Завхан аймгийн Идэр сумын ЗДТГ-ын нягтлангаар ажиллаж байсан эмэгтэй өөрийгөө шатаасан харамсалтай хэрэг энэ сарын 28-нд гарлаа. Талийгч эмэгтэйг энэ сарын 14-нд ажлаас нь чөлөөлсөн байна. Энэ шийдвэрийг хууль бус гэж үзсэн эмэгтэй энэ тухайгаа хүмүүст хэлж, өөр дээрээ бензин цацаж, гал тавьсан хэмээж буй. Тус сумын Төрийн сангийн мэргэжилтнээр 28 жил ажилласан талийгаач эмэгтэй нөхөр, хоёр хүүхдийн хүн амьдардаг. Нэг хүүхэд нь тусдаа гарсан, нөгөө нь оюутан гэнэ. Талийгч эмэгтэй 14 сая төгрөгийн цалингийн зээлтэй. Гэнэт ажлаас халагдсан нь сэтгэл санааны дарамтад орсоныг ар гэрийнхэн нь хэлж байна. Ажлаасаа халагдсанаас хойш сэтгэл санааны дарамтанд орж явсаар хэрэг гардаг шөнө хэрэг гардаг шөнө нөхөртөө “Бие засаад ирье” гэж хэлээд гарчээ. Гэтэл удалгүй гэрийнхээ хаяанд өөр рүүгээ бензин асгаж өөрийгөө шатаасан аж. Тэгвэл талийгчийн оронд томилогдсон Н.Нямжав нь Идэр сумын одоогийн Засаг даргын орлогчийн эхнэр аж.
Нутгийн иргэдийн ярьж буйгаар талийгчийг МАН-ын хүн гэж гадуурхаж байсан төдийгүй Тамгын газрын дарга, Засаг даргын орлогч, санхүүгийн албаны дарга, жолооч зэрэг олон хүнийг халсан гэж мэдээлэв. Энэ асуудлаар Идэр сумын иргэд өчигдөр (2017.03.29) Засаг даргын Тамгын газрын байрны өмнө эсэргүүцлийн жагсаал хийжээ. Тэд “Засаг даргын Тамгын газарт ажлын байрны дарамт шахалт хэрээс хэтэрлээ. Намчирхал дээд цэгтээ хүрлээ”, Хуулиа мэдэхгүй тэнэгүүд огцор”, “Нэг нь нийтийн төлөө, нийт нэгнийхээ төлөө” гэх мэт уриатай лоозон барин жагссан байна.