Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д. СУМЪЯАБАЗАРТАЙ цаг үеийн асуудлаар ярилцлаа.
-Оюутолгойн 34 хувь Монголынх. Гэтэл гуравдагч тал гарч ирээд манай хувиас хуваалцаад эхэлсэн гэх мэдээллийг Оюутолгойн лобби бүлгийнхнээс өгсөн. Энэ тухайд та тайлбар өгнө үү?
-Монголын талд 34 хувь хэвээрээ байгаа. “Интри гоулд” эхнээсээ Оюутолгойн бүлэг ордод хайгуул хийж байсан компани. Одоогоор энэ компани манай хувиас хуваалцаад эхэлсэн гэх мэдээлэл надад ирээгүй. Харин стратегийн орд газрын талбайтай холбоотой асуудлаар ажлын хэсгээс дүгнэлт гаргасан байх. Энэ тухайд шалгалт хийгээд асуудлыг илүү тодорхой болгох болов уу. Үүнтэй холбоотойгоор Тавантолгойн бүлэг ордыг геологийн тогтоцоор нь хэрхэн үнэлэх вэ гэдгийг тодорхой болгох талаар ярилцаж эхэлсэн. Учир нь, нэг ордод 4-5 аж ахуйн нэгж лиценз авчихсан, ордын үнэ цэнийг унагаадаг байдал түгээмэл боллоо. Цаашлаад Багануур, Эрдэнэт, Шивээ-Овоод ч ийм асуудал байдаг. Жишээлбэл, Нарийнсухайтад геологийн бүтцэд нь долоон компани тус тусдаа лиценз аваад үил ажиллагаа явуулж байна. Оюутолгойд гуравдагч этгээд гарч ирсэн гэж байгаа нь энэ өнцгөөс ярьсан болов уу гэж ойлгож байна. Түүнээс хувьцааны хэлбэрээр шууд хуваалцах тухай ойлголт байхгүй. Өөрөөр хэлбэл, байгалийн тогтоцод нь “Оюутолгой”, “Интри гоулд” хоёрын лицензийн ялгаа заагийг ярьсан байх.
-Өмнөх УИХ-аас ажлын хэсэг гараад Оюутолгойд шалгалт хийхдээ гурван тэрбум ам.долларын зөрчил илрүүлсэн гэж байсан. Гэтэл энэ зөрчлийг Дубайн гэрээний хүрээнд Монголын талын өр болгоод хувиргачихсан гэх мэдээлэл байна. Энэ талаар танд ямар мэдээлэл байна вэ?
-Далд уурхайн бүтээн байгуулалт, санхуужилтийн төлөвлөгөө буюу Дубайд очиж гарын үсэг зурсан хүмүүс өнөөдөр саатуулагдсан байна. Энэ тухайд хууль хяналтынхан шийдвэрээ эцэслэн гаргаад гэм буруутай эсэхийг нь нэг тийш болгосон үед энэ талаар ярих боломжтой болно гэж ойлгож байгаа. Харин Оюутолгойн гэрээний сайн, муугийн тухайд яривал төсөвт үзүүлэх жин, үр нөлөө маш их гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа болов уу. Энэ төслийг бид нэг өнцгөөс харж болохгүй. Харин яавал цаашдаа үр өгөөжийг нь нэмэгдүүлж, цаашид амжилттай хэрэгжүүлэх вэ гэдэгт л анхаарал хандуулах хэрэгтэй. Хэн нэгэнд буруу өгөх юмуу хэрэг тохох талаас нь асуудалд битгий хандаасай гэж орчим тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн.
-“Оюутолгой”-д тавьсан татварын актын асуудлыг хэрхэн шийдэж байна вэ. Хоёр тал 30 хоногийн дотор ойлголцох ёстой байгаа шүү дээ?
