УИХ-ын Хууль зүйн байнгын хорооны өнөөдрийн хуралдаанаар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлтэй хамт өргөн мэдүүлсэн Зөрчлийн тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийхээр товлосон ч түр хойшлуулав.
Уг хуулийн төсөлд Нийслэлийн нутаг дэвсгэрт автотээврийн үйлчилгээ эрхлэгчид тавих шаардлагыг зөрчсөн бол хуулийн этгээдийг таван зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, Ерөнхий төлөвлөгөөнд зааснаас бусад газар суурьшсан бол хүнийг хоёр зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, албадан нүүлгэх, ногоон байгууламжийг сүйтгэсэн устгасан мод, бут, сөөгийг ширхэгийг 5 дахин өсгөсөн хэмжээгээр нөхөн сэргээлгүүлж, нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгохоор заасан байна.
Мөн өвлийн улиралд хуулийн этгээд өөрийн эзэмшиж байгаа эдэлбэр газар, барилга, байгууламжаасаа 50 метр хүртэлх зайнд байгаа гудамж, талбайн цас, мөсийг цэвэрлэх, зөрчсөн тохиолдолд нэг мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох зэрэг заалтыг тусгажээ. Хуулийн төслийн хэлэлцүүлгийн явцад УИХ-ын гишүүдээс хэд хэдэн зарчмын зөрүүтэй санал гаргасан байна. Үүнтэй холбоотойгоор хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулах шаардлагатай байгааг Байнгын хорооны дарга Ш.Раднаасэд хэллээ.
Тэрбээр, “УИХ-ын дэгийн тухай хуульд “Анхны хэлэлцүүлгээр санал хурааж шийдвэрлэсэн зарчмын зөрүүтэй санал нь бусад хуультай зөрчилдсөн тохиолдолд тухайн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хамтад нь боловсруулах ёстой” гэсэн заалт бий. Тиймээс Нийслэлийн эрхзүйн байдлын тухай хуулийг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцсэний дараа Зөрчлийн тухай хуулийн нэмэлт, өөрчлөлт болон бусад асуудлыг хэлэлцэх ёстой” хэмээн тайлбарласан юм. Уг саналыг гишүүдийн олонх дэмжсэн тул хуулийн төслийн хэлэлцүүлгийг түр хойшлуулав.
Эх сурвалж: Өдрийн сонин
1 comment
Зөрчлийн тухай хууль нь амьдралтай нийцэхгүй байгаа шүүдээ өөрчлөлт хийх нь зөв