Дэлхий дахинаа сүүний өдрийг 18 дахь жилдээ энэ оны зургадугаар сарын 01-ний өдөр тэмдэглэн өнгөрүүлэх гэж байна. Монголын сүүний нэгдсэн холбооны санаачлагаар уг өдрийг Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн яам, Нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газар, НҮБ-н хүнс, хөдөө аж ахуйн байгууллага, “Глобал коммунитс” олон улсын байгууллага хамтран гуравдахь жилдээ зохион байгуулж байна.
Дэлхийн сүүний өдөр нь манай орны эх үрсийн баярын өдөр тохиодог тул бид уг өдрийг “ЭХ ОРНЫ СҮҮ-ЭРҮҮЛ ХҮНС” гэсэн уриан дор хүүхэд – сүү – эрүүл мэнд гэсэн агуулгатайгаар тэмдэглэдэг. Дэлхийн сүүний өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх ажлын хүрээнд бид ерөнхий боловсролын сургуулийн хүүхдүүдийг сүүний үйлдвэрийн үйл ажиллагаатай танилцах аяныг зохион байгуулан “АПУ” ХХК-ны сүүний үйлдвэр, “ТЭСО” ХХК-ны “Милко” сүүний үйлдвэрийг үзүүлж, ”Та сүүгээ уусан уу” сүүний салбарын мэдээллийн индэр-уулзалтыг зохион байгуулсан.
Мөн 6 дугаар сарын 1-ний өдөр 10 мянган хүүхдэд сүү бэлэглэх, Монгол улсад Азийн сүүний холбооны хурлыг зохион байгуулах, фермийн үйл ажиллагааг танилцуулах, сүү эрүүл мэндэд ямар ач холбогдолтой талаар сурталчлах зэрэг ажлуудыг зохион байгуулахаар төлөвлөн ажиллаж байна. Сүүний өдрүүдийг тэмдэглэх зорилго нь үнээний цэвэр сүүгээр үйлдвэрлэсэн сүү, сүүн бүтээгдэхүүнийг хүүхэд багачуудад өдөр тутам хэрэглэдэг амьдралын зөв дадлыг хэвшүүлэх, улмаар хүүхдүүд эрүүл чийрэг өсөн бойжиход зайлшгүй шаардлагатай зөв хооллолтын асуудлыг дэвшүүлж байгаад оршино.
Хүн амын дунд сүү, сүүн бүтээгдэхүүний хэрэглээг бага наснаас нь хэвшүүлж, эрүүл мэндээ хамгаалан бэхжүүлж байх зорилтын хүрээнд, бид сүүний өдрөөр бодлого боловсруулагчид, шийдвэр гаргагч нарт хандаж эн тэргүүнд “Үдийн цай” хөтөлбөрт “амьд” сүү, сүүн бүтээгдэхүүн оруулах асуудлыг шийдвэрлэхийг уриалж байна. Хүүхдэд чанартай сүү, сүүн бүтээгдэхүүн нийлүүлэхийн тулд чанартай түүхий эд шаардлагатай учир энэ ажил фермийн хөгжлөөс эхлэх ёстой билээ. Сүүний өдрүүд тэмдэглэх явцад сүүний эрчимжсэн аж ахуйн хөгжлийн талаар өргөн хэлэлцэхээр төлөвлөж байна гэж нийслэлийн Хүнс, хөдөө аж ахуйн газраас мэдээллээ.