-Хоёр тал өөрсдийн гаргасан шийдвэрээ хамгаалсан байдалтай ч нэлээд хүч, хугацаа шаардсан яриа болж байна. Ер нь татвар, санхүүгийн асуудлаас болж улс орон төдийгүй аж ахуйн нэгжүүд ч хохирол амсдаг. Бид ч гэсэн Монголын талын буюу Засгийн газрынхаа байр суурийг л хамгаална. Оюутолгойн төсөл амжилттай хэрэгжиж байна гэдэг нэрийдлээр нүдэн балай, чихэн дүлий яваад байж болохгүй. Ажлын хэсгүүд хуралдаад хувилбараа гаргаад явж байна. УИХ-аас ч ажлын хэсэг гаргасан. Энэ сарын сүүл гэхэд энэ асуудал цэгцэндээ орох болов уу гэж найдаж байна.
-Тавантолгойн 30 хувьд IРО хийнэ гэсэн ерөнхий мэдээлэл гарсан. Энэ тухайд та тодорхой тайлбар өгнө үү. Нийт 4.7 тэрбум ам.доллар гэдэг тоо яваад байгаа шүү дээ?
-Энэ бол яг таг дүн мэдээ биш. Намын бүлгийн хуралдааны үеэр зарим хүн барагцаагаар хүсч байна. Мэдээж стратегийн орд газрыг эргэлтэд оруулахад хүндхэн шийдвэр гаргаж байсан. Далд уурхайтай холбоотой асуудлыг шүүх эцэслэн тогтоох байх. Одоогоор Оюутолгой төсөл хэвийн үргэлжилж байгааг хэлье. Засгийн газрын зугээс Зардалтай холбоотойгоор нэлээд шахалт үзүүлж ажиллаж байгааг хэлэх нь зүйтэй. Ялангуяа хүүгийн зардлыг бууруулах, зардлын хэтрэлтийг хянаж, Монголын талд өгөөжтэй байх хувилбарыг гэрээнд оруулах ёстой. Энэ тухайд Оюутолгойн удирдлагуудтай уулзаж, байр сууриа илэрхийлсэн. Энэ шаардлагыг биелүүлнэ гэж харж байна.
-Оюутолгойн зүгээс гүний уурхайн бүтээн байгуулалтад долоон тэрбум төгрөгийн зардал гаргасан гэдгээ хэлсэн гэсэн. Тэгвэл энэ нь өмнөх хөрөнгөөс тусдаа гэсэн үг үү, нийтдээ гүний уурхайд 14 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийчихсэн гэж ойлгож болох уу?
-Тийм биш. Нийт оруулсан хөрөнгө нь тодорхой байдаг шүү дээ. Эхний ээлжид 4.4 тэрбум ам.доллар. Энэ тухайд хэтрүүлэгтэй ярьж байгаа тал байгаа байх. Одоогоор долоо ярьсан мэдээлэл юм шүү. Түүнээс Засгийн газар ийм хэмжээний хөрөнгө босгох гэж байна гэж ойлгож болохгүй. Албан ёсоор энэ талаар дүн, тоо яриагүй гэдгийг хэлье. Жишээлбэл, Тавантолгойн хувьцааны үнэ 933-аараа л явж байгаа шүү дээ. Мэдээж Тавантолгойн бүлэг ордын хүчин чадлыг нэмэгдүүлээд оруулж ирэхэд 20 хувийг нь гадаад дотоодын хөрөнгийн биржээр, 10-ийг нь аж ахуйн нэгжид, 20 хувийг нь иргэдэд гэх мэтээр хуваарь гаргасан байдаг. Тэгэхээр хувьцаатай холбоотой бүртгэлийг “Эрдэнэс Тавантолгой” компанид үе шаттайгаар хийгээд баталгаажуулж, бүртгэлжүүлсэн. 1.9 их наяд төгрөгийн хөрөнгийг баталгаажуулж бүртгэжээ. “Эрдэнэс Тавантолгой”-г эдийн засгийн эргэлтэд оруулснаар иргэд 1072 хувьцаанаас үр өгөөж хүртэх нь гарцаагүй. Тиймээс бид цаг хугацааны хувьд нэлээд яаравчилж байна. Гадаад дотоод талдаа түүхий эдийн үнэ ханшийн өсөлтөөс гадна ард иргэдийн хүлээлт их байгаа. Улс төрийн зүгээс ч олон улсын стандартад нийцсэн дүрэм журмаар 30 хүртэлх хувьд нь IРО хийгээд хөрөнгө босгоод явах нь зүйтэй гэж харж байгаа. Нарийвчилбал, Тавантолгойг тойрсон дэд бүтцийн асуудал байна. Үүнд авто болон төмөр зам, цахилгаан станцын асуудал бий. Харин яг уурхайд ТЭЗҮ-г нь шинэчлэх ёстой, баяжуулах үйлдвэрийнхээ хүчин чадлыг нэмэгдүүлэх хэрэгтэй байгаа.
