж л Жонни Деппд ямар нэг онцгой зүйл байгааг олж харсан бөгөөд улмаар өөрийн төлөөлөгчтэйгөө танилцуулсан байдаг.
Хувийн амьдралын хувьд Жонни Депп маш их шуугиан тарьж байсан харилцаануудаараа алдартай. Түүний болзож явсан бараг бүх бүсгүйчүүд алдартай байдаг. Энэ нь ч аргагүй биз. Вайнона Райдер, Кейт Мосс, Женнифер Грей зэрэг алдартай бүсгүйчүүдтэй Жонни Депп харилцаа тогтоох бүрт нь олон нийт маш их шуугиантайгаар хүлээж авдаг байлаа. Хамгийн сүүлд экс эхнэр Амбер Хёрддоо согтуудаа гар хүрсэн хэргээр шүүхэд дуудагдаж, улмаар гэрлэлтээ цуцлуулснаасаа хойш олны анхааралд өртөлгүй чимээгүй амьдарч байсан юм.