-Эхлээд ордын үнэлгээг тодорхой болгох шаардлагатай гээд байгаа шүү дээ?
-IРО хийх явцад ордын үнэлгээг хийгээд л явна. Үнэлгээ хүлээж цаг хугацаа алдах шаардлагагүй гэж харж байгаа, би хувьдаа. Өмнөнь хийсэн ТЭЗҮ-ээр ордын үнэлгээг 7.4 тэрбум тонн нүүрсний нөөцтэй, түүний 5.1 тэрбум орчим нь коксжих нүүрс, 2.3 тэрбум нь эрчим хүчний нүүрс гэх тооцоо гарсан байгаа л даа. Зүүн, баруун Цанхи дээр ч гэсэн ТЭЗҮ хийсэн, түүгээрээ үйл ажиллагаагаа явуулж байгаа шүү дээ.
-Засгийн газраас хөрөнгө оруулалтын төсөл боловсруулахаар болсон. Хэзээ УИХ-д өргөн барих вэ?
-Засгийн газрын тэмдэглэл гарсан. УИХ болон ҮАБЗ-д тогтоолын төслөө танилцуулах үүрэг өгсөн. Үүний дагуу ҮАБЗ-өөр эхэлж орох ёстой. Дараа нь УИХ-д төслөө танилцуулах учиртай. Төсөл дагасан дэд бүтэц буюу төмөр зам, авто зам, цахилгаан станцын ТЭЗҮ бэлэн болсон. БОАЖ-ын сайдын мэдэлд усан хангамжийн төсөл бий. Ер нь устай холбоотой ТЭЗҮ-г “Хөх морь” гэж нэрлэсэн байна лээ, төсөл бэлэн болсон байх. Манай яамнаас уурхайн болон баяжуулах үйлдвэрийн болон уулын ажлын нэгдсэн ТЭЗҮ-г оруулна. Энэ мэтээр ажлаа хуваарилж авсан, УИХ-д оруулахад бэлдэж байна.
-Хаврын чуулган завсарлахаас өмнө амжих болов уу?
-Амжилгүй яахав, амжуулна.
-Монгол Улс ШХАБ-д элсэх эсэх талаар ид ярьж байна. Танай намын бүлэг энэ тухайд хаалттай хуралдсан, ямар шийдвэр гаргасан бэ. Таны хувийн байр суурь ямар байгаа вэ?
-ШХАБ-д Монгол Улс ажиглагчийн статустайгаар 13-14 жил явчихлаа. Бид ажиглаад л, бусад улс орон элсээд хөгжөөд л байдаг. Хамтарч нэгдээд бүс нутгийн хэмжээнд үйл ажиллагаа явуулж байна. Засгийн газраас энэ байгууллагад элсч орох нь зүйтэй гэдэг байр суурьтай байгаа. Удахгүй УИХ-д энэ асуудлыг оруулах байх.
М.Өнөржаргал
“Эх сурвалж: Монголын үнэн” сонин